Дэлхий дахинд
Цагаан ордон Трамп, Путин нарын уулзалтын тэмдэглэлийг конгресст өгөхөөс татгалзав
АНУ-ын конгрессийн гурван байнгын хороо Америк, Оросын ерөнхийлөгч нарын уулзалтын тэмдэглэлийг гаргаж өгөхийг Цагаан ордны захиргаанаас шаардсан юм.
Өнгөрсөн оны долдугаар сард Дональд Трамп, Владимир Путин нар Финландын нийслэл Хельсинки хотод уулзсан билээ. Энэ үеэр тэд зөвхөн орчуулагч оролцуулан хаалттай хаалганы цаана ярилцсан нь олон хүнд сэжиг төрүүлж байв.
Тэгвэл Цагаан ордны төлөөлөгч Пат Чиполлоне өчигдөр конгрессийн төлөөлөгчдийн танхимд ирүүлсэн хариу захидалдаа уулзалтын тэмдэглэлийг өгөхөөс татгалзжээ.
Уг захидалд “Ерөнхийлөгч нь гадаад орнуудын удирдагч нартай уулзахдаа мэдээлэл нь задрахаас айлгүйгээр чөлөөтэй ярилцах ёстой” гэж тэр татгалзсан шалтгаанаа тайлбарласан байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон конгрессийн сонгуулийн үр дүнд төлөөлөгчдийн танхимд Ардчилсан намынхан олонх болсон. Тэр үеэс хойш төлөөлөгчдийн танхим Цагаан ордны үйл ажиллагааг хянанж шалгах нь улам эрчимжээд байна.
2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Оросын талаас ямар оролцоо байсныг мөрдөн шалгах үүрэгтэй АНУ-ын ерөнхий прокурорын тусгай төлөөлөгч Роберт Мюллер ажлынхаа тайланг удахгүй танилцуулах гэж байгаа юм.
Тэрээр тайлангаа эхлээд ерөнхий прокурорт илгээх бөгөөд үүний дараа олон нийтэд ил болгох, эсвэл зөвхөн конгресст танилцуулахыг шийдэх ажээ.
Эх сурвалж: Associated Press