Нийгэм
Энэ сарын 25-нд ажил 10.00 цагт эхэлнэ
Энэ сарын 25-нд төр, захиргааны байгууллагын ажил 10.00 цагт эхэлнэ. Энэ өдөр “Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг зохион байгуулах учраас өглөөний 07.00-10.00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, сургууль цэцэрлэг хичээллэхгүй гэж ОБЕГ-ын дэд дарга, Хурандаа Б.Ууганбаяр хэллээ. Тэрбээр “Нийслэлд сүүлийн 30 жилд ийм том хэмжээний дадлага, сургуулилт зохион байгуулагдаагүй. Энэ өдөр олон нийт рүү хандсан арга хэмжээ зохион байгуулагдахгүй. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төр захиргааны байгууллагуудаас авхуулаад олон улсын байгууллагуудын түвшинд явуулна” гэв.
Тухайн өдөр /2019.04.25/ зарлан мэдээллийн дохио өглөөний 08.00 цагт дуугарсны дараа орон байрнаас гарах дадлага сургуулилалтыг хийх аж. Улаанбаатар хотод дуут дохио өгөх 60 цамхагтай олон нийт цугларах 111 цэг байдаг аж. Иргэд эдгээр цэгээс өөрт ойрхон байгаа байршлын талаар амьдарч буй хорооныхоо Засаг даргаас лавлаж, мэдээлэл авах боломжтой бөгөөд хотын оршин суугчид бүгд оролцох юм байна. Мөн тухайн өдрийн өглөө Улаанбаатар хот руу орох болон гарах бүх хөдөлгөөний зогсоохоор болжээ.
“Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” нь болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүнийг сургах, дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, харилцааг сайжруулах зорилготой аж.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.