Дэлхий дахинд
АНУ, ОХУ зэвсгийн экспортоор дэлхийд тэргүүлсэн хэвээр байна
СТОКГОЛЬМ. /TASS/. Стокгольмын олон улсын энх тайван судлалын хүрээлэн /SIPRI/ дэлхийн зэвсгийн зах зээлийн байдлын талаарх жил тутмын тайлангаа нийтэлжээ. Тайлангаас үзвэл, 2014-2018 онд АНУ болон ОХУ зэвсгийн экспортоор дэлхийд тэргүүлэгчийн байр сууриа хадгалан үлдсэн байна.
2014-2018 онд дэлхийн зэвсгийн худалдааны нийт хэмжээ өмнөх дөрвөн жилийнхтэй харьцуулахад 7.8 хувиар өсчээ. Өнгөрсөн дөрвөн жилд дэлхийн улс орнуудад экспортолсон нийт зэвсгийн 75 хувийг АНУ, ОХУ, Хятад, Франц болон Герман улс нийлүүлсэн байна. Харин АНУ болон ОХУ-ын экспорт дэлхийн зэвсгийн нийт худалдааны 57 хувийг бүрдүүлжээ.
АНУ-ын зэвсгийн экспортын хэмжээ 2014-2018 онд 29 хувиар өссөн бол дэлхийн зэвсгийн худалдаанд 36 хувийг эзэлсэн байна. Америкийн зэвсгийг 98 улс худалдан авч, экспортын 52 хувийг Ойрхи Дорнодын орнууд эзэлжээ. Тус улс ихэвчлэн байлдааны нисэх онгоц, далавчит болон ойрын зайн тусгалтай баллистик пуужингууд зэрэг өндөр технологийн зэвсгүүд худалдсан байна. Мөн алсаас удирддаг бөмбөгийг их хэмжээгээр нийлүүлжээ.
ОХУ-ын хувьд 2009-2013 онд дэлхийн зэвсгийн зах зээлийн 27 хувийг эзэлж байсан бол 2014-2018 онд энэ үзүүлэлт 21 хувьтай гарсан байна. Энэ нь Энэтхэг болон Венесуэл улсад нийлүүлдэг зэвсгийн хэмжээ буурсантай холбоотой аж. Оросын зэвсгийг дэлхийн 48 орон худалдан авсны 55 хувийг Энэтхэг, Хятад болон Алжирт экспортолжээ Бүс нутгийн түвшинд экспортын 60 хувийг Ази, Номхон далай, 17 хувийг Африк, 16 хувийг Ойрхи Дорнод, 5.8 хувийг Европ, 1.4 хувийг Өмнөд болон Хойд Америкийн орнууд эзэлсэн байна.
Франц болон Герман улсын зэвсгийн экспорт дурдсан хугацаанд 43 болон 13 хувиар нэмэгджээ. Харин Европын Холбооны орнуудын зэвсгийн экспортын нийт хэмжээ 27 хувиар өссөн байна. БНХАУ-ын хувьд 2009-2013 онд зэвсгийн экспортын хэмжээгээ 195 хувиар нэмэгдүүлж байсан бол дараагийн дөрвөн жилд ердөө 2.7 хувиар өсчээ.
Харин жижиг экспортлогчид болох Израиль, БНСУ болон Турк улсын экспортын хэмжээ 60, 94 болон 170 хувиар өссөн байна.
Гол импортлогч орнууд
Зэвсгийн импортоор эхний байранд Саудын Араб орсон байна. 2014-2018 онд тус улсын зэвсгийн худалдан авалтын хэмжээ өмнөх дөрвөн жилийнхтэй харьцуулахад 192 хувиар өсчээ. Гурав дахь том импортлогч болох Египет улсынх 206 хувиар, харин Израиль улсынх 354 хувиар, Катар 225 хувиар, Ирак улсынх 139 хувиар тус тус өссөн бол Сири улсын зэвсгийн импортын хэмжээ 87 хувиар буурчээ.
Ази, Номхон далайн орнуудын зэвсгийн импорт 2014-2018 онд дэлхийн зэвсгийн нийт нийлүүлэлтийн 40 хувийг эзэлсэн байна. Гэвч энэ нь өмнөх дөрвөн жилийнхээс 6.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ бүс нутагт зэвсгийн импортоор эхний тавд Энэтхэг, Австрали, Хятад, Өмнөд Солонгос болон Вьетнам улс оржээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.