Бусад
Архангайн музейд хосгүй үнэт үзмэр Согд бичээст хөшөө чулуу хадгалагдаж байна

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн музей нь 1947 онд аймгийн орон нутаг судлах кабинет нэртэй 500 гаруй үзмэртэй байгуулагдаж, 1967 онд “Аймгийн орон нутаг судлах музей” болж XVII, XVIII зууны үед барьсан Халхын Зая гэгээнтнүүдийн Лаврин, Зүүн, Баруун сэмчин ордонд шилжин оржээ.
Аймгийн музей нь 1980-аад оны дунд үеэс 1990 оны дунд үе хүртэл үзмэр цуглуулгаараа төрөлжсөн түүхийн, байгалийн, угсаатны, шашны гэсэн музейд үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд 1996 онд түүхийн, угсаатны, шашны музейн цуглуулгыг нэгтгэн “Архангай аймгийн музейг” байгуулсан байна.
Архангай аймгийн музей нь орон нутгийн онцлог, нүүдэлчдийн түүх, соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, судлан сурталчлах, олон нийтийн боловсролыг дэмжих эрхэм зорилготой ажиллаж байна. Мөн үзүүллэгийн үндсэн чиглэл халх угсаатны бүлгийн эдийн болон оюуны соёл, халхын Зая бандида гэгээнтнүүдийн өв, Архангай нутгийн түүх соёлын биет ба биет бус өвийг цуглуулах дэлгэн үзүүлдэг байна.
Музей нь түүх, археологи, угсаатны зүй, шашны, урлаг уран сайхны цуглуулгуудтай, өнө эртний хуучин чулуун зэвсгийн үеэс өнөөг хүртэлх нүүдэлчдийн болоод Архангай нутгийн түүх, соёл, өв уламжлалыг дэлгэн үзүүлсэн түүх, угсаатан, шашны гэсэн байнгын үзүүллэгийн 5 танхимтай, түр үзэсгэлэнгийн 2 танхимтай, сан хөмрөгтөө 3800 гаруй үзмэртэй.
Музейн үзмэрүүдээс хосгүй үнэт үзмэрийн зэрэглэлд Бугатын дурсгал хэмээх согд бичээст хөшөө чулуу ордог. Энэхүү хөшөө чулууг 1956 онд археологич Ц.Доржсүрэн Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутгаас илрүүлэн олсон. Уг дурсгалын бүрэлдэхүүнд яст мэлхий сууринд суулгасан согд үсэгтэй гэрэлт хөшөө ордог. Гэрэлт хөшөө нь оройдоо хүүхэд хөхүүлж буй чонын дүрстэй, хөшөөний урд болон баруун, зүүн хажуу талд согд бичээстэй. Хөшөө, мэлхий суурь хоёрыг улбар өнгийн, нарийн ширхэгтэй боржин чулуугаар урласан. Хөшөөний өндөр сууриас дээш 198х73х20 см, мэлхий суурь 122х93х47 см. Бугатын дурсгалын согд бичээсийг тайлан уншсан эрдэмтэд уг хөшөөг МЭ 582 онд босгосон, Түрэгийн түрүү хаант улсын үеийн хамгийн эртний дурсгал гэж үздэг. Бичигт Нивар, Буман, Мухан, Таспар зэрэг Түрэгийн анхны төр улсыг үндэслэгч хаадын нэр, түүхэн үйл явдлыг тэмдэглэн бичсэн байдаг.
Бугатын дурсгал хэмээх согд бичээст хөшөө чулуу буюу Чонон хөшөө Мөн Архангай нутгаас олдсон түүх, археологийн олдвор чулуун зэвсэг, чулуун сав, нүдүүр, хүрэл зэвсгийн үед холбогдох хүрэл хазаар, шанага, хүрэл хутга, Хүннү ваар, хүрэл тогоо, Уйгурын үеийн эмэгтэй хүний хувцасны олдвор /МЭ VIII-IX зуун/, архангайчуудын дунд уламжлагдаж ирсэн эрт эдүгээгийн шанаган хуур, төрийн их ятга /XIX зуун/, мөсөн шагайн харваа, Далай Чойнхор вангийн хошууны нэрт дархан Ерэнтэй, Чавганц нарын урласан ган сийлбэр хэт бэл, дэвэр, домбо, бойпор, Халхын Зая бандида гэгээний зандан тамга, мөнгөн бишгүүр, шүүсний хутга, гутал, Луу гүний Вандан, Буур Жамъян аваргуудын хэрэглэж байсан эд зүйлс зэрэг онцлог үзмэрүүд музейд хадгалагдаж байна.
ДЭВЭР:
Зэсэн дээр алтан түрхэцтэй эргэн тойрон бадамлянхуа цэцгийн дэлбээ бүхий хээ угалзнуудтай дээд, доод хэсэгт бадмаа цэцгийн дэлбээтэй. Бариул болон цоргыг лууны толгой гаргаж хийсэн. Хүзүүндээ бадмаа цэцгийн дэлбээтэй таг нь цэцгэн хээтэй хорол бадмаа бариултай цэцэг болон лууны толгойг ухаж сийлсэн. Маш гоёмсог нарийн хийцтэй. Тариат сумын Аюушжав хэрэглэж байсан. 1963 оноос хойш музейд хадгалагдаж байна.
ХОС ДОМБО:
Зэсийг хэлбэж хөөж бөөрөнхийлж гагнаж хийсэн. Бүсийг нь луун хээ цувцаадах аргаар хөөж цохиж мөнгөөр өнгөлсөн. Лууны хэлбэрийг бүтнээр нь гаргасан бариултай. Бариулыг нь мөн мөнгөөр өнгөлсөн 5 ш бүслүүртэй. Гэндэнбалжир хэрэглэж байсан. 1957 оноос хойш музейд хадгалж байна.
ХЭТ ХУТГА:
Зааны ясан тоногтой, ган төмөр бүслүүртэй, сум модон хуйтай хэт хутга. 2ш бэл, 1ш тээг, 1ш хэт, 2ш савхтай, 1ш хутга. Хутганы иш хуй зааны яс болон хүрэн сум модтой. Луу гүний вандан аварга хэрэглэж байсан. 1997 оноос хойш музейд хадгалж байна.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.