Нийгэм
Б.Чоймаа: Фэйсбүүкт их цаг зарцуулж, донтох нь дараах хоёр шалтгаантай

“Монгол Билэг” сэтгэл судлалын сэтгэл судлаач Б.Чоймаатай фэйсбүүк хэрэглээ, түүнийг хэрхэн зохицуулах талаар ярилцлаа.
-“Фэйсбүүк”-ээс гаргасан судалгаагаар фэйсбүүк хэрэглээгээрээ Монголчууд Ази тивд тэргүүлсэн гэсэн сонирхолтой судалгаа гарсан. Хэрэглээний сонголт гэдэг нэг талаараа сэтгэл зүйтэй их холбоотой байдаг байх тийм үү. Монголчуудын фэйсбүүк хэрэглээ их байгааг сэтгэл зүйч хүнийхээ зүгээс хэрхэн дүгнэж байна вэ. Юутай холбоотой гэж бас үзэж байна вэ?
-Монголчуудын бүрэг, даруу, ичимхий зэрэг нийтлэг шинж нь бидний фэйсбүүк хэрэглээ өндөр байхад нөлөөлдөг онцлогтой. Яагаад ингэж дүгнэж байгаагаа жишээгээр тайлбарлах хэрэгтэй байх. Таны ажлын эсвэл ангийн буюу хэн нэгэн үг дуу цөөнтэй даруухан, чимээгүй танил чинь фэйсбүүкт эсрэгээрээ маш алдартай, идэвхтэй байдаг тохиолдол цөөнгүй. Дэлгэц нь амьд харилцаанаас биднийг тусгаарлаж байдаг гэдэг утгаараа хаалт буюу хамгаалалт болж өгдөг. Тиймээс нөгөө даруухан, чимээгүй хүүхэд айж сандралгүйгээр өөрийгөө илэрхийлэх боломжтой болж байгаа юм шүү дээ. Тиймээс амьд харилцаан дээр гаргаж илэрхийлж чаддаггүй тэр зүйлээ цахимаар чөлөөтэй илэрхийлж байна. Нөгөө талаар бүх харилцаа фэйсбүүкээр дамжиж, ажил хэрэг ч фэйсбүүкээр бүтдэг болоод байгаа нь хүмүүс үүнд татагдах шалтгаан болсон болов уу.
-Та Монгол хүний фэйсбүүк хэрэглээ, онцлогийн тараар хийсэн судалгааныхаа сонирхолтой дүгнэлтээс танилцуулж болох уу?
-Судалгааны хүрээнд олон сонирхолтой үр дүн гарсан. Гэхдээ үндсэн хоёр дүгнэлтийг дурдъя. Нэгдүгээрт, Фэйсбүүк хэрэглээ нь таны өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй холбоотой. Таны өөрийгөө үнэлэх үнэлэмж ямар хэмжээнд байна вэ гэдгээс хамаарч фэйсбүүкт зарцуулах хугацаа тодорхойлогдож байгаа юм. Олон улсын сэтгэл зүйчид ч өөртөө хэт итгэлтэй эсвэл итгэлгүй хүмүүсээс илүү өөрийгөө үнэлэх үнэлэмж нь тогтворгүй байдаг хүмүүс фэйсбүүкийг их хэрэглэдэг гэсэн судалгааны дүнг танилцуулсан байдаг. Заримдаа өөртөө итгэх ямар ч итгэлгүй болдог, заримдаа өөртөө хэт итгэлтэй болдог дундаж хүмүүсийн хувьд яагаад ингэж ихээр хэрэглэж байгааг тайлбарлая. Яагаад гэвэл эдгээр хүмүүс бусдын үгээр өөрийгөө үнэлж, өөрийнхөө дутуугийн мэдрэмж болон өөрийн итгэлийг нөхөж авч байгаа юм. Хүн өөрийг нь магтвал урмаар тэтгэгдэж баярлана. Тэгээд дахиад магтаал сонсохыг хүсч, бусдад таалагдах гэсэн пост идэвхтэйгээр оруулдаг болдог. Мөн эсрэгээрээ бусдын шүүмжлэлийг сонсвол сэтгэлээр унах ч эрсдэлтэй байдаг.
Хоёрдугаарт, Фэйсбүүкийн хэрэглээ нь таны ганцаардалтай холбоотой. Ганцаардал ихтэй хүмүүс энгийн хүнтэй харьцуулахад хэд дахин илүү их хугацааг фэйсбүүкт зарцуулдаг. Яагаад гэвэл фэйсбүүк ашиглаж өөрийгөө бусдад илэрхийлж, бусадтай харилцаж, амьд харилцаа үүсгэсэнтэй ижил мэдрэмжийг авдагтай холбоотой.
Судалгааны дүнгээр нүүр тулсан харилцаа нь холболтын буюу ганцаар биш гэсэн мэдрэмжийг, тайвшрал болон тайтгарлыг өгдөг гэдгийг тодорхойлсон. Жишээлбэл хэн нэгэн хүн фэйсбүүктээ “өнөөдөр их хүнд өдөр байлаа” гэж постолсон гэж үзье. Тухайн хүний постны дор найзууд нь “юу болов, яасан бэ” зэрэг коммент бичнэ. Зүгээр дээ хүчтэй байгаарай гэх мэт сэтгэгдэл ч хөвөрнө. Үүнээс тухайн хүн бусдад өөрийгөө илэрхийлэх гэсэн хэрэгцээгээ нөхөж, ганцаардах мэдрэмжээ түр мартдаг.
-Цахим орчинд хүмүүсийн сэтгэл зүй ч их өөр, өөр байдаг юм шиг санагддаг. Энэ талаар…?
-Манхетинны их сургуулийн клиник сэтгэл судлаач, харилцааны мэргэжилтэн, нийгмийн хэвлэл мэдээллийн мэргэжилтэн Жозеф Килона фэйсбүүкт пост бичих болон коммэнт бичих нь сэтгэлзүйн өөр өөр шинжийг агуулдаг гэдгийг тогтоосон байдаг. Тэрээр пост бичих нь сэтгэлзүйн 7 төрөл, коммент бичих нь сэтгэлзүйн 6 төрөлтэй гэж үзсэн байна.
Пост бичих хэлбэр дээр жишээ авъя. Нүүр хуудас дээрээ сөрөг зүйлсийг байнга бичдэг бол энэ нь ихэвчлэн анхаарал халамж, санаа зоволт, эмзэг байдлын хэрэгцээгээ хангах гэсэнтэй холбоотой. Хувь хүмүүсийн сөрөг харилцаанд өртсөн хүмүүс нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайтгарал хайж байгаа нь тэр юм. Мөн завгүй ажилтан гэх төрөл ч бий. Үргэлж завгүй байдаг, өдөржин шөнөжин сууж ажилладаг тухайгаа байнга оруулдаг хүмүүс сүүлийн үед их болж байна.
-Амьд харилцаа, цахим харилцааны ялгаатай байдлын талаар мэдээлэл өгч болох уу. Эерэг болон сөрөг хамгийн том нөлөөг онцлох юм бол?
-Амьд харилцаа гэдгийг нүүр, нүүрээ тулсан ярилцлага ч гэж ойлгож болно. Энэ нь нэг эсвэл тодорхой хэсэг бүлэг хүмүүст л хүртээдэг. Амьд харилцаанд мэдээлэл дамжих хурд харьцангуй удаан байдаг. Харин цахим харилцаа нь мэдээлэл дамжуулах хурдыг илүү нэмсэн гэж хэлж болно. Бид мэдээ мэдээллийг асар хурдтай, цаг алдалгүй олон хүнд зэрэг хүргэж чадаж байна. Хэрэгтэй байгаа зүйлээ, мэдэхгүй байгаа зүйлээ интернет ороод л мэддэг, олдог болчихлоо. Гэхдээ эсрэгээрээ цахим харилцаа хэт давамгайлж байгаа нь амьд харилцааг улам үгүй хийж байна шүү дээ.
-Цахим харилцааны сэтгэл зүйд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөг мэргэжлийн сэтгэл зүйч хүнийхээ зүгээс тайлбарлаж өгч болох уу?
-Цахим харилцааны сэтгэл зүйд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөний хамгийн эхний хэлбэр бол өөрийгөө бусадтай харьцуулж сэтгэлээр унах юм. Сүлжээний онолын томоохон төлөөлөгч Барри Вэлмэн “интернет сүлжээ үүссэн нь хүмүүсийн харилцаа холбооны бас нэгэн сүлжээг үүсгэхийн зэрэгцээ нийгмийн тэгш бус байдлын шинэ хэлбэрийг бий болгожээ” гэж хэлсэн байдаг. Энэ нь бусдын оруулсан зургыг хараад “Хүмүүс ингэж амьдарч байхад би яаж амьдраад байна аа, энэ хүмүүсээс дутмааргүй байна” гэх сэтгэлгээг хүмүүст суулгаж эд хөрөнгөөр өрсөлдөх суурийг тавьж байна гэсэн үг. Хүмүүс яагаад фэйсбүүк хэрэглээд байгаа шалтгаан нь амьд харилцаанаас авч чадаагүй хэрэгцээгээ нөхөх гэж оролдож байгаатай нь л холбоотой. Солилцооны онолын төлөөлөгч П. Блау харилцан үйлдэл нь бүлгийн хүрээнд л боломжтой гэж үзэж байсан. Хүмүүс бүлэгт татагдаж, нэгдэхдээ өөр бүлгээс олж авч чадаагүй урамшууллыг эрдэг бөгөөд үүний тулд уг бүлгийн гишүүдэд эерэг сэтгэгдэл төрүүлэхийг эрмэлзэж байдаг байна. Жишээлбэл цахим ертөнцөд бодит харилцаанаас олж авч чадаагүй магтаал, нийгмийн бүлгээс хүндлэгдэж чадаагүй хүндлэл, өөрийн үзэл бодол нийлдэг хүрээллийг өөрийн ертөнцөд бий болгож байдаг. Ингэснээрээ тухайн хүн өөрийгөө цахим ертөнцөд илрүүлэх боломжтой болдог.
-Орчин үеийн ээж аавууд хүүхдэдээ “чи наад утас аа” гэж л хэлдэг болсон юм шиг санагддаг. Нөгөөтээгүүр ээж аав нь ч өөрөө бас хэрэглээгээ зохицуулж чадахгүй байгаа нь ч ажиглагдаж байгаа. Ер нь фэйсбүүкийг хэрхэн зөв хэрэглэх вэ. Энэ тал дээр зөвлөгөө өгч болох уу?
-“Бид үнэндээ хүүхдэдээ цаг завынхаа шавхрууг зарцуулдаг” гэж хэлснийг уншиж байсан. Энэ үнэхээр бодууштай зүйл шиг санагддаг. Эцэг эхчүүд надаас асуудаг “манай хүүхэд утас их оролдоод байна аа, фэйсбүүк их ашиглаж байна аа” үүнийг яаж болиулах вэ гэж. Харин би “Таны хүүхдэдээ зориулдаг цаг ухаалаг утас ашиглахдаа зарцуулдаг цагаас их байж чаддаг уу” гэж буцаагаад асуумаар санагддаг. “Хэрвээ чадахгүй бол та хүүхдээ утас их хэрэглэж байгаад гайхах хэрэггүй юм биш үү. Та хүүхдэдээ анхаарал тавьж, тэднийг сонсож, ойлгох гэж цаг зарцуулахгүй байхад хүүхэд чинь өөрийг нь сонсдог, өөрийгөө илэрхийлэх боломж бололцоог гаргаж өгч байгаа тэр цахим ертөнцөд дурлах нь аргагүй зүйл шүү дээ. Хэрхэн зөв хэрэглэх вэ гэж үү. Ядаж л оройн хоолоо ширээ тойрч суугаад халуун яриа өрнүүлэнгээ идэл дээ. Хоол болонгуут бүгд аяга, аягаа аваал утас аа оролдонгоо иддэг. Хаана байна аа гэр бүлийн халуун дулаан уур амьсгал. Бидний нэг нэгэнтэйгээ ярилцаж ойлголцох амьд харилцааг утас булаагаад байна шүү дээ. Бүх зүйл амьд харилцааг дэмжихээс л эхэлнэ.
Мэргэжилтнүүд хоёр болон түүнээс дээш цагийг та цахим орчинд өнгөрүүлж байгаа бол донтсон байна гэж тодорхойлдог.
-Фэйсбүүк донтолтын талаар нэлээн яригддаг боллоо. Хүн ер нь донтсон гэдгээ хэрхэн мэдэх вэ. Хэрвээ донтсон бол хэрэглээгээ хэрхэн зохицуулах вэ?
-Мэргэжилтнүүд хоёр болон түүнээс дээш цагийг та цахим орчинд өнгөрүүлж байгаа бол донтсон байна гэж тодорхойлдог. Энэ баримтаас харвал донтоогүй хүн байна уу гэж асуумаар байгаа биз. Ерөнхийдөө бидний интернет хэрэглээ үнэхээр аюултай хэмжээнд л хүрсэн байгаа юм шүү дээ. Өглөө сэрэнгүүтээ шууд фэйсбүүкээ шалгаж байгаа бол, орой унтах үедээ хамгийн сүүлд хийдэг зүйл тань фэйсбүүк шалгах, “ухах” бол энэ нь донтолтын шинж. Үйлчлүүлэгчдэд ингэж хэлэхэд ихэвчлэн “бүх ажил, хичээл фэйсбүүкээр л дамждаг шүү дээ” гэж хариулдаг. Үүнийг үгүйсгэж болохгүй ч та л өөрөө өөртөө хяналт тавьж чадна. Фэйсбүүк таны хэрэглээ юу амьдрал болсон уу гэдгийг ялгаж салгаж ухаарах ёстой. Фэйсбүүк таныг хайртай хүмүүсээс тусгаарлаж, цагийг тань булаадаг зүйл биш байгаасай гэж хүсч байна. Сэтгэл зүйн хувьд тогтвортой, аз жаргалтай байх нь амьд харилцааг эрхэмлэхээс эхэлдэг гэдгийг сануулъя.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
А.Уянга

Нийгэм
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.
Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
Нийгэм
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.
Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.
2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.
Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
-
Нийгэм15 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм17 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм16 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм16 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр17 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм16 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр15 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр