Улс төр
Тогтвортой Засгийн газар, хүчтэй Ерөнхий сайдын тогтолцоо
УИХ-ын чуулганаар Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэж байгаатай холбогдуулан улс төр судлаач, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэгийн дэлхийн улс орнуудын гүйцэтгэх засаглалын талаарх өгүүллийг толилуулж байна.
ТОГТВОРТОЙ ЗАСГИЙН ГАЗАР, ХҮЧТЭЙ ЕРӨНХИЙ САЙДЫН ТОГТОЛЦОО
Сүүлийн 28 жилд Герман 3, Монгол улс 14 Засгийн газрын нүүр үзжээ
Засаглал хуваарилах сонгодог онолоор хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалууд тусдаа оршиж, харилцан бие биендээ хяналт тавьж тэнцвэржүүлж байх ёстой. Гэвч улс орнуудын хөгжлийн явцад хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хоорондын харилцан хамаарал нэмэгдэж байна. Ялангуяа гүйцэтгэх засаглалын зүгээс хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох байдал улам бүр нэмэгдэх болов. Тийм учраас судлаачид либераль ардчилсан улсуудын төрийн тогтолцоонд гүйцэтгэх засаглал хүчирхэгжиж байна гэсэн дүгнэлт хийх болсон.
Хууль тогтоох үйл явцад гүйцэтгэх засаглалын оролцоо нэмэгдэж байна
Улс орнуудын хөгжил, дэлхий дахины даяарчлалын үйл явцын үр дүнд нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл явцын харилцан хамаарал нэмэгдэж, хүрээлэн буй орчин, эдийн засаг, мэдээллийн технологи зэрэг салбаруудад шинэ шинэ асуудал тулгамдах болсон нь гүйцэтгэх засаглалын оролцох салбар, эрхлэх асуудлыг өргөжүүлж байна. Гүйцэтгэх засаглал нь хүн хүчний нөөц, засаг захиргааны чадавхи, төрийн үйлчилгээний хамрах цар хүрээ зэргээрээ хууль тогтоох байгууллагаас илүү байдаг учраас салбар бүрийн олон асуудлыг дангаар шийдвэрлэх юмуу тухайн асуудлаар хууль санаачлах явдал нэмэгдсээр байна.
Хамгийн тод харагдаж буй нэгэн зүй тогтол бол улсуудын парламентаас батлагдаж буй хууль, санаачилж буй хуулийн төсөлд Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн эзлэх хувь хэмжээ нэмэгдэж байна. Үүнийг доорх хүснэгтээр харуулав.
Хүснэгт 1. Европын улсуудын Засгийн газрын санаачилсан,
батлуулсан хууль
1980-1990
Хуулийн төсөлд эзлэх Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслийн эзлэх хувь | Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслөөс батлагдсан хувь | |
Нидерланд | 98 | 85 |
Люксембург | 94 | 100 |
Их Британи | 92 | 92 |
Норвеги | 90 | 99 |
Ирланд | 90 | 10 |
Грек | 87 | 77 |
ХБНГУ | 74 | 100 |
Португал | 70 | 14 |
Дани | 59 | 84 |
Финланд | 48 | 100 |
Итали | 29 | 51 |
Бельги | 23 | 100 |
Франц | 22 | 82 |
Испани | 5 | 88 |
Австри | 65 | 96 |
Эх сурвалж: Jan W. van Deth, Kenneth Newton. Foundations of Comparative Politics. Cambridge University Press, 2010. Р 173
Дээрх хүснэгтээс үзэхэд Нидерланд, Люксембург, Их Британи, Норвеги, Ирланд зэрэг улсуудад батлагдсан хуулийн 90-ээс дээш хувь нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн байдаг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл эдгээр улсад гүйцэтгэх засаглалын хууль тогтоох үйл явцад онцгой үүрэгтэй ажээ.
Хууль тогтооход гүйцэтгэх засаглалын үүрэг нэмэгдэж буй дараагийн жишээ бол Австрали, Франц зэрэг хоёр танхимтай парламенттай улс орнуудад хууль батлах асуудлаар хоёр танхим санал хуваагдвал засгийн газар эцсийн шийдийг гаргах эрхийг Үндсэн хуулиараа олгох болсон явдал юм. Тухайлбал, Францад хуулийн төсөл хэлэлцэх үед Үндэсний хурал ба Сенатын гишүүд нэгдмэл байр сууринд хүрч чадаагүй бол хамтарсан комиссыг засгийн газраас эрхлэн байгуулдаг. Улмаар хамтарсан комисс зөвшилцөлд хүрэхгүй бол Үндэсний хурлын зүгээс эцсийн шийдийг гаргаж өгөх хүсэлтийг Засгийн газарт тавьдаг байна.
Хүчтэй ерөнхий сайдын тогтолцоо
ХХ зууны хоёр дахь хагасаас эхлэн парламентын засаглалтай бараг бүх улсад хүчтэй ерөнхий сайдын тогтолцоо төлөвших болов. М.Тетчер, Индра Ганди, Гельмут Коль нараас эхлэлтэй ХХ зууны хүчтэй ерөнхий сайдуудын жагсаалт ХХI зуунд Ангела Меркель, Тони Блэйр, Тереза Мэй, Нарендра Моди, Жастин Трудо нараар үргэлжилсээр байна.
Эдгээр ерөнхий сайд нарын улс төрийн нөлөө, олон нийтийг татах байдал, сөрөг хүчинд өгөх няцаалт, гадаад бодлого дахь жин нөлөө нь хувь улс төрчийн харизматик шинжтэй нэгдэн нийлсний дүнд зөвхөн тухайн улс оронд төдийгүй бүс нутаг, дэлхий дахины улс төрд онцгой нөлөөтэй лидер болгож байна.
Яагаад хүчтэй ерөнхий сайдын тогтолцоо бий болдог вэ?
Гүйцэтгэх засаглалыг намын лидер юмуу ерөнхийлөгч толгойлдог учир парламентыг бодоход ард түмэнтэй шууд харилцах, үгээ хэлэх боломж илүүтэй байдаг. Ерөнхийлөгчийн засаглалтай АНУ, БНСУ зэрэг улсад төрийн тогтолцооны хамгийн чухал институт нь ерөнхийлөгч байдаг бөгөөд ерөнхийлөгчийн толгойлсон гүйцэтгэх засаглалд парламентын хяналт сул байдаг.
Тэгвэл Баруун Европын парламентын засаглалтай улс орнуудын төрийн тогтолцоонд улс төрийн нам, намын лидерүүд мөн адил ерөнхийлөгчийн засаглалтай орнуудын ерөнхийлөгчөөс дутахгүй нөлөөтэй болж байгааг олон судлаачид дурьдсан байдаг.
Тийм учраас судлаачид гүйцэтгэх засаглалд “presidentialisation” буюу “ерөнхийлөгчийн засаглалын хэв шинжтэй болох” үйл явц эхэлсэн гэж үздэг. Жишээ нь Их Британийн гүйцэтгэх засаглал дахь ерөнхий сайдын эрх хэмжээ, улс төрийн хүчирхэг байдлыг судлаач Майкл Флой “Британийн Ерөнхийлөгчийн засаглалын өсөлт” номондоо Ерөнхий сайдын улс төрийн хүчтэй манлайлал, Нийтийн танхим дахь гишүүдээ хянан захирах чадвар зэргийг АНУ-ын ерөнхийлөгчийн засаглалтай зүйрлэн Британийн гүйцэтгэх засаглал нь ерөнхийлөгчийн засаглалын хэв шинжтэй болж байна гэж үзсэн юм.
Мөн судлаач Людгер Хелмс Их Британи болон ХБНГУ улс төрийн тогтолцоон дахь гүйцэтгэх засаглалын тэргүүний үүрэг нөлөөг мөн энэ нэр томьёогоор тайлбарласан байдаг.
Засгийн газрын коммуникацийн чадвар
Гүйцэтгэх засаглал хүчирхэг болоход нөлөөлж буй дараагийн нэг хүчин зүйл нь засгийн газрын олон нийт болон хэвлэл мэдээлэлтэй харилцах чадвар буюу коммуникаци сайн байдаг явдал. Засгийн газрын дэргэд хэвлэл мэдээллийн мэргэшсэн алба, баг ажиллаж, хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд нөлөөлөх чадвар нь парламентаас илүү байдаг.
Харин улс төрийн олон нам, хүчнээс бүрдсэн олон тооны гишүүд бүхий парламент аливаа асуудлаар тэр бүр нэгдсэн байр суурь илэрхийлж чаддаггүй юм. Нөгөө талаар нийгэм дэх хэвлэл мэдээллийн нөлөө өссөнөөр улс төрийн маргаантай асуудлаарх гол мэтгэлцээн, хэлэлцүүлэг парламентын танхимд бус, телевизийн студид болж байна.
Телевиз улс төрийн коммуникацид анхлан нэвтэрч байх үеийн Ерөнхий сайд нар телевизийн нэвтрүүлгийн өндөр шаардлага, эфирт гарах бэрхшээлийн улмаас төдийлөн амжилттай ашиглаж чаддаггүй байсан. Тухайлбал, илтгэх чадвараараа олныг байлдан дагуулдаг Уинстон Черчилль, бусдыг татах харизм сайтай Шарль де Голь зэрэг улс төрчид хүртэл телевизийн эфирт гарахаас зайлсхийдэг байсныг судлаачид тэмдэглэн үлдээжээ.
Харин сүүлийн 50 гаруй жилд улс төр дэх хэвлэл мэдээллийн үүрэг нөлөө ихээхэн нэмэгдэж улс төрийн бүхий л үйл явдлыг радио, телевизээр шууд дамжуулах болов. Их Британид гэхэд 1978 оноос эхлэн Нийтийн танхимын чуулганыг радиогоор, 1989 оноос телевизээр шууд дамжуулах болсон байна.
Ерөнхий сайд болон бусад сайд нар телевизийн дэлгэцээр олон нийтэд хандан үг хэлэх чадвар болон давтамж ихээхэн нэмэгдсэн юм. Их Британийн судалгаанаас үзэхэд Ерөнхий сайд нарын Нийтийн танхимд үг хэлэх тоо цөөрч, харин шууд олон нийтэд юмуу телевизийн дэлгэцээр үг хэлэх нь нэмэгдсэн байна. Мөн 1978 оноос эхлэн Нийтийн танхимын чуулганыг радиогоор, 1989 оноос телевизээр шууд дамжуулдаг болсон. Тони Блэйр өмнөх Ерөнхий сайд нартай харьцуулахад Нийтийн танхимд Ерөнхий сайдын асуулганд оролцохоос илүүтэй олон удаа олон нийтийн арга хэмжээ юмуу хэвлэл мэдээллээр үг хэлжээ. Гордон Браун 2008 оны 3 сард парламентаас гадна олон нийтэд хандан 23 удаа үг хэлснээрээ рекорд тогтоож байв. Тереза Мэй ерөнхий сайдын хувьд Брекситийн асуудлаар телевизээр олонтаа үг хэлж байна.
Намын зүгээс төрийн бодлогод үзүүлэх нөлөө өссөн явдал
Орчин үеийн намууд нягт зохион байгуулалттай, өндөр сахилга баттай, бодлого боловсруулах чадвар сайтай, төрөөс санхүүждэг болсноор эрх баригч намын зүгээс парламентаар хүссэн хууль, шийдвэрээ гаргуулах боломжтой болсон билээ. Энэ байдал Баруун Европын намуудад тод илэрдэг. Харин Швейцарь, АНУ Зүүн Европын орнуудад намын сахилга бат сул, төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг багатай байдаг нь гүйцэтгэх засаглал дахь намын нэр нөлөөг сулруулдаг юм.
Вестминстерийн системтэй орнуудад хууль тогтоох, төсөв батлах бүх үйл явц эрх баригч намын хяналтад байх нь түгээмэл юм. Нэг мандаттай мажоритар систем бүхий Вестминстерийн тогтолцооны онцлогоос болж Их Британид Лейбор, Консерватив намын аль нэг нь парламентын олонхийн суудлыг авч засгийн газрыг дангаараа бүрдүүлсээр ирсэн уламжлалтай. Энэ системийн үед намын болон намын лидерийн үүрэг роль их тод илэрдэг. Тийм учраас А.Липхарт “Британийн гүйцэтгэх засаглалд нам онцгой үүрэгтэй” гэж үзсэн байдаг.
Их Британид улс төрийн нам онцгой хүчтэй байдгийн дараагийн нэг шинж нь сонгуульд ялж парламентад сонгогдсон намын лидер Ерөнхий сайд болж, удаах лидерүүдээ сайд нараар томилдог явдал юм. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдаасаа эхлээд бусад сайд нар бүгд Нийтийн танхимын гишүүн байж болно.
Ийнхүү засгийн газрын гишүүд нэгэн зэрэг парламентын гишүүн байдаг, намын бодлого, сахилга батын хатуу зарчмаар нэгэн бүхэллэг болж чаддаг байдал нь эрх баригч намын засгийн газар бүхий л бодлого, шийдвэр, байр сууриа парламентаар дэмжүүлж чадах боломжийг өгдөг. Засгийн газрын төсвийн бүрэн эрх маш хүчтэй байдаг. Парламентын гишүүд төсвийн талаар саналаа өгөх эрхтэй боловч төсвийн хэмжээ, бүтцийг олонхийн Засгийн газар дангаараа тодорхойлдог байна.
Засгийн газруудын тогтвортой байдал нэмэгдсэн
Төрийн тогтолцоон дахь гүйцэтгэх засаглалыг хүчирхэгжүүлж буй нэг чухал үйл явц бол ардчилал хөгжсөн орнуудад парламентаас засгийн газарт итгэл үл хүлээлгэх механизмыг ашиглах нь улам бүр ховордож буй явдал юм. Өөрөөр хэлбэл Засгийн газар барагтай л бол огцордоггүй болсон.
Урьд өмнө Засгийн газрыг огцруулахын тулд парламентын гишүүдийн олонхийн саналыг авахад хангалттай байсан бол өнөө үед Засгийн газрын тэргүүний суудалд тодорхой нэр дэвшигчийг тодруулахгүйгээр засгийн газрыг огцруулах аргагүй болжээ.
Ерөнхий сайдыг огцруулахын тулд түүний оронд санал болгох нэр дэвшигчийг зөвшилцөн тохирсон байх энэхүү зарчмыг конструктив механизм гэж нэрлэдэг. Үүнийг ХБНГУ-ын Үндсэн хуулийн 67 дугаар зүйлд “Бундестаг, Бундесканцлерт итгэл үзүүлэх тухай асуудлыг хэлэлцэж болох бөгөөд ингэхдээ гишүүдийн олонхийн саналаар Бундесканцлерын залгамжлагчийг урьдчилан сонгож, нэрийг Бундес ерөнхийлөгчид хадгалуулсны дараа Бундесканцлерыг чөлөөлнө” гэж зааж өгсөн.
Улс төрийн олон намуудын төлөөлөл бүхий Германы парламентад засгийн эрхэнд буй Канцлерыг огцруулах, өөр нэр дэвшигчийг дэвшүүлэхэд улс төрийн өргөн зөвшилцөл, цаг хугацаа шаардагдаж бодит байдалд хэрэгжихэд тун хэцүү юм. Тийм учраас 1949 оноос өдийг хүртэл Үндсэн хуулийн энэ заалтыг хэрэглэх гэж хэд хэдэн удаа оролдсон боловч ганцхан удаа буюу 1982 онд хэрэглэгдсэн билээ. Канцлер Хельмут Шмидтэд Бундестаг итгэл үл үзүүлэхдээ түүний оронд Хельмут Колийг канцлерт санал болгож байсан юм.
Германд анх хэрэглэж ирсэн энэ конструктив механизмыг Зүүн Европын шинэ ардчилсан улсууд Үндсэн хуулиндаа оруулсан байдаг. Унгарын Үндсэн хуулийн 39А-ийн 1 дүгээр зүйлд “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай саналыг мөн тушаалд оронд нь сонгох хүний нэрийн хамт парламентын гишүүдийн тавны нэгээс доошгүйн дэмжлэгээр бичгээр гаргана. Хэрэв парламентын гишүүдийн олонхи итгэл үзүүлэхээс татгалзвал саналд нэр дэвшсэн хүнийг шууд Ерөнхий сайдаар сонгогдсонд тооцно.” гэж заасан байдаг.
Дээр дурьдсанаар ХБНГУ болон Унгарын Үндсэн хуулиуд дахь конструктив механизмын дагуу Засгийн газрыг огцруулах бодит боломж ихээхэн хаагдмал байна. Ерөнхий сайдыг огцруулахдаа орных нь хүнийг заавал санал болгох, үүний тулд парламент даяар өргөн зөвшилцөл, яриа хэлэлцээр явуулахыг шаарддаг нь засгийн газрыг огцруулах эрсдлийг бууруулдаг юм.
Мөн засгийн газрыг огцруулах магадлал Вестминстерийн системд ховор байдаг нь нэг намын дангаар бүрдүүлсэн засгийн газар нь парламент дахь олонхийн бат тогтвортой дэмжлэг авч байдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал хамгийн өндөр байх боломжтой юм. Их Британи Дэлхийн II дайнаас хойш ердөө 14 ерөнхий сайдын нүүр үзсэнээс Вилсон, Тетчер, Т.Блэйр, Д.Камерун нар л огцорч байсан юм. Харин ХБНГУ-ын хувьд Дэлхийн II дайнаас хойш ердөө 9 канцлерын нүүр үзсэнээс сүүлийн 28 жилд Хельмут Коль, Герхард Шрөдер, Ангела Меркел гэсэн гуравхан канцлертай байв.
Ийнхүү Засгийн газар тогтвортой байснаар Европын орнуудын төрийн бодлого тууштай хэрэгжих боломжийг олгодог байна.
Монголд 1992 оноос хойш нийт 14 Засгийн газар байгуулагдсанаас хоёрхон засгийн газар л бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан
Монгол улсын 1992 оны Үндсэн хуулиар парламентын засаглалыг баталгаажуулсан билээ. Хэдий тийм боловч манай судлаачид төрийн тогтолцоонд хяналт-тэнцвэрийн олон механизм үгүйлэгдсэн төдийгүй, УИХ руу хэт хэвийсэн гэж үздэг. УИХ дангаараа хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлж, тэр ч байтугай үндсэн хуульд нийцээгүй замаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байв.
УИХ-ын эрх мэдэл хэтийдэж буй нэгэн томоохон жишээ бол улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгийг УИХ-ын гишүүдэд хуваарилан олгож буй явдал юм. 2004 онд анх нэг гишүүнд жилд 10 сая төгрөг хуваарилан олгож эхэлсэн бол энэ нь нэмэгдсээр өдгөө хэдэн тэрбумд хүрээд байна. Үндсэн хуулийн цэцээс УИХ ийнхүү төсөв хуваарилан авах явдал Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлтийг 2007 онд гаргасан боловч УИХ үргэлжлүүлсээр байгаа юм.
Мөн дэлхийн улсуудынхтай харьцуулахад Монгол улсын гүйцэтгэх засаглал маш тогтворгүй байна. Үүний гол шалтгаан бол парламентын зүгээс Засгийн газрыг огцруулах нь хялбар байдаг явдал юм. 1992 оноос хойш нийт 14 Засгийн газар байгуулагдсанаас хоёрхон засгийн газар буюу П.Жасрай, Н.Энхбаяр нарын Засгийн газар л бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж бусад нь хугацаанаасаа өмнө огцорсон байдаг. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх засаглалын тогтворт байдлын үзүүлэлт тааруу байна.
Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулин дахь засгийн газрыг огцруулах тухай тодорхой заалтуудтай шууд холбоотой. Тухайлбал, Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэсэн заалтын гишүүдийн тэн хагас нь огцорсноор гэдэг заалт засгийн газрыг “хэврэг” болгоход хүргэж байна. Мөн 43 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн заалт нь УИХ дахь намууд дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөж амжилгүй одоогийн Ерөнхий сайдыг огцруулах боломжийг өгч байгаагаас засгийн газрыг маш амархан огцруулахад хүргэж байгаа юм.
Тийм учраас Засгийн газрын тогтворт байдлыг хангахын тулд конструктив механизмыг Үндсэн хуулинд суулгах хэрэгтэй. Мөн Засгийн газрыг огцруулах ганц шалтгаан бол Ерөнхий сайдад итгэл үл үзүүлэх явдал болохоос Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь огцрох явдал биш гэдгийг Үндсэн хуулинд тусгах нь зөв юм. Мөн Засгийн газрыг бүрдүүлэхэд УИХ-ын оролцоог хязгаарлах, Ерөнхий сайд танхимын гишүүдээ дангаар бүрдүүлж, хариуцлага хүлээдэг механизмыг нэвтрүүлэх шаардлагатай байна.
Ингэж байж Монгол улсын хувьд төрийн бодлого боловсруулах чадавхийг сайжруулах, гүйцэтгэх засаглалын үр ашигт байдлыг нэмэгдүүлэх боломжтой болно.
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Улс төр
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНСУ-ын “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллага Монгол Улсад мал аж ахуйн салбарын мэргэжилтэн, ажиллах хүчнийг чадавхжуулах замаар үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг сайжруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, хүртээмжтэй хөгжлийг дэмжихэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
“Глобал Сивик Шэйринг” байгууллага нь 2002 оноос Монгол Улсад орон нутгийн хөгжлийн үйл ажиллагаа явуулж “Малын банк” зээлийн хөтөлбөр, “Өвс, тэжээлийн фонд” тусламжийн хөтөлбөр, “Орон нутгийн удирдагч иргэн бэлтгэх сургалт” төсөл, “Хоршооны засаглалыг бэхжүүлэх замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх” төсөл зэрэг мал аж ахуйн хөгжлийн урт болон дунд хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. Тус байгууллага 2021 оноос БНСУ-ын КОЙКА байгууллагын таван сая ам.долларын буцалтгүй санхүүжилттэй “Хүртээмжтэй мал аж ахуй” төслийг хэрэгжүүлж байна.
“Хүртээмжтэй мал аж ахуй” төсөл нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогын орчинг сайжруулах, хоршооны үйл ажиллагааг засаглалын болон үйл ажиллагааны түвшинд дэмжих, мал аж ахуй эрхлэгчид болон тус салбарын мэргэжилтэн, төрийн албан хаагчдыг чадавхжуулах замаар үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг дээшлүүлэх, өртгийн сүлжээг бэхжүүлэх зорилгоор 2021-2035 онд хэрэгжихээр урт хугацаанд төлөвлөгдсөн. 2021-2025 онд хэрэгжих эхний үе шатны төсөл нь дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.
“Хүртээмжтэй мал аж ахуй” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж эхний хувилбарыг бэлэн болгосон юм. “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал Жу Хёнь Жү “Тус мастер төлөвлөгөө нь батлагдаж, хэрэгжсэнээр Нийслэл хот орчмын эрчимжсэн мал аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэй хөгжүүлэх боломж бүрдэж малын эрүүл мэнд, үржлийн бүртгэл, мэдээлэлд суурилсан үйлдвэрлэлийн төлөвлөлт хийх, мал аж ахуйн гаралтай хүнсний чанар, гарц сайжрах болох, орон нутгийн онцлог үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн кластерийн сонгомол жишээ болох юм” хэмээн байр сууриа илэрхийллээ. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, мал аж ахуйн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулахад яамны зүгээс дэмжиж ажиллах болно” хэмээн онцоллоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Улс төр
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 20-нд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголыг зохион байгууллаа. Хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг даргалсан бөгөөд Байнгын хорооны гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 10 цаг 48 минутад эхлэв.
Хяналтын сонсголыг П.Сайнзориг гишүүн нээж, үг хэлэхдээ холбогдох хуулийн дагуу ирцийг танилцуулж, энэ удаагийн хяналтын сонсголын зорилго, дараалал, дэгийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Дараа нь эрүүдэн шүүлт, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаар холбогдох чиг үүргийн байгууллагын дүгнэлт, мэдээллийг сонслоо.
Эхлээд Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг тус Комиссын дарга Д.Сүнжид танилцуулсан.
Тус Комисст эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхийн зөрчлийн талаар 2020 онд 47, 2021 онд 27, 2022 онд 15, 2023 онд 60, 2024 онд 48 гомдол, мэдээлэл ирсэн байна. 2023, 2024 оны нийт 108 гомдол, мэдээллийн 55 нь цагдаагийн байгууллагын алба хаагчтай, 4 нь прокурортой, 3 нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчтэй, 1 нь шүүгчтэй, 45 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчтай холбоотой байсан бөгөөд хуульд заасан шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй 34 гомдлыг Авлигатай тэмцэх газарт, 3 гомдлыг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлжээ. 2016-2023 оны хооронд эрүү шүүлт тулгах 14 гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд нийт гомдол, мэдээлэлтэй харьцуулахад шийдвэрлэлт хангалтгүй байгааг Д.Сүнжид дарга тэмдэглэсэн юм.
Бие махбодь болон сэтгэл санааг шаналган зовоох хэлбэрээр тодорхой төрлийн зэвсэг, хэрэгсэл ашиглан янз бүрийн үйлдлээр эрүү шүүлт явуулдаг талаар танилцуулгад дурдав. Хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхтэй холбоотой нөхцөл байдлын талаарх мэдээлэлдээ хорих анги, цагдан хорих байр, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн нөхцөл байдлын талаар болон цэргийн анги, байгууллага дахь дүрмийн бус харьцааны талаарх Комиссын дүгнэлтийг танилцуулав. Үргэлжлүүлэн эрүү шүүлтийн хохирогч хамгаалал, нөхөн төлбөрийн талаарх олон улсын болон дотоодын эрх зүйн зохицуулалтуудыг танилцуулсан юм. Монгол Улсын хувьд хохирогчдыг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд эргэн ороход дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин дутмаг гэв. Хохирлоо нөхөн төлүүлэхэд цаг хугацаа зарцуулах, процессын олон үе шатыг дамжих, ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулан авах явцад олон саад бэрхшээл тулгардаг байна. Д.Сүнжид дарга танилцуулгынхаа төгсгөлд урьдчилан сэргийлэх сургалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, нөхцөл байдлын талаарх дүгнэлт, зөвлөмжийг дэлгэрэнгүй танилцуулсан.
Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт болон Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн талаар танилцууллаа. Монгол Улс олон улсын хүний эрхийн тогтолцооны өмнө Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцоор үүрэг хүлээдэг бол энэ харилцааг дотооддоо Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулдаг. Тэрбээр эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй танилцуулаад, үргэлжлүүлэн цагдаагийн байгууллагын мэдүүлэг авах өрөөний нөхцөл байдал, хоригдсон этгээдийн эрх чөлөөг нь хязгаарласантай холбоотойгоор суурь эрх зүйн баталгаагаар хангагдаж буй байдлын талаар болон Эрүүгийн хууль дахь нөхөн төлбөр олгох зохицуулалтын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн эх үүсвэр нь эрүүгийн торгох ялыг биелүүлсний 60 хувь, төрөөс олгосон нөхөн төлбөрийг гэм буруутай төлбөр төлөгчөөс нөхөн төлүүлсэн мөнгөн хөрөнгөөс бүрддэг байна. Уг санд 2012 оноос хойш нийт 31.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Дээрх хууль болон журмын дагуу 2012-2024 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 30 удаагийн тушаалаар 516 хохирогч иргэнд 3.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас олгосон ч Эрүүгийн хуулийн эрүү шүүлт тулгах зүйл ангиар шүүхээр шийдвэрлэгдэж, Тусгай сангийн тухай хуульд заасан “Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох журам”-ын дагуу хохирол авсан тохиолдол байхгүй гэв. Санд 2012-2017 онд 78.5 сая төгрөг, 2018 онд 102.7 сая төгрөг, 2019 онд 155.9 сая төгрөг, 2020 онд 128.3 сая төгрөг, 2021 онд 218.6 сая төгрөг, 2022 онд 205.8 сая төгрөг, 2023 оны 134.7 сая төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 100.1 сая төгрөг, нийт 1.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа аж.
Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шийдвэрлэлт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангах чиглэлээр хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг танилцуулав. Тус байгууллагаас холбогдох сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах, гарын авлага, зөвлөмж, зурагт хуудас тараах, видео, контент бэлтгэн олон нийтийн сүлжээгээр түгээх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал шалтгаан нөхцөлийг нь судалж дүгнэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлан шалгах ажлуудыг тогтмол хийж иржээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2020 онд хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн тохиолдолд гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авсан бол яллах ажиллагаанд нотлох баримтаар үнэлэхгүй байх зөвлөмжийг гаргаж хэрэгжилтийг нь хангуулан ажилласан гэлээ. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс 2023 онд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, шалтгаан нөхцөлийн талаар хавсарга судалгааг хийжээ. 2020-2022 онд улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг судалж, хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээний талаар зөвлөмж гаргаж, харьяа нэгж, прокурорын газрууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа аж. Холбогдох судалгааны дүн, илэрсэн зөрчил, анхаарах асуудлын талаар нийт прокуроруудад сургалт зохион байгуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын дээд шүүхийн тайлбарыг зөв ойлгож хэрэглэх талаар хэлэлцүүлэг зохион явуулжээ.
Прокурорын байгууллага 2022 онд улсын хэмжээнд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлынхаа хүрээнд цагдан хорих байр хорих ангиудыг техникийн хяналт хамгаалалтыг шалгасан байна. Энэ хүрээнд хорих анги, цагдан хорих байранд ашиглагдаж байгаа дүрс бичлэгийн төхөөрөмж ашиглалтын шаардлага хангахгүй, зарим өрөө тасалгаа, зорчих бүсийг камерын хяналтад оруулаагүй зэрэг зөрчил илэрч, холбогдох арга хэмжээг авсан гэв.
Улсын хэмжээнд 2017 оны сүүлийн хагасаас 2024 оны эхний IX сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй нийт 603 мянган гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 478 нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаар байжээ. Үүний 67 хувийг прокурор мөрдөгчийн саналыг үндэслэн, хэрэг нээхээс татгалзсан бол 150 гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэв. Дээрх хугацаанд 196 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 83.2 хувийг хааж, 2.5 хувийг нэгтгэж, 18 хэрэг буюу 9.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, шийдвэрлэсэн. 10 хэрэг хэрэг бүртгэлтийн шатад шалгагдаж байгаа гэх мэдээллийг өгөв.
Эрүүгийн хуулийн 21 дүгээр бүлэг буюу Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт тооцож, тус бүлэгт хуульчилсан, гэмт хэргийн шинжийг “бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон” гэж конвенцод зааснаас өөр байдлаар тодорхойлсноор гэмт хэргийн субъект болон хохирогчийг явцуу хүрээнд тодорхойлох нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат танилцуулгынхаа үеэр онцоллоо. Иймд Конвенцын орчуулгыг агуулгын хувьд дахин нягталж үзэх, Эрүүгийн хуульд заасан, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг Конвенцын тодорхойлолтод бүрэн нийцүүлэх, тусгай ангийн зохих бүлэгт хуульчлах, мөрдөн шалгах эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдүүлэг авах өрөөний хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагыг бүрэн хангуулахад чиглэсэн зорилтот арга хэмжээг авах шаардлагатай хэмээв.
Улсын дээд шүүхээс энэ төрлийн гэмт хэргийн шүүхийн шийдвэрлэлт ба гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар танилцуулсан. Шүүхийн шийдвэрийн нэгдсэн санд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх Анхан шатны шүүхийн 14 тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 14 магадлал, Хяналтын шатны шүүхийн 4 тогтоол сүүлийн 5 жилийн хугацаанд бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэрэгт торгох ялыг 8 тохиолдолд, 1-2 жил хорих ялыг 4 тохиолдолд оногдуулсан бол хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар 1 тохиолдолд сольж, 2 тохиолдолд эрх хасах нэмэлт ял оногдуулжээ. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим хариуцсан ахлах референт М.Хатанзориг үргэлжлүүлэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, дүрмийн бус харилцааны талаар гаргасан гомдол, мэдээллийн шийдвэрлэлт болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба танилцуулав. Цэргийн алба хаагч болон иргэдээс 2020 онд 11967, 2021 онд 10168, 2022 онд 13308, 2023 онд 7655, 2024 оны III улирлын байдлаар 6152 буюу нийт 49250 өргөдөл, гомдол Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, Барилга-Инженерийн цэргийн удирдах газар, харьяа нэгтгэл, анги, салбар, байгууллагад гаргасан байна.
Зэвсэгт хүчний хэмжээнд 2020-2024 онд иргэдээс 49250 өргөдөл, гомдол ирүүлснээс 48544 өргөдлийг шийдвэрлэн өргөдөл, гомдол гаргагчид хуулийн хугацаанд нь хариуг хүргүүлж, 690 өргөдлийг харьяаллын дагуу бусад байгууллагад шилжүүлж, 16 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэв. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт сүүлийн 5 жилийн байдлаар буюу 2020-2024 онд иргэдээс хүний эрх, эрх чөлөө, дүрмийн бус харилцааны талаар 25 өргөдөл, гомдол ирүүлснээс 19-ийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэн, 3 өргөдлийг бусад байгууллагад шилжүүлсэн бол 3 өргөдөл хуулийн хугацаанд хянагдаж байгаа гэлээ. Иргэдээс хүний эрх, эрх чөлөө, дүрмийн бус харилцааны талаар гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл нь нийт өргөдөл, гомдол, мэдээллийн 0.05 хувийг эзэлж байгаа юм байна. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, дүрмийн бус харилцааг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тэрбээр мэдээллээ үргэлжүүлж, цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа танилцуулсан.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул төрөлжсөн асрамжийн газарт амьдарч буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн эрхийн хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулав. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгчид болон байнгын асруулагчдын эрхийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат танилцуулсан.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.4-т заасны дагуу сонсголд оролцогч Х.Бат-Ялалт, М.Хувьцагаан, Л.Нямзундуй, Б.Оюундэлгэр, Н.Бадамзул, н.Даваасүрэн, О.Шинэбаяр, н.Баярмаа, Б.Бямбасүрэн, Ж.Занаа, С.Шаарийбуу, н.Сарантуяа, н.Ганболд, Г.Баяртогтох, Т.Хүрэлбат нарын 40 гаруй иргэн санал, мэдээллээ танилцуулж, хоёр оролцогчоос бичгээр ирүүлсэн мэдээллийг П.Сайнзориг гишүүн уншиж танилцуулсан юм. Дараа нь хяналтын сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ц.Сандаг-Очир, Г.Ганбаатар, Х.Баасанжаргал, Ж.Баярмаа, О.Номинчимэг, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, П.Сайнзориг нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон сонсголд оролцогч төрийн байгууллага, оролцогчдоос хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүд хяналтын сонсголтой холбогдуулан үг хэлсэн. Д.Цогтбаатар гишүүн эрүүдэн шүүлтэд өртсөн гэдгээ илэрхийлж буй олон иргэн энэ танхимд байгаа нь харамсалтай хэмээгээд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тасралтгүй ажиллах шалтгаан гэлээ. Мөн тэрбээр хэн нэгнийг хилсээр хэлмэгдүүлсэн албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцдог болох, нас барсан нэгнийг цагаатгадаг шиг энэ төрлийн гэмт хэргийг илэрсэн цагт нь гэм буруутныг тогтоодог байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэдэг санал хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал сонсголын зохион байгуулалттай холбоотой санал хэлсэн. Мөн ээжийнхээ хамт хорих байранд байдаг 2 хүртэлх насны хүүхдүүдийн эрхийг хангахтай холбоотой, Эрүүгийн хууль дахь нөхөн төлбөр олгох зохицуулалтыг шуурхай болгох шаардлага, хууль сахиулах байгууллагуудын төсвийг зохих хэмжээнд хуваарилах шаардлагын талаар санал хэлсэн. Г.Ганбаатар гишүүн, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтнуудын мэдээллийг бүртгэн сан үүсгэх, Хүний эрхийн Үндэсний Комиссын бие даасан байдлыг бэхжүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг олон нийтийн оролцоотойгоор шинэчлэх, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах, хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг бэхжүүлэх, мөрдөн байцаах өрөөний техникийн чанарыг анхаарах, гадаад улсад байгаа Монгол Улсын иргэний хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ. Эрүү шүүлтэд өртсөн, хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдэд олгох нөхөн төлбөрийн талаар, мөн энэ төрлийн зөрчил үйлдсэн албан тушаалтанд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх, өөр албан тушаалд шилжүүлэн томилдог явдлыг таслан зогсоох шаардлагын талаар М.Нарантуяа-Нара, Ц.Сандаг-Очир, Ж.Баярмаа нарын гишүүд хэлж, байр сууриа илэрхийлж байв.
Түүнчлэн холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж, эрүү шүүлтэд өртсөн, төрийн буруутай үйл ажиллагаа, шийдвэрээс үүдэн гомдолтой байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулах саналыг Ц.Сандаг-Очир гишүүн хэлж байв. Дав.Цогтбаатар гишүүн иргэдийн гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэдэг байх санал хэлсэн бол С.Эрдэнэболд гишүүн хүний эрхийг хангах, хамгаалахад шаардлагатай санхүүжилтийг төсөвт тусгуулах чиглэлээр онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн.
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын дараа Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, Хууль зүйн байнгын хороо, улмаар Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх боломжтой хэмээн үзэж буйгаа сонсгол даргалагч П.Сайнзориг гишүүн хэлээд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нөхөн төлбөрийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын орчуулгыг нягталж, дотоодын хууль тогтоолуудыг нийцүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн улс төрд нөлөө бүхий этгээдүүд энэ төрлийн гэмт хэрэгт нөлөөлөх байдлаар оролцсон нь тогтоогдвол өндөр хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн зохицуулалттай болгоход холбогдох талууд санаачилгатай ажиллахыг уриалсан.
Төгсгөлд нь тэрбээр “Уулын мод урттай, богинотой гэдэгчлэн хууль сахиулах байгууллагын зарим албан тушаалтан, алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий ханддаг ч нөгөө талд нь шударга албан хаагч олон байдгийг санах нь зүйтэй. Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээр зорьж байгаа. Хүний эрх, эрх чөлөө нь өнөөгийн Монгол Улсын хамгийн үнэ цэнтэй зүйл, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа юм. Бид бие биедээ хүндэтгэлтэй байж, хуулийн хүрээнд харилцдаг, хэн нэгэнд хүчээр гэмт хэрэг тулгадаггүй байх, эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байвал олон бэрхшээл шийдэгдэнэ. Энэ төрлийн гэмт хэргийн үеэр нэр төр гэдэг ойлголтыг орхигдуулдаг, ярьдаггүй. Үүнд бас анхаарал хандуулах шаардлагатайг өнөөдөр олон хүн хэллээ. Хяналтын сонсголд оролцсон 70 гаруй иргэний 40 гаруй нь хүсэлт, мэдээллээ хэлж, идэвхтэй оролцлоо. Холбогдох төрийн байгууллагууд тодорхой мэдээллүүд танилцуулсан нь олон нийтийн мэдэх эрхийг хангасан гэж үзэж байна” гээд нийт оролцогчдод талархал илэрхийлээд хяналтын сонсгол өндөрлөж байгааг мэдэгдэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.