Бусад
Ерөнхийлөгч В.Путины айлчлалын талаар тодорхой мэдээлэл одоогоор алга

Гадаад харилцааны яамны эрхэм зорилго нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд олон улсын таатай гадаад орчинг бүрдүүлэхэд оршино. Энэ утгаараа хоёр хөрш болон бусад улс орнуудтай бодит харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд идэвхийлэн оролцох зэрэг гадаад харилцааны салбарын стратегийн зорилтыг хангах нь салбарын сайдын гол үүрэг.
Тус яамны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар энэ оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дэд дарга Ван Чишань, Худалдааны сайд Жун Шань нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.
Хойд хөршийн тухайд энэ жил Монгол Улс, ОХУ-ын түүхэн харилцааны нэгээхэн хэсэг болсон Халх голын байлдааны 80 жилийн ой болно. Ялалтын тэгш энэхүү ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам өндөр ач холбогдол өгч ажлын хэсэг байгуулж, даргаар нь Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, дэд даргаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар томилогдоод ажиллаж байна. Мөн зохион байгуулалт, соёл урлаг, гадаад арга хэмжээ, хэвлэл мэдээлэл сурталчилгааны асуудал хариуцсан дөрвөн ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгүүд нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажиллаж буй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны аравдугаар сард Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзаж, Халх голын тулалдааны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх, энэ хүрээнд хамтарсан үзэсгэлэн, уран сайхны болон баримтат кино, ном зохиол гаргахаар тохиролцсон юм. Мөн түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоцтой тус сумын хүн ам цөөрч байгаа тул Халх гол сумыг шинэчлэх төслөө Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд танилцуулж, улмаар ОХУ-ын тал 10 орчим сая ам.доллартой тэнцэх санхүүжилтийг шийдвэрлэхээ илэрхийлсэн билээ.
Хоёр улсын хамтран зохион байгуулж буй уг түүхэн арга хэмжээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголд ирэх талаар хэвлэлүүдээр бичих болсон.
Одоогоор албан ёсны айлчлалын тов гараагүй ч эх сурвалжуудын хэлж байгаагаар ирэх нь тодорхой байгаа юм. Владимир Путин таван жилийн өмнө буюу Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн урилгаар 2014 оны есдүгээр сард Монгол улсад айлчилсан.
Энэ айлчлал Халхын голын ялалтын 75 жилийн ойд зориулагдсан ч энэ үеэр хоёр улс нэлээдгүй салбарт хамтран ажиллахаар 15 хэлэлцээр, протокол, санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ нь айлчлалын өндөр ач холбогдол, агуулгыг илтгэн харуулж байгаа юм. Цаашлаад хоёр орны уламжлалт найрсаг харилцааг улам хөгжүүлэн бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулж, хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж байгааг тухайн үед гадна, дотоодын хэвлэлүүд онцлон дүгнэж байв.
Манай хоёр орны улс төрийн харилцаа идэвхтэй сайн харилцаатай. Харин эдийн засгийн харилцаа сул гэж дүгнэж болно. Энэ удаагийн айлчлалаар талууд ямар асуудал хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй ч дэд бүтцийн асуудлуудад илүүтэй анхаарах болов уу. Тухайлбал, хамтарсан төмөр замаа шинэчлэх, коридорыг нь өргөтгөх, эрчим хүчний хамтын ажиллагаа, дэд бүтцийн асуудлууд бий. Ерөнхийлөгч Х.Баттулга экспортын бүтээгдэхүүний асуудалд анхаарал хандуулж ирсэн. Өнөөдөр мах, ноос, ноосон бүтээгдэхүүн, арьс шир зэргээ манай улс ОХУ руу хангалттай экспортолж чадахгүй байгаа. Үүнийг хоёр тал хэрхэн шийдэх гарцыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр нухацтай ярилцах байх гэсэн хүлээлт байна. Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга Орос, Монголын харилцааг шинэ шатанд гаргана гэсэн зорилт тавьсан. Товчхондоо Монгол, Оросын харилцааны хэтийн чиг хандлагыг тодорхойлсон яриа хэлэлцээ болох болов уу.
ГХЯ-ны Хөрш орнуудын газрын дэд захирал Д.Хасараас уг асуудлаар тодруулахад тэрбээр “Айлчлалтай холбоотой мэдээлэл одоогоор өгөх боломжгүй. Албан ёсны мэдээлэл нь гараагүй байна” гэсэн тайлбарыг өгөв.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.