Дэлхий дахинд
Цөмийн зэвсгээс ангижрах үүргээ биелүүлэхэд бэлэн байна
ПЁНЬЯН. /TASS/. БНАСАУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүргээ чанд даган мөрдөж, АНУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байна. Энэ тухай Умард Солонгосын “Уриминжоккири” мэдээллийн цахим хуудсанд гарсан “Цөмийн зэвсгээс бүрэн ангижрах зам бол манай улсын гуйвшгүй байр суурь юм” гэдэг гарчигтай нийтлэлд дурджээ.
“Манай улсын хатуу байр суурийн гол зорилго бол шинэ зууны шаардлагад нийцүүлэн хоёр улсын хооронд /БНАСАУ, АНУ/ шинэ харилцаа тогтоох, Солонгосын хойгт бат бөх бөгөөд тогтвортой энх тайвныг тогтоох, цөмийн зэвсгээс бүрэн ангижрахад чиглэгдсэн” гэж уг нийтлэлийг бичигч цохон тэмдэглэсэн байна.
Нийтлэлд мөн хоёрдугаар сарын эцсээр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Ханой хотод уулзах үеэрээ хэлэлцсэн асуудлын шийдлийг олохын тулд “үр өгөөжтэй яриа хэлэлцээгээ” үргэлжлүүлэхээр тохиролцсон гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Хоёр орны удирдагчид Вьетнамд уулзсанаас хойш БНАСАУ цөмийн зэвсгээс ангижрах үүргээ биелүүлэх хэвээр гэдэг гол санааг энэхүү нийтлэлд шингээж, хэвлэлд дурдсан анхны тохиолдол энэ болохыг олон улсын ажиглагчид онцолж байна.
Хоёрдугаар сарын 27-28-нд Ханой хотод болсон АНУ-БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалтаар талууд тохиролцоонд хүрч чадаагүй юм. Хоёр орны удирдагчид хэд хэдэн удаа нүүр тулан уулзсан боловч хамтарсан баримт бичигт гарын үсэг зуралгүй, яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон билээ.