Бусад
ХАВРЫН ЯДАРГААГ АЖРАЛГҮЙ ДАВАХ АРГУУД

Сүүлийн үед жаахан ядраад л, эрч хүчгүй, идэвхгүй байдлынхаа бурууг хаврын улиралд тохчихоод явж байгаа хүмүүс байна уу? Цөөнгүй байгаа байх гэж бодож байна. Хавар хүн ядарч алжаадаг нь үнэн. Гэхдээ бид өөрсдөө багахан хүчин чармайлт гаргахад л хаврын ядаргаанаас сэргийлж, ажил амьдралаа цалгардуулалгүй хэвийн үргэлжлүүлэх бүрэн боломжтой билээ.
ХООЛ ХҮНСЭНДЭЭ АНХААР
Өвлийн хүйтэн, хөдөлгөөн багатай, нарны гэрэл муу өдрүүдийг давахын тулд хүний бие олон төрлийн гормоныг ялгаруулж, зохицуулалт хийдэг гэнэ. Ийм л учраас хавар болоход хүний бие сульдаж ядарсан байдаг аж.
Үүнийг давах нэг арга бол гарцаагүй хоол хүнс билээ. Наад зах нь өглөө заавал цайгаа ууж гарах, оройн цагаар хэт их хоол идэхээс зайлсхийх, өвлийн улиралд алдсан амин дэмээ нөхөх хэрэгтэй. Давхар хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэж, амин дэмийн хэрэгцээгээ нөхөх нь зүйтэй.
ЗӨВ ДАДЛУУДЫГ ХЭВШҮҮЛ
Дадал гэдэг хүний бодож санах ачааллыг багасгаж, тэр хэрээр бага ядраадаг. Тэр дундаа, заавал хэвшүүлэхийг хичээх ёстой нэг дадал бол орой өглөөдөө тогтсон нэг цагт унтаж, сэрдэг байх явдал юм. Нойр нь биеийн хэмнэлийг удирдаж, идэвх бүтээмжид хамгийн гол нөлөөтэй зүйл.
Зөв сайн дадлуудыг суулгахын тулд жижиг юмнаас эхлэх нь зөв байдаг. Жишээ нь та өглөө босоод зарим үед ороо хурааж амждаггүй бол заавал хураадаг бол. Ор хураах нь ажил гэж хэлэхэд ч багадахаар зүйл боловч юм хийж бүтээсэн мэдрэмжийг өгч, гэрээс өөдрөг гарахад тусална. Түүнчлэн өглөө бүр ядаж 10 минутыг тухайн өдрийн ажлаа төлөвлөхөд зарцуулж сураарай. Тони Роббинс “Та өөртөө ядаж 10 минут гаргаж чадахгүй бол ерөөсөө амьдарч чадахгүй гэсэн үг” хэмээн хэлж байсан юм шүү.ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙ
Хавар байгаль дэлхийг дагаад юм бүхэн л идэвхжиж сэргэдэг шүү дээ. Ажил ч ундрах хандлагатай байдаг. Энэ үед ажлаа, хийх юмаа сайн төлөвлөхгүй бол болохгүй. Очих арга хэмжээ, унших ном, үзэх кино маш их болсон үед өмнөө тааралдсан болгоныг барьж авдаг байвал нэг л их завгүй хэрнээ бүтээмж багатай хүн болж хувирна. Иймд өдөр тутам хийж байгаа зүйлсээ дунд хугацааны болон хэтийн зорилготойгоо уяж, амьдралын хэмнэлдээ таарсан төлөвлөгөө гаргавал хийж байгаа зүйлс тань илүү үр дүнтэй, үнэ цэнтэй байхаас гадна ядрах, залхах сэтгэгдэл бага төрнө.Цаг нь тулсан ажлууд л бидний стрессдүүлж ядраадаг тул төлөвлөлт сайн хийж, ажлуудаа бага багаар тогтвортой урагшлуулаарай.
ХОББИ, ДУРТАЙ ЮМАНДАА ЦАГ ЗАРЦУУЛЖ, ӨӨДРӨГ БАЙ
Хүн амьдралын баяр баяслыг хаанаа олж авдаг вэ? Мэдээж дуртай зүйлээ хийхээс шүү дээ. Хүндхэн ажлын өдрүүдийн дараа дуртай юмаа хийж сэтгэл санаа, бие махбодоо сэргээх шиг сайхан зүйл байхгүй. Найз нөхөдтэйгээ уулз, шинэ арга хэмжээнд оч, гэр бүлийнхэнтэй цагийг хамтдаа өнгөрүүл. Мөн ядрах, идэвхгүй байх зэрэг нь ихэвчлэн сэтгэл санаанаас шалтгаалдаг. Тиймээс таалагдсан хувцсаа өмсөж, дуртай хоолоо идэж, өөрийгөө эерэг, өөдрөг байлгаарай. Тэгвэл аяндаа энэ байдал сэтгэл санаанд тань нөлөөлж, аажимдаа бие махбодыг идэвхжүүлэх болно.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.