Энтертайнмент
Э.Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчиллээ
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хүчний гурван төрөлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэмцээн шахалт, суулт, таталтаар улсын аваргуудыг тодруулсаар байна. Тэмцээний үеэр олон дээд амжилтууд шинэчлэн тогтоогдож, дэлхийн дээд амжилт шинэчлэгдлээ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Содномпилжээ хэвтээ шахалтын төрөлд оролцож, дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоолоо. Тэрбээр эхний оролтоор 242 кг-ыг шахаж, 247 кг, 252 кг-ыг өргөснөөр дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн юм. Сүүлийн оролдлогоор 255 кг-ыг амжилттай шахаж улсын аварга боллоо. Түүний энэ амжилтыг ойрын үед эвдэхээргүй боллоо гэдгийг дасгалжуулагч Д.Баттулга хэллээ. Үүнээс өмнөх дэлхийн дээд амжилтыг Э.Содномпилжээ 243 кг-ыг шахсан амжилтаар эзэмшиж байв.
“Рио 2016” паралимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, Дэлхийн цомын аварга, Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ нутгийн дэвжээнд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.Мөн насанд хүрэгчдийн эмэгтэйчүдийн +63 кг-ын жинд “Стронг” клубын тамирчин, 17 настай Ч.Анужин суултын төрөлд 188 кг-ын амжилттай өргөж, улсын аварга болжээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн УАШТ-ий бүх насны болон жин тус бүрийн дээд амжилтын эзэн болсон байна. Пауэрлифтингийн спортоор хичээллээд удаагүй байгаа түүний энэ амжилт нь тив, дэлхий тэмцээнээс медаль хүртэхэд хангалттай үзүүлэлт аж.
Мөн хөвгүүдийн +74 кг-ын жинд “Аварга” лицей сургуулийн сурагч Б.Цогт суултын төрөлд 235 кг-ыг өргөж, дээд амжилтыг тогтоожээ.
2019 оны УАШТ-ий оролцогчдын тоо эрс нэмэгдэж 100 гаруй болсон бол дээд амжилтууд шинэчлэн тогтоогдсоор байна. Тэмцээн өнөөдөр өндөрлөнө.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.