Дэлхий дахинд
Саран дээр буусан дөрөв дэх үндэстэн болох Израйльчуудын оролдлого бүтэлгүйтлээ
Израйль улсын сар руу илгээсэн “Beresheet” хөлөг өнгөрсөн шөнө сарны гадаргуу дээр газардах гэж байгаад осолджээ.
Сарны гадаргаас хэдхэн километрийн өндөрт байх үед хөлгийн гол хөдөлгүүр ажиллахаа больсныг тус улсын сансар судлалын байгууллага мэдээллээ. Өөрөөр хэлбэл хөлөг сарны татах хүчийг сааруулж чадалгүй, гадаргуу дээр унасан гэсэн үг юм.
“Beresheet” хөлгийг бүтээж, сар руу илгээх $100 саяын төслийн ихэнх хэсгийг Израйлийн хөрөнгөтнүүд гаргажээ. Тиймээс амжилттай газардсан бол хувийн санхүүжилтээр саран дээр буусан анхны хөлөг болох байв.
Үүнээс гадна Израйль улс Зөвлөлт Холбоот Улс, АНУ, Хятадын дараа саран дээр элчээ буулгасан дөрөв дэх улс болох байлаа.
Одоо энэ оны сүүлээр дэлхийн дагуул руу хөлгөө илгээх Энэтхэг улсад дөрөвдэгчийн алдрыг хүртэх боломж гарч байна.
Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдэгдэлдээ “Хэрвээ эхний оролдлого бүтэлгүйтвэл хоёр дахь удаагаа үзээд алдах хэрэгтэй. Бүгдээрээ хамтдаа дахин хичээх болно” гэж судлаачдадаа урам зориг өгчээ.
Төслийг санаачилсан Ярив Баш ойрын хоёроос гурван жилийн дотор дахин сар руу хөлөг илгээхээ амласан байна.
Нетаньяху болон бусад албаны хүмүүс саран дээр газардах түүхэн үйл явдлыг үзэхээр Израйлийн Сансар судлалын төв дээр ирээд байсан юм.
Тэрээр газардах ажиллагаа эхлэхийн өмнө хэлэхдээ “Бид зөвхөн дэлхийн газрын зураг дээр байгаад зогсохгүй сарны газрын зураг дээр тэмдэглэгдэнэ. Энэ бол Израйльд төдийгүй дэлхий дахинд ач холбогдолтой үйл явдал” гэж байжээ.
Израйль улсын сансар судлалын салбар өмнө нь мөн осол эндэгдэл гаргаж байсан түүхтэй. Тус улсын анхны сансрын нисгэгч Илан Рамон 2003 онд Space Shuttle Columbia хөлгийн сүйрлийн үед амиа алдаж байжээ.
2016 онд Израйль улсын хиймэл дагуулыг тээж хөөрсөн SpaceX компанийн пуужин дэлбэрч байв.
Саран дээр буух “Beresheet” хөлгийг хоёрдугаар сарын 22-ны өдөр АНУ-ын Флоридагийн Канавералын хошуунаас SpaceX компанийн пуужинд тээвэрлэн хөөргөсөн юм.
Хөлөг дэлхийгээс хөөрснөөсөө хойш хагас цагийн дараа тээгч пуужингаас салж, дэлхийн тойрог замд оржээ. Ингээд том зууван хэлбэртэй тойрог замаар аялсаар долоо хоногийн өмнө сарны татах хүчний бүсэд нэвтэрсэн юм.
Хөрөнгө мөнгө болон хөлгийн овор хэмжээг бууруулахын тулд “Beresheet” хөлгийг нөөц хөдөлгүүргүй зохион бүтээсэн нь эрсдлээс сэргийлэх боломжгүй болгожээ.
Өнөөдрийг хүртэл дэлхийн долоон улс орон саран дээр элч төлөөлөгчөө буулгах оролдлого хийснээс гурав нь амжилттай болоод байна.
Эх сурвалж: Bloomberg