Дэлхий дахинд
Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 9,7 тэрбум болно
НҮБ-ын Хүн ам ба хөгжлийн олон улсын ээлжит бага хурал даваа гаригт /2019.04.02/ болж өндөрлөжээ. Уг хурлын үеэр танилцуулсан тайланд 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9,7 тэрбум, 2100 он гэхэд 11 тэрбум хүрэх төлөвтэй байна гэж дурджээ. Мөн хүн амын тасралтгүй өсөлт, нягтаршил, түүнийг дагасан их хөгжил цэцэглэлт нь байгалийн нөөц, экосистемд маш их хохирол учруулна хэмээн тайланд бичсэн байна. Судалгааны тайланд дурдсанаар 2050 он гэхэд хүн амын 68 хувь нь хот суурин газар амьдардаг болох аж. Одоогийн байдлаар 56 хувь нь хотод амьдарч байна.
Хүн амын өсөлтийн тухай асуудал 1960-аад оны үеэс НҮБ-ын төвшинд яригдах болжээ. 1987 оны долдугаар сарын 11-нд манай гаригийн таван тэрбум дахь хүн мэндэлсэн байдаг. Германы хүн амын сангаас гаргасан тооцоогоор манай дэлхий дээр нэг секундэд 2,6 хүн мэндэлж байна. Өөрөөр хэлбэл, долоо хоногт 1 сая 500 мянган хүн шинээр мэндэлж, дэлхийн хүн ам жилд 80 орчим саяар нэмэгдэж байна гэсэн үг юм. Өндөр настнууд буюу 60 болон түүнээс дээш насны иргэд 2050 онд хоёр дахин, харин 2100 онд гурав дахин буюу түүнээс ихээр нэмэгдэх хандлагатай байна. Дэлхийн хүн амд эзлэх өндөр настнуудын тоо 2017 онд 962 сая байсан бол 2050 онд 2,1 тэрбум улмаар 2100 онд 3,1 тэрбумд хүрнэ гэж дээрх судалгаанд дурджээ.
Хүн ам ба хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурлын үйл ажиллагааны хөтөлбөрийг 1994 онд Египетийн Кайр хотод баталж байсан ба энэ жил 25 жилийн ой нь тохиож байгаа юм байна.
Эх сурвалж:XINHUA