Нийгэм
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль хэрэгжиж эхэллээ

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиуд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Эдгээр хуулийн танилцуулга болон холбогдох инфографикийг Та бүхэнд цувралаар хүргэж байна.
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ХУУЛЬ
Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Уг хууль 5 бүлэг, 39 зүйлтэй бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зорилтыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тодорхойлсон бөгөөд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг хуульд шинээр тусгасан болно. Үүнд:
2003 онд баталсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэдэггүй байсан бол шинэчлэн баталсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар бүртгэлийн үнэн зөв, нэгдмэл, бодитой байх нөхцөлийг бүрдүүлэх, эд хөрөнгийн бүхий л эрхийг улсын нэгдсэн бүртгэлд хамруулж, бүртгэлийн улсын хэмжээний статистик мэдээг үнэн зөв, бодитой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийг өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүй бүртгэхээр тусгасан.
Мөн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрын эрхээс салангид байдлаар бүртгэснээр газар олголтын давхардал, бүртгэлтэй холбоотой маргаан ихээр гардаг байдлыг өөрчилж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн нэгдмэл байдлыг бүрдүүлэх, зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн /барилга, байгууламж/ өмчлөх эрхийг түүний доорх болон орчны нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэх зохицуулалт шинээр орсон.
Түүнчлэн улсын бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, хөнгөвчлөх зорилгоор иргэн, хуулийн этгээдээс эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг цахим хэлбэрээр авах, бүртгэлийн байгууллагаас холбогдох лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр өгөх зохицуулалтыг хуульд тусгасан.
Улсын бүртгэлийг цахим хэлбэрээр хийх боломжийг бий болгосонтой холбогдуулан нотариатч нь улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр бүртгэлийн мэдээллийн санд хандаж, иргэн, хуулийн этгээдийн өмнөөс цахим бүртгэл хийх, зуучлалын үйл ажиллагаа явуулах боломжтой болсон.
Иргэний хуультай нийцүүлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон түүнтэй холбоотой бусад эрх үүсэхээр хуульчилж, улсын бүртгэлийн байгууллага өмчлөх эрхийг бүртгэлд бүртгэснийг нотолж, гэрчилгээ олгохоор тусгалаа.
Газар, эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэхэд иргэн, хуулийн этгээдийг төрийн байгууллага хооронд явуулж чирэгдэл үүсгэхгүй байх зорилгоор иргэнээс газар эзэмших, ашиглах хүсэлтийг газрын албанд гаргасан тохиолдолд аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, газрын даамал Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан дундын мэдээллийн санд хуульд заасан мэдээллийг оруулсны үндсэн цахимаар мэдүүлэг гаргах бөгөөд улсын бүртгэлийн байгууллага дундын мэдээллийн санд нэвтэрч уг мэдээллийг нягталж, шалгаад газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн дугаарыг дундын санруу илгээх бөгөөд газрын алба, газрын даамал улсын бүртгэлийн дугаарыг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд тусган иргэн, хуулийн этгээдэд олгохоор хуульчилсан.
Өмчлөх эрхийн баталгааг хангах, бүртгэлийн эрсдлийг бууруулах нөхцөлийг хангахын тулд эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх улсын бүртгэгч мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах зохицуулалтыг нэмж тусгасан.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль батлагдсанаар иргэд төрөөс чирэгдэлгүй, хурдан шуурхай, цахим үйлчилгээ авах эрх зүйн орчин бүрдэх, төрийн байгууллагууд мэдээлэл харилцан солилцох боломж бүрдэх, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх болон түүнтэй холбоотой бусад эрхийн талаар улсын нэгдсэн бүртгэлтэй болох, улсын хэмжээний статистик мэдээ бүрэн гүйцэд, үнэн зөв гарах, газар, түүний дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрын нэгж талбарт суурилсан, кадастрын зургийг үндэслэн бүртгэдэг бүртгэлийн системтэй болсноор газар олголтын давхардал, бүртгэлтэй холбоотой маргаан арилж, бүртгэл үнэн зөв, бодитой байх баталгаа хангагдах ач холбогдолтой.

Нийгэм
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.
Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
Нийгэм
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.
Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.
2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.
Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
-
Нийгэм18 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм20 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм20 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм20 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр19 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна