Энтертайнмент
Анх удаа монгол тамирчин олон улсын тэмцээнд уран гулгалтаар оролцлоо
ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 02-12-нд болж буй дэлхийн оюутны өвлийн спортын наадмын уран гулгалтын ганцаарчилсан, эмэгтэй төрөлд Г.Марал-Эрдэнэ оролцож, энэ төрлөөр олон улсын тэмцээнд оролцсон Монгол Улсын анхны тамирчин боллоо.
Ганцаарчилсан, эмэгтэй төрөлд нийт 38 тамирчин өчигдөр өрсөлдсөн бөгөөд Г.Марал-Эрдэнэ 24.75 оноо авч, 30 дугаар байрт орсноор энэ удаагийн тэмцээнээ өндөрлөсөн байна. Харин финалын шатанд Япон, ОХУ-ын тамирчид үлдэж, Японы уран гулгалтын тамирчин Михара Май 75.92 оноогоор тэргүүн байрт шалгарчээ. Тэрээр ярихдаа, “Монголд мөсөн гулгалтын талбай байдаггүй учраас бэлтгэл тасалдах эрсдэлтэй, тиймээс эх орон руугаа тэр бүр очоод байх боломж гадаггүй” гэжээ.
Өдгөө Японы Чьюко их сургуулийн Спортын шинжлэх ухааны ангид суралдцаг тэрээр ирэх хавар сургуулиа төгсөөд энэ чиглэлээрээ мастер хамгаалж, илүү мэргэшин, олон тэмцээнд амжилт гаргахаар суралцахаа ярьж байв. Тус их сургуульд Японы уран гулгалтын үндэсний багийг дасгалжуулдаг багш, дасгалжуулагчид ажилладаг нь томоохон боломжийг олгожээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.