Дэлхий дахинд
Этиопын онгоцны осол Индонезийн осолтой ижил шинжтэй байгааг хар хайрцагны мэдээлэл харуулжээ
Долоо хоногийн өмнө Этиопт унасан онгоц болон таван сарын өмнө Индонезид унасан онгоц хоёрын ослын шинж тэмдэг ижил байгааг хар хайрцагнаас авсан мэдээлэл тодорхой харуулж байна хэмээн Этиопын тээврийн сайд Ням гарагт мэдээлжээ.
Сайд Дагмавит Могес үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд урьдчилсан дүгнэлт 30 хоногийн дотор гарна гэж мэдэгдсэн байна.
Дээрх хоёр тохиолдолд хоёуланд нь Boeing 737 Max 8 загварын нисэх онгоц осолдож, нийтдээ 340 гаруй хүн амиа алдсан юм.
Хоёр онгоц хоёул хөөрөөд удаагүй байхдаа огцом дээш доош савлаж, хурд нь тогтворгүй хувьсаж байсан гэгддэг.
Мөн Boeing 737 Max 8 онгоцонд анх удаа нэвтрүүлсэн онцгой тохиолдолд онгоцны хамрыг автоматаар доош залах систем осолд нөлөөлсөн гэх яриа гараад байна.
Аравдугаар сарын 29-нд осолдсон Индонезийн онгоцны нисгэгч хөөрөөд удаагүй байхад нь автомат систем онгоцны хамрыг дахин дахин доош залж байсан бөгөөд үүнийг тогтоож, удирдлагыг гартаа авахаар тэмцэж байсныг хар хайрцагны мэдээлэл харуулсан байдаг.
Этиопын онгоцны хар хайрцагнуудыг одоо Францын нислэгийн аюулгүй байдлыг судалдаг BEA байгууллага хүлээн аваад ажиллаж байгаа. Онгоц газарт хамраараа хатган унахдаа хүчтэй дэлбэрсний улмаас хохирогчдын цогцос бараг үлдээгүй юм.
Тиймээс зорчигчдын цогцосны үлдэгдлийг таниулах ажиллагаа зургаан сар үргэлжилнэ гэж Этиопын засгийн газар мэдээлжээ. Осолд нийт 35 улсын иргэд өртсөн юм.
Эх сурвалж: AFP