Нийгэм
Ц.Амгаланбаатар гэж хэн бэ?

Өнгөрөгч баасан гаригт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэвлэлийнхэнд үзүүлсэн “эрүүдэн шүүсэн” гэх бичлэгийн дараа манай сэтгүүлчид уг бичлэгийн талаарх сэтгэгдлээ байр сууриа өөрийн өнцгөөс олон нийттэй хуваалцсан учраас энэ удаа С.Зориг агсны хэргийн яллагдагч Ц.Амгаланбаатар гэдэг хүн хэн бэ? гэдгийг сонирхоод үзье.
Ц.Амгаланбаатар нь өөрийн эмэг эх Цэвэлмаагийн нэрээр овоглодог. Түүнийг багад нь Цэвэлмаа гуай өөрийн охин Гансүрэнд хань бараа болгохоор үрчилж авсан боловч Гансүрэн нь хүнтэй сууж, хүүхэдтэй болсныхоо дараа Амгаланбаатарыг ад шоо үзэн зөнд хаясан юм байна. Цэвэлмаа гуай өөрийнх нь хийсэн зүйлээс болж хүний хүүхэд өнчирч хоцорлоо хэмээн гэмшсэн сэтгэлээр Амгаланбаатарыг өөр дээрээ авч өсгөжээ. Тиймээс Амгаланбаатар нь эмээгээрээ овоглож явдаг юм байна.
13 настайдаа хүчингийн хэргээр шалгагдаж, таван настай охиныг хүчиндсэн нь тогтоогдсон ч насанд хүрээгүй учраас хэрэг хүлээх чадваргүй хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. 15 настайдаа найз охинтой болж, тэр нь жирэмсэн болсны дараа хойд эхийнхээ (Гансүрэн), өөрөөр хэлбэл өөрийнхөө маллаж байсан малаас нэг бяруу нядалж найз охиндоо шөл уулгаснаас болж Гансүрэн нь “мал хулгайлсан” хэргээр цагдаад өгч, эмэг эх нь хөөцөлдөж байж тэнсэнтэй гаргаж авсан юм байна. Энэ цагаас хойш хойд эхийгээ үзэн ядаж, “хаа тааралдсан газар нь ална” хэмээн шүдээ зууж явах болсон гэдэг.
Харин С.Зориг агсны аллагын хэрэг гарах үед Ц.Амгаланбаатар нь 17 настай, Ц.Содномдаржаа нь 23 настай байж. Нэг гудамжинд, хамар хашаанд шахуу амьдардаг, хамаатан садангийн улс юм байна. Сая нууцаас гаргаж УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлсэн бичлэг дээр Б.Содномдаржаа нь “Чи таван настай байхдаа намайг ах аа гэдэг байсан биз дээ. Тэгээд ахыгаа алах юм уу?” гээд байсан нь тийм учиртай.
Өнгөрөгч онд УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа”-нд орохдоо Б.Содномдаржаагийн хадам эцгээ зодож буй бичлэгийг үзүүлсэн. Энэ бол манайхны ярьдаг “гүйцэтгэх ажлын” шугамаар авагдсан баримт биш, харин Б.Содномдаржааг С.Зориг агсны хэрэгт сэжиглэн баривчилж, гэрт нь үзлэг хийх үед эхнэрийнх нь гар утаснаас гарсан бичлэг. Уг бичлэгийн тухай түүний эхнэр “Архи уусан үедээ хэрцгий ааштай болдог, дараа нь юу хийснээ санадаггүй учраас өөрт нь үзүүлэх гэж бичлэг хийсэн юм аа” хэмээн тайлбарласан байдаг. “Цензургүй”-гээр ч гэсэн прокурор ингэж ярьсан.
Харин Ц.Амгаланбаатарын хувьд бүр 2004 оноос хойш Б.Содномдаржаа руу мсж бичиж, дарамталдаг байсан талаар Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр 2016 онд өгсөн телевизийн ярилцлагадаа хэлсэн байдаг юм. Би тэр үед жирэмсэн байсан болохоор надад хэлдэггүй байсан. Санаандгүй нэг удаа, цонхоо засахаар гарсан хойно утсанд нь мессеж ирэхийг харсан, тэгж мэдсэн гэж. 2004 онд эхнэр нь жирэмсэн байсан, 2016 онд (телевизэд ярилцлага өгөх үед) 1-11 насны дөрвөн хүүхэдтэй байсан гэхээр түүний Г.Энхбаярын ярьсан яриа үнэн болж таараад байгаа юм л даа.
Энэ үед Ц.Содномдаржаа наранд байсан. Харин Ц.Нямдорж сайд баасан гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Ажлын хэсгийнхэн 2013 оноос хойш хүн амины хэрэгтэй Ц.Амгаланбаатар гэдэг хүнийг онц дэглэмтэй хорих анги хэсүүлж, айлгаж дарамталж байгаад С.Зориг агсны хэргийг хүлээлгэсэн. Энэ үеэс Б.Содномдаржаа нар дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, түүн дээрээ үндэслэн Б.Содномдаржааг гэмт хэрэгтэн болгосон” гэж ярьсан. Тэгэхээр нэгдүгээрт сайдын хийсэн мэдээллийн хагас нь худлаа болж байна. Б.Содномдаржаа руу Амгаланбаатар 2013 оноос эхэлж мессеж бичсэн гэдэг нь.
Хоёрдугаарт Ц.Амгаланбаатар тэр үед (2013 онд) хүн амины хэргээр 25 жилийн ял авчихсан, түүнийхээ зургаан жилийг биеэр эдэлчихсэн, дахиад зургаан жил суухад магадлангаар орох боломжтой байсан учраас хэн нэгний өмнөөс хийгээгүй хэргээ хүлээх нь өөрт ашиггүй. Харин түүний хэргээ хүлээсэн буюу, Б.Содномдаржааг хам хэрэгтэн гэж хэлээд ажлын хэсгийнхэнтэй хамтарч ажиллаж эхэлсэн үе нь түүний эмээ Цэвэлмаа гуай нас барсан үетэй давхацдаг. Шоронд байхдаа Ц.Амгаланбаатар нь Б.Содномдаржааг эмээгээ асарч, харж хандахыг шаардаж, дарамталдаг байсан ба 2013 онд эмээ нь нас барсны дараа тэр хэргээ хүлээсэн байдаг. Өөрөөр хэлбэл эмээ нь амьд байгаа үед эмээд нь муу юм хийхээс болгоомжлоод Б.Содномдаржааг илчилж чаддаггүй байжээ гэж ойлгож болох юм.
Харин эмээг нь өвчтэй байхад орон дээр нь орхиод гэрийг нь ачаад явсан (ойр тойрных нь гэрчүүдийн яриа), эмээ нь нас барсны дараа Ц.Амгаланбаатар Б.Содномдаржааг хам хэрэгт татаж, С.Зориг агсны ажлын хэсгийнхэнтэй хамтарч ажиллаж эхэлсэн байдаг. Ц.Нямдорж сайдын ярьсан “шоронгоос гүйцэтгэх ажиллагаа явуулсан” гэдэг нь ийм учиртай.
Уг нь С.Зориг агсны хэрэг гарснаас хойш 2016 онд уг хэрэг шүүхээр таслагдах хүртэл бид бүгдээрээ “энэ хэргийг хоёрхон хүн үйлдсэн” гэж итгэсээр ирсэн. Учир нь тэр үед хэрэгтнүүдийг харсан ам зургаар энэ хэргийн цорын ганц гэрч гэгддэг Д.Булганы хэлсэн “Батаа, Оюунаа” гэж хоёр хүнийг л хайж ирсэн. Гэтэл хэргийн шалгалтын явцад дөрвөн холбогдогч (“паар” хочит Отгонбаатар нь гэртэйгээ шатаж нас барсан) гарч ирсэн. Зураач Ц.Байды гуайн гаргасан ам зурагтай яв цав таарсан хүн нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар. Харин Ц.Амгаланбаатарын хувьд сүүлд шинээр гарч ирсэн хэргийн холбогдогч. Өөрөө хэргээ хүлээж, хамсаатнуудаа илчилсэн.
Хэрвээ Ц.Нямдорж сайдын хэлсэнчлэн “хэрэг зохиох” шаардлага байсан бол ядаж л анх гаргасан ам зургийн хүрээнд хэргийг шийдвэрлэчих нь ажлын хэсгийнхэнд ашигтай байх байсан биз. Элдэв хардлага ч гарахгүй.
Эцэст нь олон хүний тавьж байгаа “эрүүдэн шүүх чинь гүйцэтгэх ажил юм уу?” гэдэг асуулт.
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 2015 оны наймдугаар сарын 31-нд баривчлан Төв аймгийн цагдан хорих төвд саатуулж, маргааш нь буюу есдүгээр сарын 1-нээс 7-ны хоорондох зургаан өдрийн бичлэгийг ТЕГ-аас үзүүлсэн. Хэдийгээр “дахиад 660 хоногийн бичлэг байгаа, цааших нь илүү аймшигтай, ёс бус, гаж үйлдэл бичигдсэн учраас үзүүлэх боломжгүй” гэсэн боловч үнэн хэрэгтээ тийм бичлэг байхгүй л болов уу. Байсан бол аль хэдийн үзүүлчих байсан гэдэг эргэлзэх зүйл алга. Бараг л сүүлчийн “хөзөр” нь байх.
Харин Тагнуулын хоёр ажилтан тусгай бэлтгэсэн өрөөнд камер зоогоод бичлэгийг нууцаар хийсэн, хэрэг хүлээлгэх зорилгоор хүн амины архаг гэмт хэрэгтэн оруулсан, зодож дарамталсан гэдэг бол үнэн. Өөрөөр хэлбэл, манай хуулийн байгууллагынхны явуулдаг “гүйцэтгэх ажил” гээч нь ийм л болхи эд. Уг нь бол гүйцэтгэх ажил гэдэг нь хоёр хүний хоорондын харилцааг хөндлөнгөөс ажиглах, тагнах, чагнахыг хэлдэг болохоос биш өөрсдөө очоод, өдөж хатгаад бичлэг хийхийг хэлдэггүй. Тэрийг л хууль бус гээд байгаа юм. Дээр нь эрүүдсэн, зодсон асуудал.
Хоёрдугаарт камерт болсон ярианд Ц.Амгаланбаатар нь “Чи хэргээ хүлээ” л гээд байгаа болохоос биш, “Чи ингэж ярь” гэж үг зааж өгөөгүй. Хэрвээ тэгсэн бол жинхэнээсээ сайдын хэлсэн шиг “зохиомол хэрэг”, “мэдүүлэг зохиосон” хэрэг болох байлаа. Ер нь бол Б.Содномдаржаа нь уг бичлэг хийгдсэнээс хойш тав хоногийн дараа мэдүүлэг өгч эхэлсэн байдаг. Гэхдээ урьд өмнө хэрэгт огт авагдаагүй баримт, Ц.Амгаланбаатарын ч мэдэхгүй зүйлсийг ярьж өгсөн гэж ажлын хэсгийнхэн ярьдаг. Г.Эрдэнэбат прокурор ч жилийн өмнө өгсөн ярилцлагадаа энэ тухай хэлж байсан.
Тэгэхээр Ц.Нямдорж сайдын одоогийн хийж байгаа үйлдэл нь гүйцэтгэх ажлын алдаан дээр дөрөөлөн уг хэргийг бүхэлд нь үгүйсгэх (гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан тагнуулын хоёр ажилтан аль хэдийн цагдан хоригдоод АТГ-т шалгагдаж байгаа), цаашлаад хэргийн захиалагчдыг илрүүлэх хоёр дахь шатны ажиллагааг тасалдуулах гэсэн улс төрийн зорилготой үйлдэл шиг харагдаад байна. Хэргийн захиалагчийг илрүүлэхээр ажиллаж байсан цагдаа, тагнуулын ажлын хэсгийг бүр өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас тарааж эхэлсэн тухай өмнө мэдээлсэн дээ.
Б.СЭМҮҮН

Нийгэм
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 527 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 1 хүний амь нас хохирч, 17 хүн гэмтсэн байна.
Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн авто машины жолооч нь замын зорчих хэсэг дээр зогсож байсан Kia-5 маркийн автомашин болон тус тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан зорчигчийг мөргөсний улмаас 1 хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Тухайн ослыг шалтгаан нөхцөлийг тогтооход Kia-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь адуу дайрч тухайн ослын улмаас замын зорчих хэсэг дээр зогсох үед машинд зорчиж явсан зорчигч машинаас бууж зорчих хэсэгт зогсож байх үед өөр тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.
Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед зогсоох арга хэмжээ авах боломжтой хурдыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Нийгэм
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

2025 оны Элсэлтийн шалгалт өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-нд 10:00 цагаас Түүхийн хичээлээр эхэлнэ.
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 21-нийг дуустал үргэлжилнэ.
Энэ жил улсын хэмжээнд 43,350 хүүхэд элсэлтийн шалгалт өгнө.
Улсын хэмжээнд Элсэлтийн шалгалтыг 50 байранд зохион байгуулах бөгөөд үүнээс 23 нь хөдөө орон нутагт, 27 нь Улаанбаатар хотод байна.
Нийслэл хотод Элсэлтийн Шалгалт зохион байгуулах байршлууд
Баянзүрх дүүрэг
- 14-р сургууль
- 21-р сургууль
- 48-р сургууль
- 53-р сургууль
- 84-р сургууль.
Баянгол дүүрэг
- Оюуны Ундраа цогцолбор сургууль
- Эрдмийн Өргөө цогцолбор сургууль
- Эрдмийн Ундраа цогцолбор сургууль
- 141-р сургууль.
Багануур дүүрэг
- Боловсрол цогцолбор сургууль.
Налайх дүүрэг
- 119-р сургууль.
Сүхбаатар дүүрэг
- 1-р сургууль
- 4-р сургууль
- 16-р сургууль
- 45-р сургууль.
Сонгинохайрхан дүүрэг
- Хөгжил цогцолбор сургууль
- Ирээдүй цогцолбор сургууль
- 67-р сургууль.
Хан-Уул дүүрэг
- 18-р сургууль
- 52-р сургууль
- 75-р сургууль
Чингэлтэй дүүрэг
- 39-р сургууль
- 50-р сургууль.
Өмнөх оны шалгуулагчид дараах байруудад очиж шалгалтаа өгнө.
Чингэлтэй дүүрэг
- 5-р сургууль
- 24-р сургууль
- 57-р сургууль
Хан-Уул дүүрэг
- 15-р сургууль.
Шалгалт өгөхдөө дараах баримт бичгүүдийг авч очно. Бүртгэлийн хуудас (2025 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна.
2025 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байна) Суудлын хуваарь Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг Иргэний үнэмлэх. Хэрэв иргэний үнэмлэх байхгүй бол E-mongolia -ийн лавлагаа, жолооны үнэмлэх, гадаад паспорт зэргийг орлуулах баримт бичиг байж болно.
Нийгэм
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.
Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
-
Нийгэм22 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм24 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм23 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм23 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм23 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр23 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр24 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм23 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна