Дэлхий дахинд
Хүн төрөлхтөн анх удаа “ХАР НҮХ”-ний бодит зургийг үзлээ
Өчигдөр орой EHT (Event Horizon Telescope) төслийн 200 орчим эрдэмтэн судлаачдын хамтын хөдөлмөрийн үр дүн болох “хар нүх”-ний зургийг хүн төрөлхтөн анх удаа харлаа.
Үнэндээ энэ нь хар нүхийг тойрч үүссэн хэт халуун хийн цагираг байлаа. Энэ бол хар нүхэнд сорогдохын өмнөх сүүлчийн хил хязгаар бөгөөд “event horizon” гэж нэрлэдэг. Үүнээс цааш ямар ч биет эргэлт буцалтгүйгээр хар нүхэнд унадаг гэсэн үг.
EHT төслийнхөн Messier 87 (M87) галаксийн төвд орших супер масстай хар нүхний зургийг авч чаджээ. Уг хар нүх нь 6.5 тэрбум ширхэг нартай тэнцэх масстай, диаметр нь 38 тэрбум километр урт юм байна. Энэ хар нүх нь дэлхийгээс 55 сая гэрлийн жилийн зайтай оршдог.
Төслийнхөн дэлхий даяар орших олон тооны радио телескопуудыг нэг том дуран болгон ашиглаж энэхүү хар нүхний “event horizon”-оос ирэх долгионыг бүртгэж чадсан ажээ. Өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээтэй хийсвэр дуранг үүсгэж чадсан байна.Ингэж цуглуулсан мэдээлэл нь 1,000 дискэнд багтах 5 Петабайт хэмжээтэй болжээ. Энэ нь 40,000 хүн бүх амьдралаа сэлфи болгож хадгалсантай тэнцэх үлэмж хэмжээний мэдээлэл юм. Өөр хэмжүүрээр илэрхийлбэл энэ нь 5,000 жил тасралтгүй сонсох mp3 дууны хэмжээтэй гэсэн үг.
Ийм их мэдээллийг интернэтээр илгээх боломжгүй тул нисэх онгоцоор, ачааны машинаар дискнүүдийг тээвэрлэн нэг цэгт цуглуулж, дараа нь нийлүүлж нэг зураг болгох ажлыг суперкомпьютерийн хүчээр хэдэн сарын турш гүйцэтгэсэн байна.Одоогоос 100 гаруй жилийн өмнө нэрт эрдэмтэн Альберт Эйнштэйний дэвшүүлж байсан онол ийнхүү батлагдаж байгаа юм. Тэрээр сансрын уудамд хар нүх оршдог, энэ нь унтарсан одноос бий болдог, хэрвээ унтарсан од нь хангалттай том масстай, өндөр нягтралтай бол асар их татах хүч бүхий хар нүхийг үүсгэдэг гэж таамаглалаа бичиж байжээ.