Connect with us

Бусад

Да.Ганболд: Энэ Засгийн газар “Эрдэнэт”-д хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна

Нийтэлсэн

-

“Эрдэнэт ” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболдтой ярилцлаа.


-“Эрдэнэт” үйлдвэрт онцгой байдал тогтоочихлоо. Тэгэх зайлшгүй шаардлага байв уу?

-Таны асуултад хариулахын тулд ЖДҮ, “Жаран тэрбум”-ыг ярих учиртай. ЖДҮ бол тодорхой эзэн, шалтгаан, жагсаалттай ил болчихсон явдал. Гэтэл М.Энхболд гэдэг хүнийг УИХ-ын даргын суудлаас унагаад бүх асуудлаа шийдсэн юм шиг тайвширчихсан. Өнөөдөр ЖДҮ-ийг санаж яваа хүн илт цөөрчихлөө. Манай иргэд ч гэсэн аливаад амархан хөөрч, хурдан мартдаг болчихож. Суртал ухуулгад хялбархан автдаг болсоны шинж юм болов уу. Сүүлдээ бүр иймэрхүү юм бодож, гайхаж сууна. Тэрний өмнө 60 тэрбум гэж хэсэг шуугьсан. Нам нь албан тушаал, нэр дэвших эрхийг зарсан үйл явдал. Жаран тэрбумыг намдаа тушааж эрх мэдэлд хүрсэн улс шархаа нөхөхөөр улайрч таарна. Ингэж улайрсан хүмүүс хараа хяналтгүй, манаач муутай газруудаас л хөрөнгө хамах боломжтой. Эхлээд ЖДҮ-ийг онилсон нь ийм учиртай. Гэвч баригдчихсан.

-ЖДҮ-ийн дараагийн бай “Эрдэнэт” байх нь ээ?

-Ойлгомжтой. Ер нь улстөрчдийн шархаа нөхөх боломжтой газар нь улсын өмч. Тийм учраас коммунист сэтгэлгээтэй хүмүүс хэзээнээсээ хувьчлалд дургүй байдаг.

Онцгой байдал зарлах асуудлын тухайд үйлдвэрийн дарга, гүйцэтгэх удирдлага, захирал, инженер гээд үйлдвэр доторх хүмүүсийн хүсэлтээр шийдэгддэг. Төсөвт олон зуун сая ам.долларын орлого өгч яваа компанид ямар нэг ноцтой асуудал гарсан гэвэл хэн ч итгэхгүй. Ажил нь муудаагүй, ямар нэг эрсдэлд ороогүй. Ийм тохиолдолд онцгой байдал зарлах шаардлага хэтээсээ байхгүй.

Эрдэнэт хотод үер болж, газар хөдөлж, бөмбөг тэсэрч, тахал гараагүй. Тодорхой хугацаанд үйлдвэрийн удирдлагыг эзгүйдүүлэх санаагаар онцгой байдал тогтоосон гэж харж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг өмчлөгчид 2016 оноос өнөөг хүртэл хоёр жил хагасын хугацаанд оновчтой хяналт тавьж, ашгийг хоёр, гурав дахин өсгөснийг статистикаас харчихаж болно. Хувьчлалаас хойш өнөөдрийг хүртэл ийм амжилттай ажиллаж ирсэн менежмэнтийн багт цааш ажиллах бололцоо олгохгүйг хичээж байна. Бүр тодруулж хэлбэл онцгой байдал нэрээр үйлдвэрийг эзэнгүйдүүлээд сонгуулиас өмнө өөрсдөдөө ашигтай хэдэн гэрээ хийх нь гэж хардахаас аргагүй нөхцөл үүсгэчихлээ.

-“Эрдэнэт”-ийн 49 хувь хувийн компанид шилжсэнээс хойш ашиг нь хоёроос гурав дахин өссөн шалтгаан улстөрчдийн элдэв шахаа татарснаас үүдэлтэй нь тодорхой. Үйлдвэрлэлийн хэмжээ өссөн гэх мэт өөр шалтгаан бий юу?

-“Эрдэнэт” өмнө нь үйлдвэрлэсээр ирсэн хэмжээндээ л үйл ажиллагаагаа явуулж байгаа. 49 хувийн хувьчлалаас хойш ашиг нь хоёр, гурав дахин өссөн гол шалтгаан гэвэл хяналт сайжирч, үргүй зардал багассан. Эрх мэдэлтэй улстөрчид, дарга нарын идэж уудаг явдал, тансаг хэрэглээ, гадаад томилолт, шахаа хумигдсан учраас “Эрдэнэт” үйлдвэр ашигтай ажилласан юм. Хувьчлалаас өмнө “Эрдэнэт”-ийн энэ ашиг эрх мэдэлд хүрсэн цөөхөн хүмүүсийн тухлаг амьдралын баталгаа болж байсан бол өнөөдөр төсөвт төвлөрөх болсон. Төсвийн мөнгөөр цэцэрлэг, сургууль, зам гээд иргэдийн тухтай амьдруулах орчныг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт”-ийн ашиг иргэдэд очдог болсон. Ялгаа нь ердөө энэ.

-Засгийн газар “Стандарт” банкнаас эхлээд олон зуун сая ам.долларын өр, асуудлыг дарж, мартагнуулахын тулд “Эрдэнэт” дээр ийм ажиллагаа явууллаа гэж харах хэсэг ч байна…?

-Нөгөө талд нь маш тод харагдаж байгаа асуудал шүү дээ. Нэлээд олон жилийн өмнө болсон хэрэг. Хувийн өмчийн компани “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшин орж ирж хяналтанд нь хүмүүсээ тавьсан учраас энэ хэрэг илэрсэн юм. Тэгээгүй бол дуусан дуустлаа нуух байсан. Төрийн өмчийн компани хувийн компанид хэзээ ч баталгаа гаргаж өгөх ёсгүй. Тийм атал баталгаа гаргаад өгчихсөн. Баталгаа гаргуулсан компани нь дампуурсан учраас өнөөдрийн байдалд хүрсэн хэрэг. Олон зуун сая ам.доллар гэдэг бол “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсантай дүйх хэмжээний асар том мөнгө. Ийм мөнгийг эрх мэдэлтнүүд хурууныхаа салаагаар урсгачихсан байна. Төрийн өмч ийм л байдаг. Ийм том гарз хохирол үүсэх шалтгааныг бий болгосон, шийдвэр гаргасан, тохирсон, өгсөн, авсан хүмүүс ЖДҮ-тэй адилхан нэр ус, албан тушаалтайгаа тодорхой атал яагаад ил болгохгүй байна вэ гэдэг орхиж болохгүй асуулт. Дахиад хэлье. Засгийн газар 49 хувийн өмчлөл рүү улайрч дайраад байгаагийн цаана 2018 оноос өмнөх сонгуулиудын 60 тэрбумын шархыг нөхөх зорилго л бий. Төрд байгаа салбар явдаггүйн тод жишээ бол эрчим хүч. Шинэ станц барина гэж ярьсаар өнөөг хүрсэн ч шав тавихаас хэтэрсэнгүй. За тэгээд нийтийн аж ахуй, хог, бохир гээд төрд данстай бүхэн урагшилдаггүй жишээг тоочвол өчнөөн. “Говь” компани хувьд очоод яаж өөдөлсөн нь олны нүдэнд ил байна. Арилжааны банкуудын тухайд хувьд очсон нь хөгжиж, төрд үлдсэн нь дампуурсан. Хувьд очоод өөдөлсөн жишээ мундахгүй олон. Улсын юмыг эрх мэдэлтэй улстөрчид идээд байдаг учраас зам, нефтийн үйлдвэр, шинэ сургууль барья гэхэд үргэлж мөнгө дутдаг.

– “Эрдэнэт”-ийн 49 хувийг улсын мөнгөөр авсан гэж шуугиад байх юм. Энэ тал дээр та ямар тайлбар хэлэх вэ?

-Улсын мөнгө гэж та сая хэллээ. Улсын мөнгө гэдэг чинь овоон дээр тавьсан мөнгө шиг тийм хялбархан авч болдог эд үү. Энгийн логикоор бодоход л эрх мэдэлтэй олон хүний өчнөөн гарын үсэг дамжиж байж авах зүйл биз дээ. Улсын мөнгө авсан гэж ярьж суугаа бол өгсөн хүн нь хаана байна вэ гэсэн асуулт зайлшгүй тавигдана. Ардчилсан нийгэмд бүх асуудлыг шүүхээр шийддэг жамтай. Гэтэл буруу, зөвөө ялгах сөхөөгүй нөхдөөр тусгайгийнхныг удирдуулж гэм зэм нь шүүхээр тогтоогдоогүй хүмүүст сүр хүчийг үзүүлж байна. Засгийн газар нь олон нийтийн мэдээллийн сувгаар мэдэгдэл хийнгүүтээ маргааш нь Арабын алан хядагчдад ажиллагаа явуулж байгаа аятай сүржин драм тавих нь хууль, шүүхтэй улсад хэр зөв үзэгдэл вэ. Хууль бус энэ үйл ажиллагааг нь зүв зүгээр юу ч болоогүй мэт ажиглаад суудаг Хууль зүйн сайд нь яг үнэндээ хэн бэ? Хуулийн салбарыг нь хариуцсан сайд хүн ингээд сууж таарахгүй. Гайхаад барахгүй үзэгдэл өрнөж байна.

МАН засаглаад хоёр жил гаруй болчихлоо. Ерөнхий сайд нь солигдсон ч нэг намын улс засаг барьсаар ирлээ. Монголбанкны удирдлагууд хоёр жил гаруйн хугацаанд “Манай мөнгө алга болсон байна” гэж түгшүүр зарласан уу. Үгүй. Төсвөөс мөнгө авсан юм бол Сангийн яам мэдэгдэл хийчихсэн байгаа. Гэтэл тэгээгүй. Ч.Сайханбилэгийн үед мөнгө гаргаад өгчихөж гээд бөөн юм болох ёстой. Хэрвээ үнэхээр тэгсэн бол тухайн үеийн эрх мэдэлтнүүдийг шүүхэд өгчихсөн байх учиртай. Тэгсэн тохиолдолд шүүх асуудлыг хэлэлцээд буруутай гэсэн шийдвэр гаргавал өөр хэрэг. Ийм нөхцөлд өмчийг хурааж авна гэвэл ярих юм алга. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хэн нэгнийг буруутай этгээд гэж зарлаж болохгүй.

-Өнгөрсөн долоо хоногт Худалдаа хөгжлийн банкны гол хувьцаа эзэмшигч, удирдлага, “Монголын зэс корпораци”-ийн гүйцэтгэх захирлыг шүүхийн шийдвэргүйгээр баривчлаад дараа нь суллачихлаа. Засгийн газар нь шүүхийн шийдвэр рүүгээ нулимсан алхмыг удаа дараа хийх хөрөнгө оруулагчдад айхавтар сөрөг дохио шүү…?

-Хамгийн наад захын сөрөг дохио. Гэхдээ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ их зальтай мэдэгдэл хийснийг анзаарсан нь хэд бол. Ярианыхаа төгсгөлд “Шүүхээр нотлогдвол” гэчихнэ лээ. Авсан гэдэг нь шүүхээр нотлогдоогүй болохоор тэгж хэлэхээс аргагүй шүү дээ. Хоёр шүүх бүх шатныхаа шийдвэрийг гаргачихсан. “Эрдэнэт”-ийн 49 хувийн өмч хувьчлалд буруу юм алга, бүх зүйл хуулийн дагуу өрнөсөн гээд дүгнэчихсэн.

-Төсвөөс мөнгө гаргасан бол тухайн үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийг хамгийн түрүүнд буруутгах ёстой гэсэн таны үг анхаарал татаж байна. Илт буруутгаж болох асуудал дээр нөгөө намынхаа улсыг уухайн тас шүүхэд өгмөөр юм…?

-Тэгэхээр төрийн ямар ч мөнгө алга болоогүй гэсэн үг.

-ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан гэх мөнгөн дээр нууц мэдээллийн 20 хувийг нь л үзүүллээ, цаана нь бүр айхавтар асуудал бий гээд байгаа. Мөнгө угаасан хэрэг гэдэг нь тодорхой, олон компаниар дамжсан луйвар энэ тэр гээд сүртэй мэдэгдлүүд хийгээд яваа нь ямар учиртай юм бол. Ямартаа ч цаадах 80 хувьд нь ямар нууц байна аа гэсэн эргэлзээг олон нийтэд төрүүлчихлээ?

-Хагас нууц, хагас үнэн гэдэг чинь худлаа хэлсэнтэй ялгаагүй эд. 100 хувь үнэнийг дэлгэж байж үнэн болно. Түүнээс биш нэг том хэрэг дотроос цөөхөн хуудас харуулчихаад “Миний ярьсан бүхэн үнэн” гэж хэлж таарахгүй. Тэгэхээр улсын мөнгөөр авсан, олон компаниар дамжуулсан гэдэг дүгнэлт нь худлаа болчихож байгаа юм. Бүр тодруулж хэлбэл Л.Оюун-Эрдэнэ нарийн мэдээлэлгүй, юм мэдэхгүй хүмүүст үнэн юм шиг харагдах олон өнгөтэй хүснэгт схем харуулж худлаа мэдээлэл өгч байна. Энгийн зүйрлэл хэлье. Хэсэг гэмт хэрэгтэн машин ашиглаж гэмт хэрэг үйлдсэн байлаа гэж бодъё. Л.Оюун-Эрдэнэ машиныг нь л яриад байна. Машин унасан хүн бүр гэмт хэрэгтэн гэж яриад сууна л даа. Үнэн хэрэгтээ машинтай хүн бүр гэмт хэрэгтэн биш. Гагцхүү хэн ямар гэмт хэрэг хийснийг үнэн мөнөөр нь хуулийн өмнө нотлох ёстой. Түүнээс биш хэргийн газрын ойролцоо машин унаж явсан хүн бүрийг гэмт хэрэгтэн гэж ойлгож, мэдээлж болохгүй. Мэдлэг дутуу, боловсрол бага ард түмний толгойг хагас үнэнээр эргүүлэх арга гэж бий. Тэр аргыг хэрэглээд байна. Өнөөгийн Монгол Улсыг бүтэн зургаар нь харвал эдийн засгийн хууль зүйн тогтолцоо төгс төгөлдөр болж амжаагүй. Ихэнхдээ жижиг дунд төслүүдэд тохирсон хуулиудтай. М.Энхсайханы хэлдгээр мега төсөлд огт тохироогүй хууль зүйн тогтолцоо үйлчилдэг. Тийм учраас компаниуд хууль зөрчсөн гэхээс илүү хуульдаа тохируулж ажилладаг. Энэ бол хуулиа сайжруулахын оронд сиймхийг нь ашиглаж ашиг мөнгө хайж амьдардаг Ц.Нямдоржийн буруу.

-Онцгой байдал зарласан хугацаанд эрх баригчид өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргах нь гэсэн хардлага биеллээ оллоо гэж бодъё. Энэ тохиолдолд “Эрдэнэт”-ийн 49 хувийг өмчлөгч тал зүгээр суухгүй байх, тийм үү?

-“Монголын зэс корпораци” шүүхэд хандах замаар асуудлыг шийдүүлэх байх. Онцгой байдал тогтоох үед гарах янз бүрийн шийдвэрүүдийг зогсоох, буруу шийдвэр гарах юм бол хариуцлага тооцох асуудал яригдаж таарна. Ер нь иймэрхүү үйл явдлыг хорлон сүйтгэх ажиллагаа гэж үздэг. Энэ Засгийн газар “Эрдэнэт”-д хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна. Онцгой байдал зарлана гэдэг бол ямар ч хүнийг гаргахгүй, оруулахгүй гэсэн үг. Би гэхэд л энэ үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн гэсэн сэтэртэй. Хоёр жил хуралдаж чадахгүй явна. Сүүлдээ өмчийнх нь эздийг оруулахгүй гээд онцгой байдал зарлаж байна. Нэг зүйлийг онцлоход төрийн өмчийн 51 хувийг томилох, хувийн өмчийн 49 хувийн төлөөллийг чөлөөлөх гэх мэт шийдвэрийг гаргадаг эрх бүхий байгууллага нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар. Гэтэл энэ байгууллагын дарга нь ЖДҮ-ээс хууль бусаар мөнгө завшаад огцорчихсон. Иймэрхүү л хүмүүс “Эрдэнэт”-ийг ингэж байна шүү дээ.

-Үйлдвэрийн 49 хувийг эзэмшигчдийн төлөөлөл болж ажиллаж яваа удирдах албан тушаалтнуудын өрөөг битүүмжилчихлээ. Одоо тэдний оронд өмнөх шигээ төрийн талын төлөөллийг томилоод явах уу?

– Тэгэх өндөр магадлалтай. Дур мэдэн баахан хүмүүс томилж зарлах байх. Таны хэлсэнчлэн өмнө нь буюу 2017 онд биднийг хөөгөөд өөр хүн тавьсан түүх бий. Шүүхийн шийдвэр гарч байж томилсон хүмүүс нь ажлаа өгсөн. Бид ажлаа буцааж аваад 2018 оны нэгдүгээр сард хоёр өдөр хуралдаж төсвөө баталж байлаа.

-Та нарыг маргааш нь дахиад хөөчихсөн билүү?

-Тэгсэн. Ингээд харахаар “Эрдэнэт”-д төрийн, эрх мэдэлтэй улстөрчдийн маш том сонирхол байгаа биз. Мэдээж амттанд дурлаад хайрцагтай чихэр онгойлгоод идэх төдийхөн хэрэг биш. Маш том мөнгөний сонирхол яваа учраас ингэж улайраад байна л даа. Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. 49:51 гэдэг бол ТУЗ-ийн хурлын үеэр санал хураахад л хэргээ өгдөг. Түүнээс биш үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд ямар нэг байдлаар нөлөөлдөг, оролцдог зүйл огт биш. ТУЗ-өөр үйлдвэрийн төсөв, хойтон жилийн ажлын төлөвлөгөөг нь баталсан нөхцөлд гүйцэтгэх бүх эрх мэдэл Х.Бадамсүрэнд очдог. Гүйцэтгэх захирал бүх асуудлыг толгойгоороо хариуцаад ТУЗ-ийнхөө өмнө тайлангаа тавьдаг, ийм л жишигтэй ажилладаг.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийн өмчлөл луйвар болсон гэж хамгийн чанга дуугардаг гишүүн бол Ц.Нямдорж. Энэ хүнд ямар сонирхол байгаад ингэж яриад суудаг тухай өчнөөн мэдээлэл олонд ил болчихсон. Таны хувьд Ц.Нямдоржийн байр суурийг яаж хардаг вэ?

-Юуг нь ярих юм. Ийм жижиг асуудал ярих хэрэг байна уу.

-Олонх Хууль зүйн сайдыг мундаг, эх оронч гэж харж яваа үед учир мэдэх улс энэ хүний тухай ярих ёстой гэдэг утгаар асууж байна л даа?

-Ерөөсөө л шахаа. Шударга хүний маск зүүсэн хэсэг улс эзгүй өмчийг улам төгөлдөржүүлэх гээд байна. Ганц хүний тухай жижиг сэдэв уг нь яримааргүй байна. Хоцрогдлын эдийн засаг гэж ойлголт бий. Манай эдийн засаг яг тийм болчихсон. Ц.Нямдоржоос илүү том, хэрэгтэй сэдэв. Аль ч улс оронд өөр өөр үзэл бодолтой хүмүүс байх нь хорвоогийн жам. Ц.Нямдорж өнөөдөр албан тушаалтай, зөв буруугаа түүхээр дүгнүүлээгүй үедээ яваа. 1939 оны есдүгээр сарын 1-нд Адольф Гитлер ямар хүн бэ гэсэн социологийн судалгааг Германы иргэдээс аваад үз дээ. Тийм асуудал тавьсаныхаа төлөө эсэргүүцэлтэй тулгарна. Германыг босгосон сэргээсэн, сахилгажуулсан, ажлын байр бий болгосон агуу удирдагчийг юу гэнэ вэ хэмээн хөмсгөө зангидах хүмүүстэй нүүр тулна. Таван жилийн дараа тэр асуултаа давтвал харин өөр хариу хэлнэ. Гитлер тэр үед өөрийгөө ч өмөөрч чадахгүй хор уугаад үхчихсэн байсан. Миний сая ярьсан зүйл таны асуугаад байгаа Ц.Нямдоржийн хувьд хэтэрхий том жишээ л дээ. Гэхдээ зарчим нь энэ.

-Ц.Нямдоржийн хувьд дүгнүүлэхээр хугацаа болчихсон юм биш үү. Наад зах нь Хууль зүйн сайдаар таван удаа ажилласан хүн шүү дээ?

-Болоогүй. Огцроод, өөрөө өөрийгөө өмөөрч чадахаа больсоных нь дараа төрийн хүнийг цаг үе нь дүгнэдэг.

-Арай том, алсын дүгнэлт байна. “Эрдэнэт”-д эх орончийн үүднээс биш, хувийн сонирхлоор хандаж байгаагийнх нь ойрхоны бодитой дүгнэлт хүүгийнх нь тендер биш үү?

-Хүн бүр мэднэ шүү дээ. Хүүхдийнхээ төлөө юм гуйх нь эцэг хүний ёс гэж яриа биз дээ. Давтах шаардлага юу байна. Зарчим, үнэ цэнийн тухай ярианы дэргэд жижиг сэдэв. Заавал ярих гээд байгаа бол Монголд хамгийн бага шинэчлэгдсэн, төгөлдөржөөгүй салбар бол хууль зүй. Хууль зүйн тогтолцоо төгөлдөржөөгүй, шүүмжлэх зүйл ихтэй.

-Шүүхийн шинэчлэлийг гацааж байгаа гол хүн гэсэн үгийг энэ салбарт шинэчлэл хийх гээд бараагүй Х.Тэмүүжин саяхан хэлчихсэн. Та тэр утгаар нь хэлж байна уу?

-Маргаад байх юмгүй үнэн. Энэ салбарын сайдаар хамгийн олон удаа ажилласан хүн шүү дээ. Шоронд нь хүн үхэж байна. Нэрд гараагүй, жирийн эрүүгийн хэрэгтнүүдийн хувьд иймэрхүү явдал маш олон байдаг гэж сонссон. Зодоон нүдээн, доромжлол гүтгэлгийн тухай бол бүр ярих юм биш. Одоо хоёулаа арай өргөн сэдэв рүү оръё. Хүн төрөлхтөн, улс орнуудын түүхийг харахад үзэл бодлуудын уралдаан өрнөсөөр өнөөг хүрсэн. Байр сууриудын өрсөлдөөн, сөргөлдөөний оргил хэлбэр нь иргэний дайн. Америк гэхэд л умард, өрнөдөөрөө талцаж үзээд боолын нийгмийг халж сонгодог капитализм байгуулах үзэл ялсан. Тэгээд өнөөдрийн Америк бий болсон. Орост ч бас улаантан, цагаантан болоод үзэж байсан түүх бий. Хориод оны үед Монгол гэдэг улс харанхуй, болхи байсан ч асар хурдан дэвшсэн. Хөгжил дорой, иргэд нь боловсроогүй харанхуй улс орнуудын хувьд төрийн нэгдсэн удирдлага, хатуу чанд гар, дарангуйлал тодорхой хугацаанд хэргээ өгдгийг нотолсон жишээ. Хятад ч гэсэн хүн амынх нь дийлэнх харанхуй байсан үед Коммунист намын удирдлага дор маш хатуу, харгис дэглэмээр улс орноо босгосон түүхтэй. Сингапур Тайвань ч тийм. Гэхдээ энэ арга тодорхой түвшин хүртэл үр дүнтэйг улс орнуудын түүхээс харж болно. Өнөөдөр Солонгосыг Пак генерал шиг хүнээр удирдуулъя гэвэл иргэд нь хүлээж авахгүй. Чан Кай Шигийн харгис дэглэм дор босч ирсэн Тайвань өнөөдөр хатуу чанд гарыг хүлээн зөвшөөрөхгүй. Хятад ч гэсэн тодорхой хугацааны дараа өөрчлөгдөх нь ойлгомжтой. Тэрийгээ нуухгүй ярьдаг. Монгол ч гэсэн өнөөдөр дарангуйлагчийг хүлээж авахгүй. Тийм орон зай байхгүй.

-Чан Кай Ши гэх мэт хатуу гараар улсаа босгосон удирдагчдад тэгэх түүхэн зайлшгүй шалтгаан байжээ гэж ойлголоо. Баруун, зүүн үзэлтнүүдийн аль аль нь ийм замыг туулсан гэсэн үг үү?

-Та зөв анзаарсан байна. Чан Кай Ши зэрэг удирдагчид дарангуйллын аргаар явсан нь цаанаа учир шалтгаантай. Хөгжлийнхөө эрхээр, хүн амын дийлэнх нь харанхуй, мэдлэггүй, хөгжлийн доод шатанд яваа үед баруун зүүний аль аль нь дарангуйллын аргыг хэрэглэх нь олонтаа байдаг юм. Сонгодог коммунизм үйлчилж байх үед хуулийн нэрийн өмнөөс гээд хүнийг буудах, хорих гэх мэт элдэв хатуу, харгис арга хэрэглэж хоцрогдлоос гаргачихдаг байсан. Харин өнөөдрийн хувьд коммунизм устаад 30 жил болчихсон. Ийм атал коммунист сэтгэлгээтэй хүмүүс хуучнаараа сэтгэж, буруу арга барилаар ажиллаад байна. Шинэ ном уншихгүй, шинэ хандлагыг мэдрэхгүй, шинэ орчиндоо дасахгүй байгаагийн л шинж. Н.Энхбаяр нэгэн үе дарангуйлал тогтоох гэж, шүүх, цагдаа, прокурорыг атгах гэж үзсэн. Дараагийн тод жишээ нь Ц.Нямдорж. Гэхдээ тэдний энэ арга Монголд явахгүй. Бүр тодруулж хэлбэл бүхнийг төрд буцааж авдаг, төрд төвлөрүүлдэг зарчим Монголд ажиллахгүй.

-Төрд бүгдийг авах гэсэн улайрал харин ч хүчээ аваад байгаа юм биш үү?

-Та бод доо, 30 жилийн дотор бүхэл бүтэн үе өнгөрчихсөн байна. Эвлэл, пионер, намын төв хороог мэдэхгүй өссөн хоёр бүтэн үе гудамжаар алхаж яваа. Зөв буруу, сайхан муухай гэдэг дүгнэлтийг хэн нэгнээр биш, өөрөө хийгээд сурчихсан хэсэг насанд хүрсэн хүн амын дор хаяад гуравны нэг нь болчихсон. Тэд хэзээ ч Ц.Нямдоржийнх шиг юм уу Н.Энхбаярынх шиг дарангуйллыг хүлээн зөвшөөрөхгүй. Он жил улирах тусам цоо шинэ задгай сэтгэлгээтэй залуусын тоо улам өснө.

-Америкт нэгэн цагт үүсч байсан үзэл бодлуудын мөргөлдөөн сөргөлдөөн манайд дуусаагүй үргэлжилж яваа гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Америк, Энэтхэг гээд дэлхийн олон улс иргэний байр суурийн том мөргөлдөөнийг туулаад гарсан. Монголд тэр тэмцэл дуусаагүй явна.

-Бүхнийг төрд гэсэн улайрал, дарангуйллын маягийн хандлага жамаараа ялагдана гэж ойлголоо?

-Энэ хүмүүс ялагдаж таарна. Цагийн юм цагаараа гэдэг шүү дээ. Ямар ч нийгэмд үеүдийн хоорондох өрсөлдөөн эцэс төгсгөлгүй өрнөж байдаг. Боловсролгүй, харанхуй, бүдүүлэг хүнд эрх мэдэл өгөх ямар аюултайг Монголын хүн амын гуравны нэг нь харж байна. Иймэрхүү хүмүүс эрх мэдэлд очихоороо ямар зоригтой цөстэй болдгийг нийтээрээ харж байна. Ер нь дэлхийн түүхийг анзаарахад боловсролгүй, харанхуй хүмүүс төрийн эрхэнд гарахаараа асуудлыг хууль, шүүхээр шийдэхээс илүү баривчлах, хорих, болж өгвөл буудах дүүжлэх аргаар ажиллахыг урьтал болгодог.

Үргэлжлэл бий. Ц.Баасансүрэн “Өдрийн сонин” 

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Бусад

Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.

2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.

  • Галын аюулгүй байдал 40%
  • Эрүүл ахуйн 34%
  • Байгаль орчин 57%
  • Гэмт хэрэг, хэв журам 75%,
  • Барилга байгууламж 22.3%

НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим