Дэлхий дахинд
Дональд Трампыг огцруулахын эсрэг байгаагаа Ардчилсан намын лидер илэрхийлжээ
АНУ-ын конгрессийн доод танхимын спикер, Ардчилсан намын лидер хатагтай Нэнси Пелоси ерөнхийлөгч Дональд Трампыг огцруулахын эсрэг байгаагаа өчигдөр мэдэгджээ.
Тэрээр өчигдөр хэвлэгдсэн Вашингтон Пост сонины ярилцлагадаа “Би Трампыг огцруулахын (импичмент) эсрэг байна. Хэдийгээр олон хүн үүнийг дэмжиж байгаа ч бид энэ замаар явбал улс орныг хагаралдуулахаас илүү үр дүнд хүрэхгүй гэж би үзэж байна” хэмээн ярьсан байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ардчилсан намынхан конгрессийн төлөөлөгчдийн танхимд олонх болсны дараа Трампыг огцруулах асуудал идэвхтэй яригдаж эхэлсэн юм.
Үндсэн хуулийн дагуу АНУ-ын ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлыг хамгийн түрүүнд төлөөлөгчдийн танхимд хэлэлцэх ёстой. Хэрвээ дэмжигдвэл сенатын танхим ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хэлэлцэх юм.
АНУ-ын түүхэнд ерөнхийлөгчийг огцруулсан тохиолдол огт байгаагүй.
Одоогоор төлөөлөгчдийн танхимын хэд хэдэн байнгын хороо Дональд Трамптай холбоотой асуудлуудыг шалгаж байгаа. Үүнд Ардчилсан намаас гадна Трампын өөрийнх нь Бүгд Найрамдахчууд ч нэгдээд байгаа юм.
Үүнээс гадна АНУ-ын ерөнхий прокурорын томилсон тусгай төлөөлөгч Роберт Мюллер ерөнхийлөгч Дональд Трамп Оросын эрх баригчидтай ямар хэлхээ холбоотойг шалгаж байна.
Тэрээр энэ шалгалтынхаа хүрээнд Оросын тагнуулын албаны офицерууд, Трампын хувийн өмгөөлөгч асан Майкл Коэн зэрэг хэдэн арван хүнийг яллаад байгаа юм.
Конгрессийн гишүүд төдийгүй нийт Америкчууд Мюллерын шалгалтын тайланг анхааралтай хүлээж байна. Мөрдөн шалгах ажил дууссаны тэр тайлангаа эхлээд АНУ-ын ерөнхий прокурор Род Розенштайнд танилцуулах ёстой. Үүний дараа ерөнхий прокурор тайланг олон нийтэд ил болгох, эсвэл конгресст танилцуулахыг шийдэх юм.
Эх сурвалж: The Washington Post
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.