Нийгэм
Далан сая малтай Монголд төв суурин газрынхан махны үнэд дарлуулж байна

Амралтын өдрөөр Хотын дарга С.Амарсайхан “Хүчит шонхор” зах дээр ажиллалаа. Хотын даргын очсон зорилго махны үнэ ханштай танилцах, цаашид буулгах боломжийг бас судлах байсан байх. Даанч дарга ирлээ гээд махны үнэ буурахгүй юм даа. Ерөнхийдөө хүнсний аюулгүй байдал талаас нь илүү анхаарч байх шиг харагдана лээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун Засаг даргыг дагалдаж явсан нь бас үүнийг нотолно.
Гэхдээ өнөөдрийн хувьд нийслэлийн оршин суугчдын хоолойд тээглэсэн асуудал махны үнэ болчихоод байна. Монгол хүн энэ тарчиг хавраар махгүйгээр ганц хоноход бэрх. Эмч нар ч хаврын улиралд махаа ахиухан идэж, нойр сайн авахыг зөвлөдөг. Гэтэл энэ жилийн тухайд аль намраас л мах магнаг бож, үнэ өртөг нь жирийн иргэдэд гүйцэгдэхэд бэрх болсон. Намрын адаг сараас эхлэн монголчуудын бэлтгэсэн махыг урд хөршийнхөн үнэ цохиж баруун солгойгүй авсан болохоор нийслэлийн иргэдийн ихэнх нь өвөл хаврын махаа ахиухан бэлдэж амжаагүй.
Махны үнэ нэмэгдсэнээс малчид л хожсон байх. Харин бусад хэрэглэгчдийн хувьд халаасаа сэгсрээд л өнгөрсөн. Намрын тэр өндөр тогтсон үнэ өвөлжин хадгалагдсаар одоо бүр гаарчихаад байна.
Тухайлбал, өчигдөр Бөмбөгөр худалдааны төв дээр хонины ястай мах кг нь 8500 төгрөг, үхрийн цул мах 13000 төг, ястай нь 10500 төгрөгтэй байв. Харин Хүчит шонхор зах дээр бол хонины хуучин мах /зоорины/ гулуузаараа 7500-8000 төгрөг, үхрийн ястай мах 9000-9500 төгрөгөөр арилжаалагдаж байна.
Захын махны худалдагч нарын ярьж байгаагаар бол махны нийлүүлэлт бага байгаа гэцгээж байна. Намар мах нөөцөлсөн компани хувь хүмүүс л зоорины мах түлхүү нийлүүлж байна гэв. Харин зарим худалдан авагчдын хэлж байгаагаар бол намар хятадууд их хэмжээний мах бэлтгэж гадагш нь гаргасан. Мөн нэг хэсгийг нь хавар үнэ хүргэж зарахаар нөөцөлсөн. Одоо тэр махаа нийлүүлж байгаа байх гэж ярихтай таарлаа.
Мах ховор байгааг далимдуулан Баян-Өлгий аймгаас үхсэн малын мах нийслэлийн хэрэглэгчлэгчдэд нийлүүлэх гэж байгаад хяналтын байгууллагынханд илчлэгдсэн явдал өнгөрсөн долоо хоногт гарсан. Энэ мэт явдал дахиад гарахыг үгүйсгэхгүй.
Одоо өдийд хаврын тарчиг цагаар шинэ мах нэг их нийлүүлэгдэхгүй. Өвлийг давж хаврын салхи шуурганд бөмбөрсөн мал арга хүчээ хэдийнэ алдсан байгаа. Тэгэхээр улсын баяр наадам хүртэл махны үнэ буурахгүй, хангамж нийлүүлэлт ч нэмэгдэх боломж хомс.
Үнийн энэ өсөлтийг бага ч болов сатааруулж, нийлүүлэлтийг нэмэгдүүлдэг нь нөөцийн мах. Нөөцийн махыг ХХААХҮ-ийн яам хариуцаж, бэлтгэх ажлыг зохицуулах учиртай. Урьд жилүүдэд жил бүр 12 мянган тонн махыг нөөцөлдөг байсан жишиг бий. Харин энэ жил 4 мянган тонн буюу өмнөх жилүүдээс 3 дахин бага мах нөцөлсөн гэж байна.
Ингэж багассан нь Улаанбаатарчуудын махны хэрэглээ буурсан, аль эсвэл төсөв мөнгөний хүрэлцээгүйгээс шалтгаалсангүй. Улсын төсөвт 12 мянган тонн мах нөөцлөхөд зориулж 4,6 тэрбум төгрөг суусан юм байна. Харамсалтай нь яамны ажил хариуцсан дарга нар энэ үүргээ биелүүлсэнгүй, бодлого зохицуулалтаа хийж чадсангүй.
Өнөөдрөөс эхлэн нөөцийн мах худалдаанд гарна гэж дарга нар бахархалтайяа мэдэгдэж байна. Мөнөөх 4000 тонн мах. Махны жижиглэнгийн үнэ үхрийнх нэг килограмм нь 7200, хониных 6000, ямааных 5500 төгрөг байх аж. Албан ёсны нөөцийн махыг 2-3 килограммаар савлаж, “Мах сүүний анхдугаар аян” гэж шошголох юм байна.
Ийм хэмжээний махаар хангамжийг нэмэгдүүлж, үнийг хазаарлана гэдэг угаас худал. Аргацаах төдий үзэгдээд л өнгөрнө.
Дал шахам сая малтай монголчууд ийн валютын ханшаас үл хамаардаг махны үнэд дарлуулж сууна. Төр засаг нь махны экспорт гэж ярьдаг. Харин энэ хооронд төв суурин газрын ялангуяа нийслэлчүүдийн эрх ашиг орхигдсоор ирлээ. Экспортыг дэмжих ч асуудлын эрэмбэ, ач холбогдол гэж бий. Дотоодын хэрэглээг хямд чанартай махаар хангах асуудал л түрүүлж тавигдах учиртай байх.

Нийгэм
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.
Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
Нийгэм
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.
Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.
2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.
Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
-
Нийгэм18 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм20 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм19 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр19 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна