Нийгэм
Монгол цэргийн өдөр, Наурызын баярыг тохиолдуулан гурван хүнд Монгол Улсын Гавьяат цол хүртээлээ

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдөр, Казах түмний Наурызын баярыг тохиолдуулан:
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Гавьяат цол хүртээв.
- Гавьяат малын эмч цолоор Баян-Өлгий аймгийн Хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан Жантөмөрийн Онгар,
- Гавьяат жүжигчин цолоор Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Лхамхүүгийн Батсүрэн,
- Гавьяат багш цолоор Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Хабисатын Хадаан нарыг шагнав.
Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдөр, Казах түмний Наурызын баяр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүст Монгол Улсын төрийн дээд одон медаль гардууллаа.
- Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Батлан хамгаалах яамны ахлах мэргэжилтэн, хурандаа Нарын Пүрэвдорж,
- Цэргийн гавьяаны одонгоор Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн бригадын захирагч, хурандаа Төмөрбаатарын Лодойдамба,
- Алтангадас одонгоор “Жайка” олон улсын байгууллагын жолооч Сэрээтэрийн Алтанхүү,
- Хөдөлмөрийн хүндэт медалиар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Данаажавын Оюунцэцэг,
- Цэргийн хүндэт медалиар Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн сургуулийн багш, ахмад Лувсангийн Одмаа, Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах 105 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Алтангэрэлийн Энхболд,
- Шударга журам медалиар Онцгой байдлын Ерөнхий газрын Үндэсний аврах бригадын аврагч, ахлагч Данзанхүүгийн Отгонбаатар нарыг шагналаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга “Өнөөдөр Наурызын баяр болон Монгол цэргийн өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор манлайлагч иргэддээ төрийн шагнал, цол олгож байна.
Орчин цагийн Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга болон Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад гоцлол дуучнаар олон жил ажилласан Лхамхүүгийн Батсүрэнд Монгол Улсын гавьяат жүжигчин цол олгож байна. 1972 оноос хойш урлагт зүтгэсэн Л.Батсүрэнгийн олон сайхан дуу байдгаас “Эрийн сайхан хийморь” дуу нь 1990-ээд онд ихэд түгсэн дууны нэг болж байв. Урлагт олон жил тууштай, үр бүтээлтэй зүтгэж, манлайлсан Л.Батсүрэн гуайдаа Гавьяат жүжигчин цол авсанд баяр хүргээд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
2009 онд Наурызын баярыг “ЮНЕСКО” соёлын биет бус өв хэмээн бүртгэж авжээ. 2011 онд НҮБ-ын Ерөнхий чуулганы 64 дүгээр хуралдаанаар Наурызыг “Олон улсын өдөр” болгон тунхаглаж тогтоол гаргасан байна. НҮБ-аас энэ үеэр Наурызын баярыг тэмдэглэдэг улс орнуудын Наурызтай холбоотой соёл, уламжлал, ёс заншлыг хамгаалж, хөгжүүлэхийн төлөө гаргаж буй хичээл зүтгэлд баяр хүргэсэн байдаг.
Монгол Улсад энэ баярыг казах түмний хамгийн том баяр хэмээн хүндэтгэн үзэж иржээ. Наурызын өдөр болбоос байгаль орчин, ан амьтан ичээнээс сэрж амь ордог өдөр, шөнө тэнцдэг мөчлөг тохиодог. Тийм учраас гуравдугаар сарыг казах хэлэнд Наурыз гэж нэрлэдэг ажээ.
Энэ баярыг угтуулан казах иргэд, манлайлагчид Жантөмөрийн Онгар, Хабисатын Хадаан нарт Монгол Улсын гавьяат малын эмч, Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм цолыг олгож байна.
Жантөмөрийн Онгар гуай 1983 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлж, малын их эмч, сум нэгдлийн дарга зэрэг албыг хашиж байсан. Мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг удирдах чиглэлээр олон жил тууштай, үр бүтээлтэй ажиллаж байгаа хүн юм.
Хабисатын Хадаан нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд багшаас өгсүүлээд захирал хүртэл тасралтгүй 38 жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, олон мянган хүнд эрдэм боловсрол олгох үйлст хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүн юм. Хадаан малчны хүүхдүүдийг сургууль завсардуулахгүйн тулд хөдөө бригадад хоёр ч бага сургууль байгуулан хүүхэд бүрийг боловсролтой болгохын төлөө хичээн ажилласан байгаль орчноо хайрлах тохижуулах үйлсийг түгээн дэлгэрүүлсэн багш билээ.
Та бүхэнд мөн Монгол цэргийн өдөр, Наурыз баярын халуун мэндийг дэвшүүлж, Казахын уламжлалт ерөөлийг өргөн дэвшүүлье.
Хүн ард эрүүл байг Хүүхэд бүхэн жаргалтай байг Ерөөл айлтгал биеллээ олж Ертөнц даяар аз жаргалаар дүүрч Нартын хүмүүсийн сэтгэл тэнийж Наурызын баяр өлзийгөө хайрлаг аа!” гэв.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Нийгэм
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 6 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 870 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 9 мэдэгдлийг хүргүүлэв.
Нийгэм
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдлыг бууруулах чиглэлд нийслэлээс олон талт бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх. НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа нар албаны бусад хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны Дунд наран дахь ….тоотод оршин суух өндөр настан У.Самбуу гуайнд зочилж нарны панель-батарейгаар өрхийн эрчим хүчний хэрэглээгээ хангаж буй сайн жишигтэй танилцлаа.
У.Самбуу гуайнх өнгөрсөн нэгдүгээр сард нарны эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлж, яндангаа буулгажээ. Сонгинохайрхан дүүрэгт У.Самбуу гуайнх шиг 80 гаруй айл бий гэнэ. Тэрбээр “Сэргээгдэх эрчим хүчээр халаалтаа шийдсэнээр нийслэлийн тулгамдсан асуудал болоод байгаа агаарын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. Гэр хэт халж, хэт хөрдөг тохиолдол гарахгүй, үнс тоос, түлээ нүүрстэй зууралдахгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зэрэг давуу тал бий болсон. Нүүрс түлж байхдаа 3-5 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол одоо цахилгаандаа 300-100 мянган төгрөг л төлж байна” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хотод нүүрс түлж байгаа 200 мянган айл өрх бий. Эдгээр өрхөөс гарч байгаа утаа агаарын бохирдлын 60 хувийг бий болгож байна. Үлдсэн 10 хувийг автомашин, бусад уурын зуухаас гарч байгаа утаа эзэлж байгаа судалгаа гарсан. Утааг бууруулж, агаарын чанарыг сайжруулахын тулд орон сууцны төсөл болон газны хэрэглээг эрчимжүүлье гэдгийг нийслэл хотын удирдлагын багийнхан ярилцаж байна. “Юрико” компанийн инженер залуус өөрсдөө санаачлан, санхүүжилтээ босгоод айл өрхийн нүүрсний хэрэглээг хэрхэн ногоон болгох вэ гэж сүүлийн гурван жил ажиллаж, эхний 80 айлыг нарны эрчим хүчний эх үүсвэрт амжилттай шилжүүлсэнд талархал илэрхийлье. Ирэх өвөл гэхэд тодорхой тооны айлыг нарны эрчим хүч рүү шилжүүлэх боломжийг эрэлхийлж байна” гэв.
Уулзалтын үеэр Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Энх-Амгалан
“Агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх боломж байна. Азийн хөгжлийн сан дотор агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэлэг технологийг нэвтрүүлэхэд тусламж үзүүлэх боломжтой сан бий. Энэ төслийг дахиад 400 айлд нэвтрүүлэх боломжтой эсэх дээр НИТХ-ын дарга А.Баяртай санал солилцож байна. Айлуудын орлого, нарны тусгал, технологийн шийдэл зэргийг олон талаас нь харна. Айл өрхөд санхүүгийн хувьд дарамт болохгүй байх гарцыг судална. Ногоон эрчим хүчийг нэвтрүүлснээр ногоон санхүүжилт авдаг санхүүгийн боломжийг хайна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд аймгийн төвүүдэд ч энэ технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой” гэдгийг онцоллоо.
Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны 80 айлыг нарны эрчим хүчинд шилжүүлж, яндангаас нь салгасан “Coal to Solar” төслийн захирал Г.Төвшин “Бид 80 орчим айлыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлээд байна. Ихэнх нь Улаанбаатарын айл. Цөөн хэд нь Эрдэнэтийн айл байна. Гурав дахь өвөлдөө нүүрс түлэхгүй амьдарч байгаа өрхүүд байгаа юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах агаарын чанарыг сайжруулахын тулд илүү олон айлыг хороо, дүүргээр нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх ёстой” гэлээ.
Нийгэм
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр “Батлан хамгаалах сэргэлт” бодлогын дагуу Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь хугацаат цэргийн алба хаагчдадаа англи хэл, монгол бичгийн сургалтыг амжилттай явуулсан бол энэ удаа Ховд аймгийн “Олны буян” авто сургуультай хамтран жолооны дамжаанд түрүүч, байлдагч нараа хамрууллаа.
Хугацаат цэргийн алба хаагчдаас гадна цэргийн алба хаагчдаа жолооны дамжаанд хамруулсан бөгөөд 06 дугаар сарын 13-ны өдөр жолооны үнэмлэхээ гардан авсан юм. “Олны буян” авто сургуулийн захирал Б.Бямбаа “Цэргийн алба хаагчдын суралцах хүсэл тэмүүлэл дүүрэн байлаа. Хугацаат цэргийн албаа хаангаа жолоонд суралцаж, халагдаж очоод хүссэн авто машинаа унаад явах боломж тохиож байгаад суралцагч дүү нарынхаа өмнөөс баяртай байна” хэмээгээд амжилттай суралцсан түрүүч, байлдагч нарт ангилал ахиулан үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнасан юм.
Жолооны үнэмлэхээ гардан авсан шинэхэн жолооч түрүүч, байлдагч нар баярт энэ өдрөөр цугласан олонд урлагийн тоглолтоор бэлэг барилаа гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Энтертайнмент15 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг18 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм18 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм16 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм16 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм18 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм16 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа