Бусад
Бугын эвэр унахтай зэрэгцэн хулгайн анчдын “гүйдэл“ эхэлжээ

Нийслэлээс 100 км хүрэхгүй газарт орших Хустайн нуруунд 1200 халиун буга нутагшиж байна. Анх 50 орчим байсан халиун буга Хустайн нурууг 1992 онд тусгай хамгаалалтад авснаас хойш тоо толгой нь эрс өсчээ. Гэвч бугын эвэр унахтай зэрэгцээд хулгайн анчдын “гүйдэл” эхэлдэг байна.
Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай гэсэн гурван сумын дунд 50.6 га газрыг хамран орших Хустайн байгалийн цогцолбор газарт эх нутаггаа устаад байсан тахийг нутагшуулсан. Тахиас гадна халиун буга, бор гөрөөс, цагаан зээр, аргаль, тарвага, дорго, үнэг, хярс, мануул, шилүүс зэрэг 55 зүйлийн хөхтөн амьтан, цармын бүргэд, нөмрөг тас, шонхор, өрөв тас зэрэг 200 гаруй зүйлийн шувуу нутагладаг байна. Улаанбаатар хотод ойрхон хэдий ч ховор олон ан амьтантай тус цогцолбор газрыг сэтгүүлчдийн баг өнгөрсөн амралтын өдөр зорилоо. Улаанбаатарт төрж өссөн, таван хошуу малаас өөр ан амьтан хараагүй шахам надад Хустайн байгалийн цогцолбор газрын ховор сайхан амьтдыг харах боломж олдсонд олзуурхсанаа нуух юун. Хусан ой нь устаж үгүй болсон ч сүрлэг харагдах нурууг дагаж тарваганууд дошин дээрээ гүйлдэж харагдана. Хэсэг явсны дараа тахь, халиун буга, согоо, цагаан зээрийн сүрэг тайван идээшилж байгаатай таарсан нь зэрлэг амьтад амгалан тайван амьдрах орчныг Хустайн байгалийн цогцолбор газрынхан бүрдүүлж чаджээ.
Харамсалтай нь, халиун бугын хувьд хаврын энэ тарчиг цагтай зэрэгцэн амгалан тайван байдал нь алдагдаж, зүй бусаар хоргодох эрсдэл нэмэгддэг байна. Учир нь, халиун бугын цусан эвэр яг өдийд байгалийн жамаараа унахтай зэрэгцээд ашиг олох гэсэн хулгайн анчдын “ажил” эхэлдэг байна.
Тэд хаврын энэ тарчиг цагт турж эцсэн бугыг автомашин, мотоциклиор өртөөлөн хөөж, бахардуулан унагааж эврийг нь хөрөөдөх, чулуу, сүхээр хуга цохин авдаг байна. Бахардалгүй зугтаж чадсан нь шөнө нь хэвтэр дээрээ үхээд хонодог аж. Харин согоо нь өдийд хээлтэй байдаг тул айлгаж, үргээхэд л хээл алдах өндөр эрсдэлтэй.
Зөвхөн эврийх нь төлөө дэлхийд ховорт тооцогддог халиун бугыг үр төлтэй нь хөнөөдөг жигшүүрт энэ явдал жилийн жилд тохиолддог. Өнгөрсөн жил гэхэд л эврийг нь авахын тулд есөн бугыг хууль бусаар агнасан хэрэг гарсан байдаг.
Энэхүү зүй бус үйлдлийг зогсоохын тулд байгаль хамгаалагчид өдөр, шөнөгүй ажилласаар байна. Хустайн байгалийн цогцолбор газар 12 байгаль хамгаалагчтай. Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар үзэгдэх орчноос хамаарч уулын хээрт 50 мянган га-д нэг байгаль хамгаалагч байх нормтой. Хустайн нурууны цогцолбор газарт 50 мянган га-д 12 байгаль хамгаалагч ажиллаж, нэг хүнд дунджаар 4000 га талбай ногддог байна. Тиймдээ ч хамгаалалт харьцангуй сайн болохыг тус газрын Хамгаалалтын албаны дарга Г.Ууганбаяр онцолж байлаа. Хулгайн анчдын арга нь нарийсч, улсын дугааргүй автомашинаар зугтдаг ч эцэст нь хэрэгтнийг олдог гэдгийг ч тэрбээр хэлж байсан юм.
Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, ахмад А.Манлай “Сүүлийн таван жилийн байдлаар хууль бус ангийн гэмт хэргийн гаралт өссөн. 2019 он гарснаас хойш 20хэргийг бүртгэн шалгаж байна. Тэр дундаа ховор амьтан болох халиун буга, хүрэн баавгайн эвэр, арьс, үсийг нь авах зорилгоор ихээр агнаж байна. Эрүүгийн хуульд улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг агнасан, барьсан тэжээсэн, гаршуулсан, тэдгээрийн гаралтай эд эрхтэнг авсан, тээвэрлэсэн, хадгалсан бол 1-5 жил, нэн ховор амьтдын эд эрхтэнг авсан тохиолдолд 2-8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг” гэлээ.Нэн ховор амьтныг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар агнаж, барьж болдог байна. Мөн тодорхой нутаг дэвсгэрт амьтдын сүргийн бүтцийг зохицуулах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор тусгай байгууллага, агнах, барихыг зөвшөөрснөөс бусад тохиолдолд нэн ховор, ховор амьтдыг агнахыг хориглосон байдаг. Ховор буюу нэн ховор амьтныг хууль бусаар агнаж байгаа иргэд ихэнхдээ эд эрхтнийг нь зарж борлуулах, улсын хилээр гаргах зэрэг ашиг хонжоо олох зорилго агуулдаг байна. Мөн шашны зан үйлд зэрлэг амьтны гаралтай эд зүйлийг ихээр ашиглаж байгаа нь гэмт хэрэг үйлдэх шалтгааныг өсгөдөг гэнэ.
Хустайн байгалийн цогцолбор газрыг дэлхийд үлдсэн цорын ганц зэрлэг адуу болох тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах хөтөлбөрийн хүрээнд анх 1992 онд байгуулжээ. Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны Зүйлийг авран хамгаалах комиссын Адуу судлаачдын баг тус бүрдээ үржлийн тахь нь 50-иас дээш, нийт тоо нь 250-иас олон 10 гаруй популяц бий болгохоор Монголд гурван газарт тахийг сэргээн нутагшуулсан нь Монгол Улс өнөөдөр дэлхий дээр хамгийн олон тахьтайд тооцогдоод байгаа юм. Тус газрын захирал Ц.Дашпүрэв “Хустайн цогцолбор газарт 333 тахь байна. Өнгөрсөн онд тахийн сүрэг эрчимтэй өссөн. 62 гүү унагалснаас 41 нь бойжиж байна. Энэ нь сүүлийн 10 гаруй жил гараагүй амжилт гэж хэлж болно. Одоогоор үржлийн 34 сүрэгт хуваасан. Ирэх сарын 20-ноос унагалж эхэлнэ” гэв.
Хустайг дархан цаазат бусад газартай харьцуулахад харьцангуй бага газар нутгийг хамардаг. Мөн Улаанбаатар хоттой ойр оршдог учир орчны бүсэд малчин өрхийн тоо их аж. Тиймээс орчны бүсийн бэлчээрийн байдал доройтсоноос ойр хавийн малчид Хустайн байгалийн цогцолбор газрын хил давуулан малаа бэлчээдэг гэнэ. Хустайн нуруунд ердөө 20-иодхон жилийн өмнө бэлчиж байгаа хонины нуруу харагдах төдий өндөр өвс, ургамалтай байсан гэдэг. Гэтэл өнөөдөр зуны дэлгэр цагт шагай хүргэх төдий өвстэй болсныг тус газрынхан хэлж байлаа. Тус газарт мал бэлчээрлэхийг хориглодог ч гурван сумын малчдын 80 гаруй, тавиултайгаа нийлээд 100 гаруй мянган мал байгалийн цогцолбор газарт бэлчээрлэж байгаагаас байгалийн тогтолцоо нь алдагдаж, бэлчээрийн доройтолд нэрвэгдэж байна. Малчид энэ шалтгааныг үлийн цагаан оготно өссөнтэй холбон тайлбарлаж ирсэн. Тиймээс төр, засгаас үлийн цагаан оготныг устгахад улсын төсөвт жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө суулгадаг. Тэгвэл жилд дөрвөн удаа үржилд ордог, нэг удаа үржихдээ 5-9 зулзага гаргаж, асар хурдан үрждэг энэ амьтныг устгаснаар бэлчээр хамгаалахад нөлөөлөхгүй. Учир нь, ганцхан зуны настай үлийн цагаан оготно өндөр өвстэй үед бие биенийгээ харж үржилд орж чаддаггүй, хэдхэн сар болоод л тоо толгой нь өсөлгүй байгалийн жамаар устдаг болохыг Хустайн байгалийн цогцолборт газрын Судалгаа, сургалтын албаны ургамлын биологич Ц.Цэрэндулам хэлж байлаа. Тэрбээр “Нэг хонь өдөрт 1.5 кг хуурай өвс иддэг гэж тооцохоор 1000 хонь ганцхан өдөрт 1500 кг өвс иддэг гэсэн үг. Малчид байгалиас ийм их үйлчилгээ авч, бүгдийг үнэгүй хүртдэг хэрнээ хамгаалах талд хэтэрхий хойрго ханддаг. Ялангуяа цогцолборт газрын хилийн урд хэсгээр малчид малаа оруулдгаас бэлчээрийн доройтол дээд цэгтээ туллаа. Энэ байдал удаан үргэлжилбэл экологийн сүйрэл бодитоор нүүрлэх аюултай. Энэ мэт доройтол, сүйрлээс хамгаалахын тулд малын тоо толгойг бууруулах талаар онцгой анхаарч, өсгөж үржүүлснийг нь шагнах бус цөөн тооны чанартай малтайг нь дэмжих бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй” гэлээ.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм9 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм11 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм11 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр10 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Нийгэм9 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр11 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо