Улс төр
Монгол улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганаар бүрэн эрхийн хугацаа нь дууссан дарга нарыг чөлөөлж томилох асуудлыг хэлэлцэх саналаа хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх асуудлаарх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай” албан бичиг хүргүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх зарим асуудлаарх саналаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр хүргүүллээ.
САНАЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:
“Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу миний бие 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай санал хүргүүлсэнтэй холбогдуулан дараах асуудлыг хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлж байна.
Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно”, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж заасан.
Хуулийн эдгээр зохицуулалт Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 6 жил байна, томилогдсон дарга, дэд дарга нь энэ хугацааг дуусахаас өмнө чөлөөлөгдсөн тохиолдолд нөхөн томилгоо хийнэ, нөхөн томилогдсон дарга, дэд даргын бүрэн эрх нь томилогдсон өдрөөсөө эхлэн тухайн албан тушаалын бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацааг дуустал үргэлжилнэ гэдгийг маш тодорхой илэрхийлдэг.
Монгол Улсын Их Хурал 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 52 дугаар тогтоол гаргаж Авлигатай тэмцэх газрын даргаар Наваансүрэнгийн Ганболдыг, дэд даргаар Батын Хурцыг тус тус томилсон бөгөөд энэ томилгоогоор Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлэхээр хуулийн дагуу тогтсон байдаг.
Гэтэл Н.Ганболд, Б.Хурц нар нь албан тушаалынхаа бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасны дагуу хүсэлт гаргаж, Н.Ганболд нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор, Б.Хурц нь Монгол Улсын Их Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 73 дугаар тогтоолоор тус тус албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.
Үүний хүрээнд Улсын Их Хурал нөхөн томилгоо хийж 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 30 дугаар тогтоол гаргаж Цээсүрэнгийн Нямдоржийг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 07 дугаар тогтоол гаргаж Хүрэлсүхийн Энхжаргалыг Авлигатай тэмцэх газрын даргаар тус тус томилсон.
Нөхөн томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон юм.
Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа ийнхүү дуусгавар болсонтой холбогдуулан миний бие 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тус байгууллагын дарга, дэд даргыг томилох саналаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хуралд хүргүүлсэн боловч Улсын Их Хурлын дарга 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/5736 дугаар албан бичгээр “уг саналтай Хууль зүйн байнгын хороо танилцаад хуульд нийцэхгүй байна” гэсэн тухай хууль зүйн үндэслэлгүй хариу ирүүлээд байна.
Тухайлбал энэ нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Зургадугаар бүлгээр зохицуулагдсан Албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журамд нийцэхгүй, тус хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийн “Хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэсэн заалтыг зөрчсөн үйл ажиллагаа юм.
Иймд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 8, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10-т заасны дагуу миний бие 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн боловч Улсын Их Хурлын чуулган завсарласны улмаас шийдвэрлэгдэхгүй хүлээгдэж байгаа болно.
Иймд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг зөвшилцөх асуудлыг оруулах шаардлагатай байна.
Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Улсын ерөнхий прокурорын орлогчийг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн томилно гэж заасан бөгөөд Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор Ганбатын Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болоод байна.
Иймд Улсын ерөнхий прокурорын орлогч прокурорыг зөвшилцөх асуудлыг зохих журмын дагуу өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх хүсэлтэй байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт Ерөнхийлөгч … ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ гэж заасан тул зохих журмын дагуу шийдвэрлэнэ үү” гэжээ.

Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

-
Энтертайнмент14 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг18 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм17 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм15 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм15 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм18 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм15 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа