Дэлхий дахинд
Нетаньяху тав дахь удаагаа Израйлийн ерөнхий сайд болж, түүхэн дээд амжилт тогтоолоо
Өнгөрсөн Мягмар гарагт болж өнгөрсөн сонгуулийн үр дүнд Бенжамин Нетаньяху Израйлийн ерөнхий сайдаар тав дахь удаагаа томилогдон ажиллахаар боллоо.
Ингэснээр тэр Израйль улсыг үүсгэн байгуулагч ерөнхий сайд Дэвид Бэн Гурионы амжилтыг эвдэж, тус улсын түүхэнд хамгийн олон жил ерөнхий сайдаар ажилласан хүн болж байна.
Нетаньяхугийн Ликуд нам, төвийн үзэлтэй намуудын “Хөх ба цагаан” эвсэлтэй адил тус бүр 35 суудал авч тэнцсэн юм. Израйлийн хууль тогтоох байгууллага Кнессет нь 120 суудалтай.
Гэхдээ Нетаньяху парламентад суудал авсан бусад барууны үзэл баримтлалтай намуудтай эвсэж, шинэ засгийн газар байгуулах боломжтой болж байгаа юм.
Израйлийн Кнессетэд ямар ч нам 60-аас дээш суудал авч олонх болж байсан түүхгүй. Үргэлж эвслийн засгийн газар байгуулсаар иржээ.
Сонгуулийн өмнө хэд хэдэн авлигын хэрэгт холбогдоод байсан Нетаньяхугийн хувьд энэ ялалт амар олдоогүй. Израйльчуудын багагүй хэсэг нь 10 жил ерөнхий сайдын алба хашсан түүнийг улс төрийн тавцангаас буух болсон гэж үзэж байв.
Гэвч Нетаньяху Израйлийн хэт үндсэрхэг, экстремист үзэлтэй хэсгийн саналыг авч чадсан нь ялалтад нөлөөлжээ. Тэрээр сонгуулийн туршид Палестины захиргаанд байдаг Иордан голын баруун эргийг өөртөө нэгтгэх тухай амлаж байв. Бас Голланы өндөрлөгийг өөрийн газар нутаг болохыг АНУ-аар зөвшөөрүүлж чадсан нь үндсэрхэг үзэлтнүүдийн сонголтод нөлөөлсөн байна.
Гэхдээ Нетаньяхугийн засаглал цаашдаа хүнд сорилтуудтай тулгарах төлөвтэй байгаа. Түүний намтай эн тэнцүү өрсөлдсөн “Хөх ба цагаан” эвслийн хоёрдугаар хүн Яир Лапид сонгуулийн үр дүнг гарсны дараа хэвлэлийн хурал дээр “Бид энэ удаа ялж чадсангүй. Гэхдээ бид Ликуд намын амьдралыг там болгохын төлөө ажиллана” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Russia Today