Нийгэм
Цасан шуурганд төөрсөн хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар эрс хүйтэрч, орон нутагт цасан болон шороон шуургатай байхыг цаг уурчид сануулж буй. Өнгөрсөн даваа гаригаас эхлэн цаг агаар муудаж, Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цас орсон бол өчигдөр Өвөрхангайн нутаг, Баянхонгорын хойд, Архангайн зүүн, Дундговь аймаг, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр цас орж шуурсан.
Цаг агаарын таагүй байдлын улмаас малдаа явсан нэг иргэн өчигдөр сураггүй алга болсон юм. Тодруулбал, Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 16:00 цаг орчимд малдаа явсан 25 настай эмэгтэй гэртээ ирэлгүй уджээ.
Ар гэрийнхэн нь дуудлага өгснөөр тус сумын Засаг даргаар ахлуулсан орон нутгийн иргэд алга болсон иргэнийг хайж, 24:00 цагт эсэн мэнд олсон аж. Мөн Сайхан-Овоо суманд 46 настай эрэгтэй малдаа яваад сураггүй гэсэн дуудлагын дагуу тус сумын Засаг даргаар ахлуулсан орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг эхлүүлж, шөнийн 02 цаг 30 минутын орчим эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Тус аймагт өнгөрсөн шөнө хур тунадас орж, салхи 18-20 метр секунд хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурчээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.