Эдийн засаг
“Үндэсний давхар даатгал” валютын урсгалыг тогтоож, салбарын хөгжлийг хурдасгана
Монгол Улс сүүлийн таван жилд нийт 236 сая ам.долларыг даатгалын салбараа давхар даатгахын тулд хилийн чанад руу урсгажээ. Санхүү, эдийн засгийн шүхэр болдог даатгалын салбарыг өөрийг нь эрсдэлээс хамгаалахын тулд Монгол Улсын төсвийн бараг таван хувьтай тэнцэх энэ мөнгийг гадагш алдсан байх юм.
Уг нь энэ хэмжээний валютыг дотоодод тогтоосон бол ам.доллараар байнга ангаж цангадаг Монгол Улсын төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулж, төгрөгийн ханшийг хадгалахад дэмжлэг үзүүлэхээр байв. Гэвч Монгол Улсад үндэсний давхар даатгалын тогтолцоо бүрэн бүрдэлгүй өдий хүрснээс манай улс жил бүр их хэмжээний валютын урсгалыг гадаад руу урсгасаар байна. Цаашлаад давхар даатгалын төлбөрийг даган төлбөрийн тэнцлийн дарамт нэмэгдэж, “ногоон”-ы ноёрхол улам гаарч, иргэдийн хэтэвчин дэх төгрөг үнэ цэнээ алдсаар.
Ингээд зогсохгүй, Монгол Улс давхар даатгалын төлбөрт хэдий хэмжээний мөнгө алдаж буй талаарх нэгдсэн дүн өнөөг хүртэл тодорхойгүй. Холбогдох байгууллагуудын мэдээлэл хоорондоо зөрсөөр. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллээр сүүлийн таван жилд манай улсын нийт даатгалын хураамжийн 30 гаруй хувь буюу 80 сая ам.доллар гадаадын давхар даатгалын компаниудад шилжжээ.
Гэтэл төв банкны сүүлийн таван жилийн төлбөрийн тэнцлийн тайланд даатгалын салбарын гадаад гүйлгээ 236.4 сая ам.доллартай тэнцэж байгаа. Өөрөөр хэлбэл, санхүүгийн зах зээлийн гол хоёр байгууллагын мэдээлэл бараг 150 сая ам.доллараар зөрж байна. Түүнчлэн Монгол Улс ачаа тээвраа давхар даатгуулахад мөнгөнийхөө дийлэнхийг зарцуулдаг байна. Монгол банкны мэдээллээр даатгалын салбарын валютаар шилжүүлгийн тэн хагасыг ачаа тээврийн зардал бүрдүүлж байна.
Энэ хэрээр даатгалын салбарын мөнгөн урсгал зуун задгай, жаран хагархай. Компаниуд хилийн чанад руу хийсэн давхар даатгалын хураамжаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэхгүй байгаа нь валютын ханшид сөргөөр нөлөөлөөд зогсохгүй манай даатгалын салбарын хөгжилд ч нөлөө үзүүлж байна.
Учир нь давхар даатгалын тогтолцоо нь энэ салбарын хөгжлийн хөтөч болдог аж. Тиймээс давхар даатгалын тогтолцоог хөгжүүлж, валютын гадагшлах урсгалыг хазаарлахын тулд улс орнуудын төр засаг ихээхэн анхаараг аж. Улсын санхүү, эдийн засгийн эрсдэлийн гол “бамбай” болсон давхар даатгалын тогтолцоог эхлээд төр нь хэрэгжүүлж, улмаар олон нийтийнх болгодог жишиг олон улсад хэдийнэ тогтжээ. Өөрөөр хэлбэл, эхлээд төр эрсдэл үүрэн зах зээлд төрүүлээд, хөл дээрээ босмогц нь хувьчилчихдаг гэсэн үг.
Тухайлбал, манай өмнөд хөршийн Засгийн газар төрийн өмчит Хятадын давхар даатгалын группыг одоогоос хэдэн жилийн өмнө байгуулсан нь тус улсад даатгалын салбар хөгжихэд түлхэц болсон байна. Тус групп нь зөвхөн давхар даатгал бус шууд даатгал, хөрөнгийн удирдлага, даатгалын брокер, хэвлэл мэдээллийн үйлчилгээ үзүүлж, олон улсын хэмжээний тоглогч болоод байна.
Тэгвэл бидэнтэй нэг бүс нутагт оршдог БНСУ одоогоос бараг 100 жилийн өмнө буюу 1921 онд даатгалын салбарыг хөгжүүлж дотоодын хөрөнгийн гадагш чиглэсэн урсгалыг сааруулж дотоодын аж үйлдвэр, бизнесийг хамгаалж хөгжүүлэх зорилгоор урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх анхны компани байгуулж байжээ. 2002, 2003 онд тус улсад хар салхины аюул тохиолдсоны улмаас тариалангын даатгалын хохирол 434 хувьд хүрч, хувийн даатгалын компаниуд болон гадаадын давхар даатгалын компаниуд давхар даатгалын үйлчилгээ үзүүлэхээс зайлсхийж эхэлжээ. Тиймээс дотоодын иргэд, бизнес эрхлэгчдээ эрсдэлээс хамгаалж, хохирлыг нь нөхөн төлөхийн тулд тус улсын Засгийн газар төрийн оролцоотой давхар даатгалын үйлчилгээг Тариалангын даатгалд үзүүлж байгаа юм.
Энэ мэт улс орнуудын төр засаг илүү хариуцлага хүлээн, ард иргэд, бизнес эрхлэгчид болон эрсдэлээс хамгаалж, давхар даатгалыг тогтолцоог бий болгоход голлох үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ жишгийн дагуу ард иргэд нь арга мухардахад алгаа дэлгэх, найдвартай давхар даатгалын тогтолцоог бий болгох үүрэг төрийн өмнө тулгарсан. Тиймээс давхар даатгалын үйл ажиллагаа явуулах эрхийг өмнө нь өндөр эрсдэл бүхий хөдөө аж ахуйн салбарт давхар даатгалын үйллчилгээ үзүүлж байсан “Хөдөө аж ахуйн давхар даатгал” компанийн үүрэг, үйл ажиллагааны чиглэлийг өргөжүүлж, “Үндэсний давхар даатгал” хувьцаат компани болгоод байна.
Ингэснээр Монголын санхүү, эдийн засаг, даатгалын салбарт цөөнгүй эерэг нөлөө дагуулахаар байна. Тодруулбал, давхар даатгалын үндэсний хэмжээний тоглогч бий болсноор энэ төрлийн үйлчилгээ даган хилийн чанар руу хэд бол хэдэн сая ам.доллараар урсаж оддог валютын урсгал дотоодод үлдэж, төлбөрийн тэмцэл, төгрөгийн ханшийн дарамт буурна. Мөн өнөөг хүртэл зөрүүтэй байгаа даатгалын нэгдсэн мэдээллийн тогтолцоо бүрдэж, энэ зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх, өсөн дэвжих хөгжүүлэх хөшүүрэг бий болох юм.
Цаашлаад, дотоодын даатгалын компаниуд давхар даатгалын төлбөр болгон урсгадаг төлбөрөө төгрөгөөр хийх боломж бүрдэж, ханшийн эрсдэлээс хамгаалагдах юм. Мөн дотоод иргэд, даатгуулагчид олгох нөхөн төлбөр шуурхай шийдүүлэх боломжийг үндэсний компани нээж байгаа юм. Улмаар дотоодын даатгалын зах зээлийн нөөц хөрөнгө нэмэгдсэнээр бусад салбарт үзүүлэх хөрөнгө оруулалтыг сайжруулах аж.
Аль ч улсын тогтвортой хөгжлийн нэг тулгуур нь яах аргагүй даатгал. Эрсдэлээ бууруулж, банк, хөрөнгийн зах зээл, даатгал гэсэн санхүүгийн гол тулгууруудаа зэрэгцэн хөгжүүлэхгүйгээр өсөн дэвжиж, өөдлөн дээшилсэн улс орон дэлхийд нэгээхэн ч үгүй. Тиймээс улсын эдийн засаг амин чухал энэ салбарыг хөгжүүлэхийн тулд төр засаг, түүний холбогдох байгууллагууд хууль эрхзүй, зохицуулалтын таатай орчин нөхцөл бүрдүүлж, идэвхийлэн оролцдог байна.
Монгол Улсын даатгалын салбар ч манай санхүүгийн зах зээлийн тулгын гурван чулууны нэг юм. Сүүлийн жилүүдэд энэ салбарын хөрөнгө оруулалт, зах зээлийн хэмжээ огцом биш тасралтгүй өссөөр буй. Монголын эдийн засаг өргөжин тэлж, өсөн дэвжихийн хэрээр даатгалын зах зээл найдвартай, эрсдэлээс ангид байх хэрэгцээ шаардлага улам бий болсоор байна. Иймд 90 орчим жилийн түүхтэй энэ салбарын хөгжлийг хурдасгаж, эрсдэлийг бууруулахад төрийн оролцоотой, үндэсний хэмжээний давхар даатгалын компани чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Бусад22 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм4 цаг өмнө
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
-
Нийгэм5 цаг өмнө
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
-
Улс төр5 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ