Дэлхий дахинд
Нисэх буудалд гарсан дээрмийн дараа Албанийн засгийн газар зэвсэгт хүчнээ хамгаалалтад дайчлав
Өнгөрсөн Мягмар гарагт Албанийн нийслэл Тирана хотын олон улсын нисэх буудлын талбайд зэвсэгт этгээдүүд дайран орж, онгоцонд ачих гэж байсан бэлэн мөнгийг дээрэмдсэн юм.
Тухайн үед Австрийн иргэний агаарын тээврийн нисэх онгоцонд зорчигчдын тээшийг ачиж байсан ба дотор нь гадаадын банкнуудын Вена хот руу илгээсэн их хэмжээний бэлэн мөнгө байжээ.
Нислэгийн хөөрөх зурваст нэвтэрсэн зэвсэгтэй дөрвөн этгээд нийтдээ 10 сая еврог авч зугтсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Алдагдсан мөнгөний хэмжээг албан ёсоор зарлаагүй байгаа юм. Цагдаа нартай буудалцах үеэр дээрэмчдийн нэг алагдсан нь 2013 онд Грекийн шоронгоос оргосон, хэд хэдэн удаагийн дээрмийн ажиллагааг удирдсан этгээд байжээ.
Хэрэг гарсан өдрийн маргааш Албанийн засгийн газар Тереза эхийн нэрэмжит Тиранагийн олон улсын нисэх буудлыг хамгаалалтад авах шийдвэр гаргаж, армийн цэргүүдийг дайчилжээ.
Тус нисэх буудлыг Хонг Конгод бүртгэлтэй China Everbright Limited (CEL) компани хариуцан ажиллуулдаг юм байна. Албанийн засгийн газар сүүлийн гурван жилийн дотор хэд хэдэн удаа дээрмийн халдлагад өртсөн нисэх буудлыг хамгаалалтыг өөрөө хариуцах болсноо зарлаж, CEL компанийг тус улсын цорын ганц олон улсын нисэх буудлын аюулгүй байдалд хангалттай анхаарал тавиагүй гэж шүүмжилжээ.
Харин CEL компани 2016 оны зургаадугаар сард гарсан дээрмийн халдлагын дараа хамгаалалтаа чангатгасан тухай мэдэгдэж, засгийн газрын шүүмжлэлийг няцаасан байна.
Тус компанийн мэдэгдэлд “Нисэх буудал нь Хятадын өмч биш, энэ бол бүх Албаничуудын өмч. Албанийн газар нутгийн нэг хэсэг мөн тул засгийн газар аюулгүй байдлыг нь хангаж, хамгаалах үүрэгтэй” гэжээ.
Энэ үед Монакод айлчилж байсан Албанийн ерөнхий сайд Эди Рама твиттер хуудсандаа “Тус компанийн тайлбарыг Албани улс хүлээж авахгүй бөгөөд нисэх буудлын харуул хамгаалалтыг өөрийн мэдэлд авч байна” гэж бичсэн юм.
2016 оны зургаадугаар сард ийм зэвсэгт халдлага гарахад банкны 995,000 еврог дээрэмдсэн бол 2017 оны хоёрдугаар сард 3.2 сая евро алдагдаж байжээ. Цагдаа нар сүүлд мөнгөний зарим хэсгийг хоолны тогоонд хийж, газарт булсан байсныг олж байв.
Өнгөрсөн онд Тиранагийн нисэх буудалд гурван ийм халдлага гарч байжээ.
Албани улсын төв банк гадаад валютын төлбөр тооцоог хүлээж авдаггүй тул тус улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын банкнууд бэлэн мөнгөө нисэх онгоцоор Австрийн нийслэл Вена хот руу илгээдэг юм байна.
Эх сурвалж: BBC