Энтертайнмент
“Учиртай дөрвөн толгой” сюит эгшиглэнэ
Морин хуурын чуулгын “Novel melody” концерт энэ сарын 16-нд болно. Энэ жилийн концертод тус чуулгын Ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы найруулга “Учиртай 4 толгой” сюит, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюит тоглох юм.
“Учиртай дөрвөн толгой” сюутыг нэрт зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дууриас сэдэвлэн худалдаачин, дагуулууд, бүүвэйч, Нансалмаагийн ариоза, Балган Хоролмаагийн хослол, бүжиг гэх мэт 11 хэсгээс бүрдсэн сюит болгон шинэчилсэн найруулгаар тус тусдаа концертын хэлбэрийн бүтээлүүд болгон эгшиглүүлнэ гэж Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан хэлсэн юм. Энэ нь бас мэргэжлийн сургалттай их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг баяжуулахыг зорьсон аж.
Морин хуурын чуулга нь 2015 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 16-нд урын сангаа баяжуулсан шинэ уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулздаг уламжлалтай. Энэ жилийн “Novel melody” тоглолтын өнгө “Учиртай дөрвөн толгой” байх нь.
Дашрамд дурдахад, тус чуулгын уран бүтээлчид 2011 онд дан нумт хөгжмийн бүрэлдэхүүнээр тоглосон нь олны анхаарлыг татаж байсан юм.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.