Connect with us

Улс төр

Ц.Оюунбаатар: “Хонгил”-ыг нураахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх ёстой

Нийтэлсэн

-

МАХН-ын дэд дарга, хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатартай ярилцлаа.

-С.Зоригийг хөнөөсөн гүйцэтгэгчдийг илрүүллээ гэж ид шуугиж байсан 2015 онд та “Мэргэжлийн мөрдөн байцаагч, прокурор байсны хувьд надад  эргэлзээ байна. Энэ асуудалд би  шүүмжлэлтэй хандаж байгаа” гэж байсан. Сая эрүү шүүлтийн бичлэг ил боллоо. Хүний эрхийн хуульчийн хувьд юу гэж дүгнэж байна? 
-Монголын нийгэм маш том хямралд орж, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа бүрэн дампуурсан. Ийм л нөхцөл байдал бий болж байгаа. Энэ зөвхөн өнөөдөр бий болчихоогүй. Ийм байдалд хүргэсэн Ерөнхийлөгч, улс төрийн олигарх бүлэглэл, гар хөл нь болж хэрэгжүүлсэн хүмүүс буруутай. Бид асуудлыг удаа дараа, ялангуяа 2012 оноос хойш байнга ярьж анхааруулж ирсэн. Монголын нийгэм буруу тийшээ явчихлаа, улс төр бизнесийн олигархи бүлэглэл засгийн эрхийг үндсэндээ хянаж, хууль хяналтын байгууллагад өөрсдийн төлөөллийг оруулж, дур зоргоор авирладаг боллоо.

Хүний эрх, эрх чөлөөг бодитой болгож байж бид өөрчлөгдөнө. Ийм учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээрээ хэлэлцүүлэх шаардлагатай.

Тухайлбал, Н.Энхбаярт Эрүүгийн хуульд байхгүй хэрэг тулгаж, хүч хэрэглэн баривчилж, эрүүдэн шүүсэн, хуурай өлсгөлөнд оруулж тамлаж, үүнийгээ бичлэгээр хийсэн. Энэ үйлдлээ  авлигатай тэмцэж байгаа мэтээр нийгэмд, дэлхий дахинд  харуулахыг оролдсон. С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг ялласан зохиомол хэрэг ч тийм байгаа. Өөрөөр хэлбэл, С.Зоригийн хэргийг шалгах нэрээр эрүүдэн шүүсэн нь бодитой зүйл.  Н.Энхбаяр гэдэг хүн дээр эрүүдэн шүүлт анх эхэлж, цааш үргэлжилсэн.

Эрх баригчдад таалагдаагүй, тэднийг шүүмжилсэн, сөрж зогссон улс төрийн хүчний төлөөллүүдийг эрүүдэн шүүсэн асуудал тултал явсан. Шалгах юм бол 1937, 1938 оны хэлмэгдүүлэлт шиг, түүнээс ч ноцтой зүйлүүд хэдэн арав, зуугаараа гарч ирнэ.

Би хуулийн байгууллагад 1992 оноос ажиллахаа больсон ч, өнөөгийн прокурорын байгууллага цагдаа  арга барилаар ажилладаг боллоо, хараат бус шүүх байхаа байлаа, улс төр бизнесийн бүлэглэлийн нөлөөгөөр шүүн таслаж байна гэсэн шүүмжлэлийг дотроос нь байнга сонсч байсан. Их төлөв “Бидний дээр нэг дарга авчраад тавьчихсан, яах ч арга алга” гэж өөрсдийн арчаагүйг хэлдэг байсан. Хамгийн гол нь энэ үйл явц нь өөрөө Үндсэн хуулийн мухардал, хоосон тунхаглал болсныг харуулж байна.

-Үүн дээр дөрөөлөн хууль завхруулж тоглолт хийсэн хүмүүсийг Н.Алтанхуяг “Хонгилын эзэд” гэж томъёолсон. Гэхдээ Монгол Улс  хуультай шүү дээ. Хууль яагаад хэрэгжсэнгүй вэ?
-Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний эрх, эрх чөлөө Монголд байхгүй болоод удаж байна.Ганц жишээ хэлэхэд, “Эмнести интернэшнл” гэж Нобелийн шагналт олон улсын хүний эрхийн байгууллагын Монгол дахь салбар  гэхэд л тухайн үеийн Ерөнхийлөгчийн хяналтад шууд  шилжиж, гэр бүлийнх нь хүн ҮАБЗ-д ажилд орсноор, хараат бус байж чадахаа байсан.

Монголын нийгэм маш том хямралд орж, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа бүрэн дампуурсан.

Монголд улс төрийн хэлмэгдэл, эрүүдэн шүүх ажиллагаа хэрэгжээд байдаг, мөн энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цухалзаад байхад  тэд огт анхаарал хандуулаагүй. Ийм байхад өнөөдөр мянга мэдэгдэл гаргаж давхиад яах юм бэ.

ХЭҮК байна, анх хүний эрхийн талаар  хууль оруулахдаа доголдолтой хийсэн. Мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд оролцдоггүй, хүний эрхийн эсрэг үйлдлийг таслан зогсоохгүй болгосон.  Ингээд хэдэн монголчуудаа аваачиж подвальд тусад нь өрөөнд хийн эрүүдэн шүүдэг  болгосон. Төв аймгийн Цагдан хорих төв энэ талаараа алдартай. Онцгойлж үзсэн, занасан  хүмүүсээ аваачиж тэнд залхаадаг, хамгийн хүнд нөхцөлд хорьдог. Н.Энхбаярыг тэнд хорьж байсан. Б.Содномдаржаа нарыг ч тэнд хорьж дарамталсан.

Тэнд ямар ч хяналт байхгүй. АМГТГ-ын дарга асан Д.Амарсайхан амь насаа алдсан, энэ асар том гэмт хэрэг. Гэтэл  хэн ч хариуцлага хүлээгээгүй. Үхсэн хойно нь шүүхээр оруулж ялласан. Сая Бямбаа гэж нэр хүндтэй хуульч шоронд амиа алдлаа. Тэр хүнийг 24 цаг байцааж байгаа нэртэй гаднаа суулгаж, бүтэн өдөржин хоол унд өгөлгүй байлгасан. Дараа нь дахин 48 цаг хорьж мөрдөхдөө прокурор  шүүхийн тогтоол гаргаагүй. 24 цагийн дотор шүүх хянаж, хорих эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл 48 цаг болсон.

Тэгээд гаргах гэж байсан чинь цагийн өмнө амиа хорлосон байна гэж байгаа юм. Монголд хүний эрх цаасан дээр л байна. Хуулийг өөрсдийн дур зоргоор зохиодог, тайлбарладаг явдал прокурор, АТГ-т газар авсан. Улстөрч эзэд нь, олигархи бүлэглэл нь захиалга өгсөн л бол түүнийг нь хэрэгжүүлдэг, бууны нохой болсон гүйцэтгэгчид дүүрсэн. Одоо шинэ эзэн хайгаад гүйж яваа. Тэд эрүүгийн гэмт хэрэгтнүүд гэдгээ өөрсдөө сайн мэдэж байгаа. Ямар дарамт шахалт үзүүлж, яаж ч эрүүдэн шүүж байсан дараа нь хариуцлага хүлээдэггүй эзэд нь хамгаалдаг.   “Гар гараа угаана” гэдэг шиг бие биеэ хамгаалаад.

“Хонгил” гэж Н.Алтанхуягийн хэлсэн үнэн. Тэр өөрөө“Хонгил”-д хэлмэгдсэн хүн.  Улс төрийн хэлмэгдэгсэд өнөөдөр бүгд цагаатгагдах ёстой. Ганц С.Зоригийн аллагын хэрэг гэж шүүрч авч яриад байх нь өрөөсгөл юм. Хүн нь байвал хуулийн зүйл анги олоод наадаг мэргэжилтэн  АТГ, Прокурорт хэд хэд бий.

-Гэхдээ өнөөгийн нөхцөлд  энэ байдлыг нэг л  хялбар шийдчих гээд байна уу даа. Тухайлбал, хууль,хяналтын байгууллагын  удирдлагыг солиод болчих бололтой?
-Энэ хоёр гурван хүнийг солиод өөрчлөгдөхгүй бүхэл бүтэн системийн хямрал шүү дээ. Тогтолцооны маш том алдаа. Ц.Элбэгдоржоос өмнөх Ерөнхийлөгч нар шүүх, хуулийн байгууллагын дотоод руу ордоггүй, даргыг нь томилчихоод сууж байсан. Сүүлийн үед  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  “Хонгил” бий болгож, өөрийн шүүгч, прокурортой, тэдэндээ  одон медаль өгдөг, тэднийгээ албан тушаал дэвшүүлдэг болсон  нь сүлжээгээр гараад ирчихсэн, Л.Гансүх нарын зүгээс маргахын аргагүй тайлбар тавьсан байна лээ.

Олигархиудын  тоглоомын сонгууль, мөнгөний сонгуулийг бүрмөсөн хаах, зогсоох хэрэгтэй.

Өнөөдөр нэг хүний бий болгосон гэх юм уу, нийт МАНАН бүлэглэлийн бий болгосон зүйлийг гурван хүн хоорондоо яриад, хэдэн даргыг  халж солиод засчихна гэж би бодохгүй байна. Дахиад хэлэхэд, үүнийг өөрчлөхийн тулд Үндсэн хуулиа иж бүрэн шинэчлэх  ёстой. Хүний эрх, эрх чөлөөг бодитой болгож байж бид өөрчлөгдөнө. Ийм учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээрээ хэлэлцүүлэх шаардлагатай.

Ингэхгүй бол худалдагдсан, дийлэнх олонх нь 60 тэрбумаар мөнгө тарааж гарч ирсэн УИХ энэ асуудлыг шийдэх чадваргүй. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох дээд байгууллага маань ийм ёс зүйгүй, ихэнх нь  ард түмний саналыг луйвардаж, худалдаж авсан гэмт хэрэгтнүүд сууж байна. Энэ дотроос таван гишүүн  нам харгалзалгүй хамтран санаачилж, иргэний нийгэм дэмжиж, эх оронч иргэд нэгдэн тэмцэлд гарч  нэгдэж, тэмцвэл юунд хүрч болохыг харуулсан. Энэ тэмцлийг туйлд нь хүргэх ёстой.

-УИХ-ын түвшинд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх тухай ярьж байгаа. Үүнийг та юу гэж харж байна?
-МАНАН бүлэглэлийн төрд бугшсан хүмүүс өөрсдийн амьдрах хугацааг уртасгахын тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нэртэй хэдэн зүйл яриад бүтэхгүй. Харин ч шинэ МАНАН үүсэх магадлалтай. Гэмт хэрэг үйлдсэн олигархи бүлэглэл  цааш амьдраад явах бололцоотой. Сая л гэхэд БЗД-ийн нөхөн сонгууль мөнгөний луйвар боллоо. Хоногийн хоолоо арай гэж олж байгаа иргэд хэн мөнгө өгнө түүнийг сонгоно гэж ярьж байна шүү дээ. Зарим иргэн намайг танай намыг дэмждэг гээд дансанд мөнгө оруулахаас татгалзаад байна, та нар миний нэрийг хасч өгөөч гээд гуйгаад ирж байсан.

БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч нь ингэж хавтгайруулж мөнгө тараачихаад газар дээрээ баримттайгаар  баригдан цагдаад хүргэгдчихээд маргааш нь хэвлэлийн хурал хийчихсэн, Сонгуулийн хорооны даргатайгаа хамт сууж байна шүү дээ. Ингэхээр 2020 оны сонгууль юу болох вэ. Шударга тогтолцоо бий болохгүй гэсэн үг. Шударга ёсны төлөө тэмцэж байгаа бол МАН-ын дарга У.Хүрэлсүх БЗД-ийн дахин сонгуулийг нэн яаралтай хүчингүй болгож мөнгөнөөс ангид сонгуулийг зохион байгуулах ёстой. Өмнө нь сонгогдсон хүмүүсийг мөнгө тараасан гэж эргүүлэн татуулчихаад дахиад авлигажсан, гэмт хэрэгжсэн мөнгөний сонгууль явуулж хэрхэвч болохгүй.

-Сэжиг таамаг бол хэзээд байдаг. Харин тэрийг шалгахад юуг баримтлах ёстой байдаг вэ?
-Мэдээж сэжиг байж болно. Шалгахдаа хараат бус хуулиа хэрэгжүүлж шалгах ёстой болохоос урьдчилсан төсөөлөл хийчихээд хэн нэгнийг эрүүгийн гэмт хэрэгтэн болгоход ашигладаг байж таарахгүй. С.Зоригийг хөнөөсөн хэргийг  мөрдсөн,эрүүдэн шүүсэн  талыг авч үзэхэд нэгдүгээрт, албан тушаал, алдар гавьяа хөөцөлдсөн зүйлүүд харагдаж байгаа. Цааш лавшруулж үзвэл улс төр, бизнесийн бүлэглэл энэ хэргийг илрүүлсэн болж эзэн, яллагдагч, шүүгдэгчийг зохиомлоор бий болгож, хэргийг нийгмийг төөрөлдүүлэх, мартуулах, магадгүй энэ хэрэгт идэвхтэй оролцсон, С.Зоригийг алах ажлыг захиалсан бүлэглэлийн гэмт үйлдлийг нууж дарах ийм л зорилготой байж. Олон хүн ингэж харж байгаа байх. Энэ хэн нэг хүний  биш, бүлэглэлийн асуудал.

-Хэн удирдаж зохион байгуулсан юм бол?
-Мэдээж  тухайн үед хамгийн их эрх мэдэлтэй,төрийн удирдлагыг атгаж байсан хүмүүс. Ард нь улс төр, бизнесийн МАНАН бүлэглэл, мафи байгаа гэсэн үг. Харин тэдний доор гар хөл болдог хүмүүс  хэрэгжүүлсэн  байж таарна. Ц.Амгаланбаатарын тухайд эрүүгийн цагдаад ажилладаг хариуцлагатай хүмүүс “Энэ нөхөр байнга худал мэдээлэл өгдөг шүү. Өмнө нь хүн амины гэмт хэрэгт таслагдсан. Цаазын ял аваад хуулийн өөрчлөлтөөр 25 жил болсон, цааш нэмэгдүүлэхгүй. Байнга худал хэрэг хүлээж, зохиож ярьдаг” гэж 2013 онд  хэлж  байсан. Ийм хүний гаргаж тавьж буй асуудалд маш болгоомжтой хандах ёстой шүү дээ.

Мэдээж шалгаж болно, шалгахыг би огт үгүйсгэхгүй. 1987 онд гарсан Дугархорлоогийн хэрэг гэгч дээр Мягмар гэж хүн маш олон хүнийг хэрэгт татаж, гэрчилсэн. Олон хүн цаазын ял авсан. АИХ-ын тэргүүлэгчид дээр яригдахад хүртэл цаазлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Дараа нь хэрэг задарсан. Ингээд асуудал олон нийтийн анхааралд орж, шог зохиолч Ж.Барамсай анх дэлгэж тавьсан.

Яг тэр хэргийн хувилбар сая давтагдлаа. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг зааж өгч байгаа Ц.Амгаланбаатар өөрөө нэр төр хөөцөлдсөн  захиалгат мөрдөгчдийн гар хөл болж, гүтгэж, тэр байтугай эрүүдэн шүүх, тамлах ажиллагаанд идэвхтэй оролцсон. Тэр хүн хэзээ ч, хаашаа ч буцаж булзаж болно, тэрийгээ мэдэж байгаа.

–АТГ, цагдаа, прокурорынхны доторх авлигачид хэн нэгийг барьж авч дарамтлан, алдааг нь ашиглаж, өөрийн улс төрийн болоод бусдыг хэлмэгдүүлэх зорилгод үйлчлүүлдэг гэж хэвлэлээр гардаг. Үүнийг  бодитой байгаа зүйл гэж та үзэж байна уу
-Байгаа гэдэг нь сая нотлогдчихлоо шүү дээ. АТГ-ын мөрдөх арга ийм болсныг, “Шударга бусын хонгил”-оор орсон бүхэн ярьдаг. Харин үүнийгээ зогсоогоогүй цагт хэн нэгэн бусдыг худал гэрчилж, хэнийг ч хэлмэгдүүлж болно. Өнгөрсөн хугацаанд бизнесийн салбарынхан ч  шалгагдсан, олон хоног сараар хоригдсон зэрэг нь дандаа ийм асуудалд дөрөөлсөн үйлдлүүд. Тамлах, зовоохыг тэвчээгүй нь хилс хэрэг хүлээдэг. Ийм явдал эртнээс байсан.

2017 онд юу болов, ТЕГ-ын гүйцэтгэх ажилтан, гадаадын иргэдийг татан оролцуулж бусдын нэр төрийг унагах зорилгоор төрийн тусгай хамгаалалтад байгаа Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн гэрт нэвтрүүлсэн. Шалгуулъя гэхээр  гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гээд хэрэгсэхгүй болгож байгаа юм. Энэ бол  дээрээс зохион байгуулсан улс төрийн балмад үйл явдал, төрийн эсрэг  гэмт хэрэг.

Ард түмний саналыг худалдаж аваад төрд гарсан МАНАН бүлэглэлийг задлах ёстой.

Түүнийг явуулсан ТЕГ, зөвшөөрөл өгсөн прокурор, дээр нь байгаа МАН-ын удирдлага эрт орой шалгагдаж л таарна. Баян-Өлгийд сонгуулийн цахим сүлжээг хааж байгаад 14 мянган хүний саналыг луйвардсан. Үүний цаана төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн гэмт үйлдэл байгаа. Ийм тогтолцоо, эрх мэдлийг МАНАН өнөөдөр өөртөө авч үлдэх гэсэн оролдлого юм. Иймд МАНАН-г үүсгэхгүйн тулд энэ бүхнийг задлах ёстой. Хамгийн гол нь аливаа гэмт хэргийг тал бүрээс нь шалгах ёстой.

Ингэхдээ хүний эрх, эрх чөлөө, НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаг, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг хатуу мөрдөж ажиллах ёстой. Харамсалтай нь ингэж ажиллаагүйгээс өнөөдрийн нөхцөл байдал үүслээ. Үүнийг өөрчлөх ёстой. Магадгүй өөрийнх нь намд, өөрт нь ашиггүй байж болох ч Монгол эх орныхоо төлөө үүнийг хийхээс өөр гарц байхгүй. Үүнийг хэдэн хүний хүрээнд, бүлэглэлийн хүрээнд засч залруулна гэвэл МАНАН-г арилгаж чадахгүй, харин ч шинийг үүсгэнэ.

-Фашист аргаар эрүүдэн шүүдэг, 1937 оны коммунист яргалал Монголд байна гэлээ.  Цааш үргэлжлүүлэхгүйгээр  таслан зогсоохын тулд яах ёстой вэ?
–Энэ бүхэн тогтолцооны алдаа, Үндсэн хуулийн мухардал.  Үүнээс гарахын тулд бид хоосон тунхаглал, цаас болгосон Үндсэн хуулиа иж бүрэн шинэчлэх  ёстой. Ард түмний саналыг худалдаж аваад төрд гарсан МАНАН бүлэглэлийг задлах ёстой.  Олигархиудын  тоглоомын сонгууль, мөнгөний сонгуулийг бүрмөсөн хаах, зогсоох хэрэгтэй.  Сонгуулиа шударга хийдэг болох хэрэгтэй.

-Гэхдээ одоо нийгэм тэр аяараа эрүүдэн шүүлсэн бичлэг рүү анхаарч бусад асуудлыг тоохгүй болчихоод байна шүү дээ?
-Тэр сэтгэлзүйг нь одоо шударга ёсыг тогтоох, Монгол орныхоо баялагт эзэн болох, алт зэс, нүүрс, нефтийн баялагтаа эзэн байх,  нэгдсэн бодлого руу эргүүлэх учиртай. Энд эв эе  хэрэгтэй. Түүнээс хэн нэгэн баалж доромжлоод өөрөө ард нь үлдэнэ гэвэл өмнөх МАНАН-гийнхаа  замаар л явна. Бид ганц л эх оронтой. Сөрөг хүчин, өөрт таалагдахгүй байна гээд яах юм бэ, бүгд тойрч суугаад улс орноо аврах гарц болсон шинэ Үндсэн хуультай болох шаардлага урган гарч байна. Энэ л хамгийн чухал. Намаар талцах биш эх орноо бодсон шударга сонгуулийг  явуулъя.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Улс төр

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Монгол Улсын Их Хурлын гишүүд ээ,

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх шинэ баг үүрэгт ажилдаа орж буй түүхэн мөч тохиож байна. Энэ бол зөвхөн улс төрийн шинэчлэл биш, харин иргэдийн итгэлийг хүлээж, шинэ хөгжлийн гарцыг нээх хариуцлагатай цаг үе юм.

Монгол төрийн туйлын зорилго бол ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, шударга ёсыг тогтоож, үндэсний хөгжлийг урагшлуулахад оршдог. Тиймээс өнөөдөр томилогдож буй шинэ сайд, яамдын удирдлагууд нь үүрэг хариуцлага, хүлээлт өндөр цаг үед албан тушаалдаа томилогдож байна. Шинээр томилогдсон салбарын сайдуудад амжилт хүсэхийн ялдамд анхааруулах зүйлсийг товч танилцуулья.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ ХӨГЖЛИЙН САЙДАД

Гадаад худалдааны бодлогыг Засгийн газрын түвшинд онцгой анхаарч, яамд хоорондын ажлын уялдаа холбоог нягт зохицуулж, урсгал данс, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтворжуулах шат дараатай бодлогын арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Өнөөдрийн үүсээд байгаа асуудлуудыг шийдэхийн хажуугаар нүүрсэн дээр тогтож байгаа өнөөгийн бүтцийг халж, илүү төрөлжсөн, олон тулгуурт эдийн засагтай болох ажилд ач холбогдол өгч, илүү хурдавчлуулах шаардлага байгааг өнөөдрийн нөхцөл байдал бидэнд сануулж байна.

Хөрөнгө оруулалт, худалдааны газрыг үр дүнд чиглэсэн, гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг татахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, болохгүй байгаа зүйлсийг цаг алдалгүй сайжруулж, өөрчлөх саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх нь үүссэн байгаа энэ орчинд хамгийн чухал болоод байна.

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд судалгаа, шинжилгээний хүрээлэнгүүдийг төвлөрүүлж, нэг дээвэр дор, хоорондын уялдаа холбоог хангасан нэгдсэн бодлого явуулах боломжийг судалж үзэхийг Ерөнхий сайдаас хүсэж байна.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГАД

Төрийн албаны дунд, урт хугацааны хөгжлийн зураглалыг бүрэн тодорхойлж, процессын дахин инженерчлэл хийж, үр ашиггүй зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай байна. Тэр дундаа, төрийн байгууллагын давхардсан чиг үүргийг цэгцлэх, чадахуйн зарчимд суурилж төрийн албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлэх, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.

Энэ хүрээнд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад холбогдох талууд, Төрийн албаны зөвлөл, Улсын Их Хурал дээр байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан хуулийн төслийг өргөн мэдүүлэх нь зүйтэй.

Ялангуяа Засгийн газрын Хэрэг эрхлэх газар салбар дундын уялдааг хангах, хүний нөөцийн бодлогоо зангидах, ойрын ирээдүйд үүсэх ажиллах хүчний хомсдол, технологиос хамааралтай ажлын байрны шилжилт зэрэгт хүний нөөцөө бодлогоор бэлтгэхэд анхаарах ёстой.

Төрөөс үзүүлэх үйлчилгээг төр, хувийн хэвшил болон төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг илүү нэмэгдүүлэх, мөн төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэн сайжруулж, үйл ажиллагааны үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлж, зардал бууруулах, компаниудыг хувьчлах ажлаа эрчимжүүлэх шаардлагатай.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-САНГИЙН САЙДАД

Үүссэн байгаа нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгч, хөрөнгө оруулалтын эрэмбэ, дэс дарааллыг эргэж харсан, мега төслүүдийг эдийн засагт дарамт болохгүйгээр хэрэгжүүлэх шийдэл гаргасан төсвийн тодотгол оруулж ирэх шаардлагатай.

Төсвийн үр ашигтай зарцуулалтыг нэмэгдүүлэх, шаардлагагүй, тэвчиж болох зардлыг танахаас гадна юуны түрүүнд эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилд шаардлагатай хөрөнгө, мөнгийг цаг алдалгүй хурдан, шуурхай шийдвэрлэх хэрэгтэй.

Эрүүл мэнд, боловсролын салбарыг хөндөхгүйгээр, дунд, урт хугацаанд улс орны өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг хөндөхгүйгээр төрийн албыг илүү чадварлаг, бүтээмжтэй болгох явцад эдийн засгийн идэвхжил, эрэлтийг анхаарч, эдийн засгийн өсөлтийг агшаахгүй байх тийм тэнцвэрийг олсон шийдвэр гаргах ёстой.

Эрүүл өрсөлдөөнтэй эдийн засгийн орчныг бий болгохын тулд иргэд, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй татварын цогц реформ хэрэгжүүлэхийг ард иргэд хүсэж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгарч байгаа хүндрэл, гарч байгаа асуудлуудыг хандлагаа өөрчилж, жижиг, том гэж ялгалгүй шийдвэрлэх нь эргээд эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлэх юм.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН – ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДАД

Хууль ба журмын зохист харьцааг хангах, хуулиас давсан журмуудыг цэгцлэх хүрээнд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламент энэ өдрүүдэд хэлэлцэж байна.

Хууль батлагдсаны дараа энэ хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлууд өрнөх учиртай. Мөн хуулийн хэрэгжилтийг хангаж, одоо хүчин төгөлдөр байгаа хуулиуд дахь журам батлахтай холбоотой заалтуудыг хуульд нийцүүлж өөрчлөх шаардлага бий. Үүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам тухайлан анхаарч ажиллах ёстой.

Манай улс 1998 онд Улсын Их Хурлаас тогтоол гарган “Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр” баталж эрх зүйн шинэтгэлийг 7 чиглэлээр системтэй, цогц, иж бүрэн байдлаар хийж байсан удаатай. Энэ хөтөлбөр хэрэгжиж дууссан. Одоо эрх зүйн шинэтгэлийн хоёр дахь шатыг эхлүүлэх шаардлага бий. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрх зүйн шинэтгэл-II хөтөлбөр”-ийг батлуулж хэрэгжүүлэхээр заасан боловч жил тойрч байхад энэ хөтөлбөр Улсын Их Хуралд орж ирээгүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн яам үүн дээр даруй анхаарч, намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэн батлуулах хэрэгтэй. Ингэхдээ төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах, хувийн салбарын бизнес, үйлдвэрлэл, худалдаа, арилжаа, шударга өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн цогц бөгөөд системтэй, логик уялдаатай шинэтгэлийн бодлогыг боловсруулах шаардлагатай байна. Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг тийм эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж шуурхай оруулж ирэх хэрэгтэй.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДАД

Уул уурхайн салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг өндөр байлгахад нэн чухал ач холбогдолтой Ашигт малтмалын тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Компанийн тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай зэрэг хуулийн шинэчлэл, нэмэлт өөрчлөлтийн уялдаа холбоог сайжруулах зэрэг нэн тэргүүнд анхаарах асуудлууд бий.

Ялангуяа энэ салбарын гол хууль болох Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулж, хуулийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлцлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Нөгөө талаараа байгалийн баялаг бол шавхагддаг баялаг. Иймд тогтвортой, хариуцлагатай, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл бий болгох, хайгуул, олборлолтод ногоон технологи нэвтрүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлд ахиц дэвшил гаргаж ажиллаарай.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙДАД

Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын талуудын бага хурал буюу COP-17 хурлыг зохион байгуулах ач холбогдол, түүнээс Монгол Улсын байгаль хамгаалалд гадаад улсуудаас оруулах хөрөнгө оруулалтыг өндөр хэмжээнд хүргэн ажиллахад онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой. Нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг яриад л байдаг өнөөдрийг хүртэл оновчтой боловсруулсан, цаг үедээ нийцсэн хуулийн төсөл өргөн мэдүүлээгүй байгааг анхаарч ажиллаарай.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-БОЛОВСРОЛЫН САЙДАД

Боловсролын гол хөдөлгөгч хүчин бол багш. Гэвч манайд багш мэргэжлээр төгсөгчдийн зөвхөн 33 хувь нь багшилж, тэдний 60 орчим хувь эхний 5-8 жилдээ ажлаа орхиж байна. Учир нь залуу багш нарын цалин бага, нийгмийн баталгаа хангалтгүй, орон сууц, эрүүл мэнд, гэр бүлийн дэмжлэг хомс байна.Тиймээс багшийн нийгмийн баталгааг сайжруулж, орон сууц, эрүүл мэнд зэрэгт чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.

Хоёрдугаарт, сургалтын хөтөлбөр нь 2012–2014 онд боловсруулсан тул өнөөдрийн технологи, цаг үетэй нийцэхгүй байна. Ирэх хичээлийн жилээс шинэчилсэн, ирээдүйн ур чадварт чиглэсэн хөтөлбөрүүдийг боловсруулах ёстой.

Гуравдугаарт, хот хөдөөгийн, эдийн засгийн ялгаанаас үүдэлтэй боловсролын тэгш бус байдал улам гаарсаар байна. Алслагдсан орон нутгийн хүүхдүүд хотын хүүхдүүдээс 7 жилийн хоцрогдолтой байна гэсэн судалгаа гарчээ. Иймд боловсролын хүртээмжийг тэгшитгэх, цахим сургалтын дэд бүтцийг сайжруулах, “Үдийн цай” хөтөлбөрт дунд, ахлах ангийн бүх сурагчдыг хамруулах, багшийн хангамжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ гурван чиглэлээр шуурхай ажиллах нь Монголын боловсролын чанарыг сайжруулж, ирээдүйн тогтвортой хөгжлийн үндэс болно гэдэгт итгэлтэй байна.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДАД

Монгол Улсад 2024 оны байдлаар нийгмийн халамжийн үйлчилгээнд жилдээ 2.3 их наяд төгрөг зарцуулж байна. Цаашид нийгмийн халамжийн зорилтот бүлгийг сонгохдоо өрхийн амьжиргааны түвшинд суурилах тогтолцоог бүрдүүлэх бодлогыг баримтлах шаардлагатай.

Бид халамжаас хөдөлмөрт гэж олон жил ярьж байгаа. Монгол Улсын ажиллах хүч буюу хөдөлмөрийн насны 100 хүн тутмын 62 хүн л хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцож байна. Тиймээс хөдөлмөрийн зах зээлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг авах ёстой.

Иймд Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Хувь хүний хүний орлогын албан татварын тухай хуулиудыг өөрчилж хөдөлмөрийн зах зээлийг либералчилж, хөдөлмөр эрхлэх сонирхолтой хүн болгоныг дэмжих бодлого баримтлах ёстой.

Мөн хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, бусад татвар хураамж маш хүнд дарамт болж байна. Татвар төлөөгүй, нийгмийн даатгалын өглөгтэй гэсэн шалтгаанаар аж ахуйн нэгжүүдийн дансыг хаадаг явдал их гарч байна. Тиймээс тухайн аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа хэвийн явуулах, орлого олж төлбөр хураамжаа төлөх, ашиг олох боломжийг олгодог болгох хэрэгтэй.

Нөгөө талаар Нийгмийн даатгалын сан жилдээ хэдэн зуун тэрбум, цаашдаа их наяд төгрөгийг улсын төсвөөс татаас хэлбэрээр авах тооцоолол бий. Иймд энэ сангийн тогтолцоог сайжруулж, улс төрөөс хараат бус болгох, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд дарамт болж байгаа шимтгэлийг цэгцлэх асуудалд анхаарах хэрэгтэй.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДАД

Төмөр замын бүтээн байгуулалтыг хугацаандаа ашиглалтад ороход онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын төв төмөр замыг шинэчлэх, тээврийн уялдаа холбоог сайжруулж, логистикийн төвүүдийг хөгжүүлэх, төрийн өмчит төмөр замын компаниудын бүтцийн давхцалыг арилгаж менежментийг сайжруулах, мөн тээврийн аюулгүй байдал, стандарт, хяналтын тогтолцоог шинэчлэх нь бидний өмнө тулгамдаж буй чухал зорилтууд тул эдгээрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд салбарын сайдын манлайлал, олон улсын хамтын ажиллагаа болон хувийн хэвшлийн идэвхтэй оролцоо нэн шаардлагатай.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙДАД

Сүүлийн жилүүдэд соёл, аялал жуулчлалын салбарт ихээхэн ач холбогдол өгч, үндэсний, бүс нутгийн, олон улсын хэмжээнд тодорхой ахиц гаргаж ажиллаж чадсан. Цаашид энэ салбарыг өөрөө өөрийгөө тэтгэдэг, эдийн засагт бодит хувь нэмэр оруулдаг салбар болгон хөгжүүлэх шинэ сайд анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ чиглэлд чадавхаа бэхжүүлэхэд илүү анхаарах, үндэсний өв уламжлал, соёл, өв тээгчдийг бодлогоор дэмжих, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийн талаарх залуус, хүүхдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, дадал хэвшлийг тогтооход анхаарах хэрэгтэй.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДАД

Хот суурин газрын төлөвлөлтийг тэнцвэртэй, төвлөрлийг сааруулах, иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулж, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэхдээ барилгын стандарт, хяналтыг олон улсын жишигт нийцүүлж,  дэд бүтцийг оновчтой, хүртээмжтэй төлөвлөж, хэрэгжүүлж ажиллах нэн шаардлагатай.

Мөн Улсын Их Хурал дээр Хот, суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, иргэний шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хангах зорилгоор хот дахин төлөвлөлттэй холбоотой ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. Энэ ажлын хэсгүүд өргөн хүрээнд ажиллаж, судалгаа шинжилгээ, хэлэлцүүлгүүдийг хийсэн бөгөөд ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаж, анхаарч, дэмжиж, хамтарч ажиллах хэрэгтэй.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН – ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДАД

Сүүлийн жилүүдэд “Атрын IV аян”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” зэрэг бодлогын хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлснээр хөдөө аж ахуйн бүтцийн шинэчлэлд бодит ахиц гарч, орон нутгийн эдийн засгийн идэвх сэргэж, хүнсний хангамжийн тогтвортой байдал сайжрах нөхцөл бүрдэж буйг онцлон тэмдэглэх хэлэх нь зүйтэй.

Эдгээр хөтөлбөр нь хүнсний үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгож, иргэдийн эрүүл мэндийн баталгааг хангах үндэс суурь болж байгаа бөгөөд цаашид тогтвортой үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, санхүүжилтийг тогтвортой байлгах, үр дүнд суурилсан дэмжлэгийн тогтолцоог төгөлдөржүүлэх шаардлага урган гарч байна. Энэ хүрээнд салбарын бодлого, хэрэгжилтийг улам бүр боловсронгуй болгох, нэгдмэл чиг хандлагатай уялдуулахад холбогдох байгууллагуудын дэмжлэг, оролцоо чухал ач холбогдолтой юм.

2024 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын ДНБ-д хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувь нь 8.8 хувь байгааг ойрын жилүүдэд 20 хувьд хүргэхийг зорьж, хөдөө аж ахуйн сэргэлт бий болгох ёстой шүү.

Мөн Улсын Их Хурал дээр байгуулагдсан ажлын хэсгээс Хүнсний тухай, Хүнсний аюулгүй байдлын тухай, Хөдөө аж ахуйн тухай шинэчилсэн болон анхдагч хуулиудын төслийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлэн болгосон. Эдгээр хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн амьжиргаа сайжирч, үндэсний үйлдвэрлэл хөгжих, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал бодитой хангагдах нөхцөл нь бүрдэнэ. Мөн хүн амын хүнсний хэрэглээний эрүүл, тогтвортой байдалд суурь өөрчлөлт гарч, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн урт хугацааны үндэс тавигдаж, хотоос хөдөө рүү чиглэсэн хүн ам, эдийн засгийн урсгал бодитой бий болно.

Иймд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх, батлуулахад Хүнс, хөдөө аж ахуйн салбараас идэвхтэй оролцож, зохих дэмжлэгийг үзүүлж, нягт ажиллах нь зүйтэй. Улмаар хуулийг хэрэгжүүлэх бэлэн байдлыг хангах, энэ чиглэлд иргэдийн мэдлэг ойлголтыг сайжруулах ажлыг зохион байгуулах нь зүйтэй.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДАД

Саяхан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын хиймэл оюунд бэлэн байдлын үнэлгээ хийж, 5-аас 3 буюу системчлэгдэх үе шатандаа, ахиц дэвшил алгуур байгааг онцолсон байна. Иймд хиймэл оюун ухаан, их өгөгдлийн бодлого, стратегиа батлуулах ажлаа эрчимжүүлж, гол сорилт болох хөдөө орон нутгийн дэд бүтцийн асуудал, төрийн албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд дорвитой алхам хийх хэрэгтэй.

Хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, ашиглалт, хэрэглээг нэвтрүүлэх, дэмжих мэдээллийн аюулгүй байдлыг хангасан тогтолцоог яаралтай бүрдүүлж, бодит ажил хэрэг болгохгүй бол улс орнуудын хөгжлийн ялгаатай байдал ихсэх, дижитал эдийн засгийн хөгжлөөс хоцрох эрсдэл бийг анхааралдаа авах нь зүйтэй.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДАД

Цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай дэд бүтцийн бүтээн байгуулалт, сэргээн засварлалт, найдвартай ажиллагаанд бэлдэж, нэн тэргүүнд 3 дугаар цахилгаан станцын гэмтлийн асуудлыг нарийн тодорхойлж, өвлийн улирлаас өмнө хэвийн байдалд шилжүүлэх, шаардлагатай бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асуудлаа яаралтай танилцуулах ёстой.

Улсын Их Хурал дээр Эрчим хүч, дулааны хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Тус хуулийн төслүүдийг өргөн хүрээнд хэлэлцүүлэх, салбарын хуулиудыг жишиг байдлаар батлуулахад идэвхтэй хамтран ажиллах нь салбарын сайдаас ихээхэн шалтгаална. Энэ салбарын хууль эрх зүйн орчныг дорвитой сайжруулж, эрчим хүчний либерал бодлого барих, эрчим хүчний дутагдлаа арилгах хэрэгтэй.

Мөн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг илүү дэлгэрүүлэх, баруун бүсийг сэргээгдэх эрчим хүчээр хангах тал дээр ач холбогдол өгөх, байгальд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх, тогтвортой байдлыг хангах чиглэлд арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайдаас хүсэж байна.

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДАД

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох, хүнс эмийн хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Улсын Их Хурал дээр 3 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж санал дүгнэлтүүдээ гаргаж байна. Энэ ажлын хэсгүүд өргөн хүрээнд ажиллаж, судалгаа шинжилгээ, хэлэлцүүлгүүд хийсэн байгаа. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг анхаарч ажиллах хэрэгтэй. Тухайлбал, эмнэлэгт хэвтүүлэн эмчилж буй тохиолдлын 30-40 хувь нь хэвтүүлэн эмчлэх шаардлагагүй, амбулаториор тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой тохиолдлууд гэж дүгнэсэн байна. Энэ мэт нөхцөл байдал нь эрүүл мэндийн тогтолцооны санхүүжилтийг хянах, зардлын үр өгөөжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна.

Одоо мөрдөгдөж байгаа эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилтийн арга нь тоо хэмжээнд тулгуурласан, тэр хэрээр эмнэлгүүдэд эдийн засгийн сонирхол төрүүлж байгааг эрс өөрчилж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт үндэслэн санхүүжилт олгох загварыг бий болгох шаардлагатай гэж үзэж байна.

Монгол Улс эрүүл мэндийн даатгалын хураамжийн хувь хэмжээгээр хамгийн бага улсуудын нэг хэвээр байгаа нөхцөлд санхүүгийн хязгаарлагдмал нөөцийг хүн амын өргөн хүрээний тусламж үйлчилгээнд яаж оновчтой хуваарилах вэ гэдэг асуудал эрүүл мэндийн салбарт тулгамдаж байна. Үүний тулд бодлогын шинэ санаачилга, ийдэл гарган ажиллаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хот хөдөөгийн ялгааг арилгах, тусламж үйлчилгээний зардлын давхардлыг шийдвэрлэх, хэрэгтэй хүнд нь цаг алдалгүй хүргэдэг байх тийм санхүүжилтийн загвар хийх эрх зүйн орчин бүрдүүлэх санаачилгыг Улсын Их Хурал дэмжиж ажиллана.

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар болон шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд, сайд нарт ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Монгол Улс хөгжин цэцэглэх болтугай. 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН

2025.06.18

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны дараа Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.

 Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томилохдоо Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, зохион байгуулах чадавх, танхимын зарчмаар ажиллах чадвар, хариуцсан салбар, ажил үүргийг гүйцэтгэх чиглэлээр хуримтлуулсан туршлага, мэргэжил, ёс зүйн болон хариуцлагатай байдал зэргийг харгалзан үзжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх, Засгийн газрын дотоод зохион байгуулалтын хүрээнд Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, 20 минутын хот Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлыг давхар хариуцуулан гүйцэтгүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн байна.

1.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ням-Осорын Учрал;

2. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Сайнбуянгийн Амарсайхан;

3. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Тогмидын Доржханд;

4.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Сандагийн Бямбацогт;

5.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Батмөнхийн Батцэцэг;

6.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Болдын Жавхлан;

7.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Лхагвын Мөнхбаатар;

8.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Гонгорын Дамдинням;

9.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Дамбын Батлут;

10.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Батын Батбаатар;

11.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсролын сайдаар Пүрэвсүрэнгийн Наранбаяр;

12.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Тилеуханы Аубакир;

13.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан;

14.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Чинбатын Ундрам;

15.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Энхтайваны Бат-Амгалан;

16.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Жадамбын Энхбаяр;

17.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Энхбаярын Батшугар;

18.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар Баттогтохын Чойжилсүрэн;

19.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар Жигжидсүрэнгийн Чинбүрэн нарыг тус тус томиллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдэд хандаж үг хэллээ.

Тэрбээр “Амжилт ололт, сургамж ухаарал, сорилт шийдэл хосолсон ийм цаг үед илүү ухаалаг, илүү зөв, илүү үр бүтээлтэй ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна. Иймд эвийг хичээж, эеийг эрхэмлэж, зөвшилцөл ойлголцлыг эн тэргүүнд эрэмбэлж, улс орон, ард түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран зүтгэхийг Засгийн газрын гишүүд Та бүгдээсээ эрхэмлэн хүсье.

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэж, үнэнч, шударга, хариуцлагатай, манлайлал үзүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд монгол хүний хөгжлийг бодлогынхоо төвд нь тавьж, “Нэг бодлого-Нэг зүтгэл” уриаг үйл хэрэгтээ хэрэгжүүлж, эв нэгдэл, итгэл дээр суурилан ажиллах болно гэдгээ илэрхийлье.

Мөн Засгийн газрын тэргүүний хувиар кабинетын зарчмыг чанд мөрдөж, Ерөнхий сайдын бодлогыг дэмжиж, асуудлыг хамтран шийдвэрлэж, нэгдмэл байр суурьтай ажиллах ёстойг хариуцлагатайгаар сануулъя.

Улс орны эрх ашгийг эн тэргүүнд тавьж, аль нэг намын эрх ашгийг төлөөлөх бус Засгийн газрын нэг танхимын гишүүн гэдгээ гүнээ ухамсарлаж, хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, сэргэн мандсан хүчирхэг Монголын төлөө хамтран зүтгэцгээе” гэлээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.

Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.

Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг  санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.

Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.

Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм36 секунд өмнө

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Нийгэм6 минут өмнө

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Энтертайнмент1 цаг өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр1 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр1 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм1 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм2 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм22 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм23 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр23 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм23 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм24 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм24 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм24 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм24 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад1 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим