Дэлхий дахинд
Мафийн толгойлогчийг гэрийнх нь гадаа хороожээ
Нью-Йоркдоо хамгийн нөлөө бүхий таван гэмт бүлэглэлийн нэгд тооцогддог Гамбино бүлгийн толгойлогч, 53 настай Франческо Кали гуравдугаар сарын 13-ны өдрийн лхагва гаригт Стейтен Айленд дүүрэгт байрлах гэрийнхээ гадаа зургаан удаа буудуулж амиа алджээ. Түүнийг амиа алдах үед эхнэр, хүүхдүүд нь гэртээ байсан аж. “New York Post”-д мэдээлснээр, цагдаагийнхан түүний цогцсыг Статен Айленд дүүргийн Их сургуулийн эмнэлэг рүү авч явсан байна. Франческо Калиг хөнөөсөн гэмт этгээдийг эрэн сурвалжилж буй бөгөөд хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй аж.
Кали 2008 онд рекет хийсэн хэргээр баривчлагдсан 62 этгээдийн нэг байжээ. Дараа нь мөнгө хулгайлсан хэрэгт холбогдон, 16 сар хоригдсон байна. Тэрээр 1985 онд байгуулагдсан “Гамбиногийн гэр бүл”-ийн толгойлогч Пол Кастелланог Манхэттенд буудуулж амиа алдсаны дараа тус бүлэглэлийг толгойлох болжээ.
Нью-Йоркт үйлдэгдэж буй зохион байгуулалттай гэмт хэргүүдийг хянадаг, хамгийн нөлөө бүхий таван бүлэглэл нь Бонанно, Гамбино, Геновез, Коломбо, Луччеес аж.
Сонирхуулахад, 1930-иад оноос хүчээ авсан Гамбиногийн гэр бүл нь Америкийн итали мафи “Коза Ностра”-гийн хамгийн хүчирхэг төлөөллийн нэг. Гамбиногийнхон их ганган эрчүүд байжээ. Гаднаа элит гэр бүл мэт харагддаг ч үндсэн бизнес нь архи тамхи, галт зэвсгийн наймаа, зэвсэгт дээрэм, айлган сүрдүүлэлт, дарамтлах, хүн барьцаалах зэрэг хамгийн бохир бүхнийг хийдэг байж. Тэд “Бурхан уучилдаг бол Гамбиногийнхон уучилдаггүй” гэсэн уриатай байжээ.
Эх сурвалж: CNN, Reuters