Дэлхий дахинд
Оросуудыг Венесуэлиэс явахыг Дональд Трамп шаардав
Өчигдөр Цагаан ордонд Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн гэргийг хүлээж авч уулзсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ыг Венесуэлиэс цэргээ гаргахыг шаарджээ.
Дэлхийн 50 гаруй улс орны засгийн газар Хуан Гуайдог Венесуэлийн хууль ёсны удирдагч хэмээн хүлээн зөвшөөрөөд байгаа. Гуайдогийн гэргий Фабиана Розалесыг өчигдөр Трамп болон дэд ерөнхийлөгч Майк Пэнс нар хүлээн авч уулзсан юм.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ОХУ-ын армийн нисэх онгоцоор Венесуэльд Оросын 100 орчим цэргийн алба хаагч ирж буусан гэх мэдээлэл тараад байгаа. Тэднийг тусгай хүчний цэргүүд болон кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд гэж АНУ-ын засаг захиргаа таамаглаж байна.
Сэтгүүлчид Трампаас Оросын цэргийг ямар арга замаар Венесуэлиэс гаргах төлөвлөгөөтэй байгааг асуухад тэр “Юу болохыг харцгаая. Бүх аргыг хэрэглэх боломж нээлттэй байгаа” гэж хариулжээ.
Дэд ерөнхийлөгч Майк Пэнс “Өнгөрсөн долоо хоногт Оросын цэргийн нисэх онгоцнууд Венесуэльд ирснийг АНУ-ын засгийн газар өдөөн хатгалга гэж харж байна” хэмээн ярьсан юм.
“Бид Орос улсыг Мадурогийн дэглэмийг дэмжихээ зогсоож, Хуан Гуайдо болон түүнийг дэмжигч улс орнуудтай нэгдэхийг уриалж байна” гэж тэр цааш нь ярьжээ.
Сөрөг хүчний хяналтад байгаа Үндэсний Ассемблэйн дарга Хуан Гуайдо нэгдүгээр сард өөрийгөө Венесуэлийн албан ёсны ерөнхийлөгчөөр зарласан.
Николас Мадуро 2018 оны тавдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдож, мөн нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсон юм.
Венесуэльд олон тэрбумын хөрөнгө оруулсан ОХУ-ын эрх баригчид одоог хүртэл Мадурогийн засаглалыг дэмжиж байна.
Эх сурвалж: Reuters