Улс төр
Д.Энхбатыг эрүүдэн шүүсэн хэргийг ч бас хамтад нь шалгуулья, Ц.Нямдорж сайд аа!

УИХ өнгөрөгч баасан гаригт хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаас С.Зориг агсны хэргийг мөрдөн шалгасан явдлыг “мөрдөн шалгах” түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжжээ. Тогтоолыг төсөл батлагдвал УИХ-ын 75 гишүүн шүүхийн архивт орсон 14 мянга гаруй (14926) хуудас хавтаст хэрэг болон нууцын зэрэглэлтэй 74 хуудас материалтай танилцах юм байна.
Тогтоолын төслийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Л.Болд нэгдсэн чуулганд танилцуулахдаа “2018 оны гуравдугаар сард ОУПХ-ны удирдах зөвлөлөөс Монголын парламентад ирүүлсэн албан бичигт дурьдсанаар, С.Зориг агсны хэргийг шүүн тасалсан ажиллагаа нь шударга шүүхийн зарчимд нийцэхгүй, хууль ёсны болон итгэл төрүүлэхүйц болсон гэж үзэхгүй байна” гэв. Тиймээс уг хэргийг шударга шүүхээр шийдвэрлэсэн гэдгийг баталгаажуулах үүднээс УИХ дэргэдээ парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх шинэ хороо байгуулахыг ОУПХ-ноос уриалсны дагуу тогтоолын төслийг санаачилсан гэв.
Бидний мэдэж байгаачлэн эл үйл явдал өнгөрөгч гуравдугаар сарын 20-нд Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн хийсэн мэдээлэл, УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлсэн “эрүүдэн шүүсэн” гэх бичлэгээс үүдэлтэй.
Сануулахад, өмнө нь С.Зориг агсны аллагын хэрэгт буруутгагдаж, Францаас хулгайлагдаж ирсэн Дамирангийн Энхбатыг хүн амины хэрэг нь нотлогдохгүй болохоор “улсын нууц задруулсан” хэргээр яллаж, уг хэргээр жил гаруй хоригдоод суллагдсаныхаа дараа, ердөө долоо хоногийн дараа эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан байдаг. Уг хүн төрийн нууцтай холбоотой ямар нэг ажил, албан тушаал эрхэлж байгаагүй тул түүнд тохсон хэргийн учир одоо ч “нууц” хэвээр үлдсэн.
Харин түүний өмгөөлөгч нь хорих ангид нэвтэрч, үйлчлүүлэгчийг нь хулгайлсан, эрүүдэн шүүсэн тухай ярилцлага, бичлэгийг олон нийтэд цацсаныхаа төлөө мөн л “төрийн нууц задруулсан” хэргээр яллагдаж байв. Энэ үед Ц.Нямдорж сайд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байлаа. Ер нь бол тав дахь удаагаа энэ салбарыг толгойлж байгаа хүн л дээ.
Тэгэхээр хэрвээ тэр үеийн хууль, шүүхийн байгууллагын үзэмжээр харвал Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын бичлэгийг задалсныхаа төлөө одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайдтан өөрөө “төрийн нууцын” хэргээр явчих магадлалтай байж. Гэвч өнөөдөр цаг үе өөр болсон. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг “эрүүдэн шүүсэн” гэх асуудлыг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, уг хэргийг үйлдсэн тагнуулын хоёр ажилтанг яллагдагчаар татаад байгаа.
Түүнээс гадна уг хэрэгт хяналт тавьсан УЕП-ын орлогч асан Г.Эрдэнбатын хэлснээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар нь хэргээ хүлээгээгүй, өөрөөр хэлбэл тэдний өгсөн мэдүүлэгт тулгуурлаж яллах ажиллагааг явуулаагүй, харин мөрдөн шалгах ажиллагааны явцад олдсон бусад нотлох баримтуудад тулгуурлаж ял оноосон гэж мэдээлсэн. Мөн энэ хэргийн материалыг хоёр ч удаа нууцаас гаргасан (эхний удаа Ерөнхийлөгчийн зарлигаар, хоёр дахь удаагаа Засгийн газрын тогтоолоор) тул хүссэн хүн бүр хүсэлт гаргаад эрүүгийн хэргийн архиваас үзэх боломжтой болсон.
Товчхондоо, энэ хэрэг Монголын хууль, шүүхийн байгууллагын түүхэнд том сорилт болж байна. Харин нөгөө талаас гадаад талдаа бол маш том “хар пиар” боллоо. Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс хоёр жил шахуу явуулсан “хилсээр яллалаа, хэрэг зохиолоо” гэдэг сурталчилганы үр дүнд ОУПХ Монголын хууль, шүүхийн байгууллагад эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Мөн парламентаараа энэ асуудлыг хэлэлцүүлж, хариу үр дүнгээ мэдээлэхийг шаардсан байна.
Яг үнэндээ ОУПХ бол хэрэг мөрддөг, шалгадаг газар биш л дээ. Тиймээс эрүүгийн хэргийг шалгах, нотлох асуудлаар хуулийн байгууллагад чиглэл өгдөггүй. Харин зүгээр манай парламентын гишүүдийн (Ц.Нямдорж нарын) удаа дараа явуулсан гомдлын дагуу л хариу үйлдэл үзүүлж байгаа хэрэг. Тэгээд ч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Катар улсад болсон ОУПХ-ны 140 дүгээр чуулганд оролцох үеэрээ ОУПХ-ны Хүний эрхийн хорооны хуралдаанд оролцсон. Ингэхдээ уг хэрэгтэй холбоотойгоор тус хорооноос шаардсан баримт бичиг, асуултуудын хариултыг Монголын холбогдох байгууллагуудаас гаргуулан тус хороонд хүргүүлж, уг хэргийг шалгах явцад эрүү шүүлт тулгах зэрэг хуулиар хориглосон ажиллагаа явуулсан байж болзошгүй үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай танилцуулсан байдаг. Одоо УИХ-ын Түр хороо нь байгуулагдаад, ажлынхаа үр дүнг тайлагнах юм байгаа биз.
Харин үүний өмнө Д.Энхбат, Л.Санжаасүрэн нарт тохиолдсон хэргийг хэрхэн шийдвэрлэсэн бэ? УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбатын хэлснээр Д.Энхбат нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой ямар нэг баримт прокурорт байдаггүй юм байна. Өөрөөр хэлбэл, тухайн үед хуулийн байгууллага уг хэргийн мөрөөр ямар нэг шалгах ажиллагаа явуулаагүй, явуулсан байлаа ч түүнийгээ устгасан гэсэн үг. Тэр ч байтугай Л.Санжаасүрэнгийн цацаж, “төрийн нууц задалсан” хэргээр яллагдахад хүргэсэн ярилцлага, бичлэг ч бас устсан байх магадлалтай болоод явчихлаа.
Ямар ч байсан тухайн үед НҮБ-ын Хүний эрхийн хорооноос томилогдсон тусгай илтгэгч/шалгагч/ Манфрэд Новак гэж эр Д.Энхбат, Л.Санжаасүрэн нарын хэрэг дээр ажиллаж, Ерөнхийлөгч Н.Багабандиас эхлээд Хууль зүйн яамны дээд албан тушаалтнууд, прокурор, шүүх, цагдаагийн удирдлагууд, хүний эрхийн байгууллагууд, УИХ-ын гишүүд, өмгөөлөгчидтэй уулзаж, хорих ангиудаар явж, Д.Энхбат болон бусад хоригдол, хорих ангийн ажилтнуудаас мэдээлэл авсан байдаг. Тусгай илтгэгчийн үзсэнээр Д.Энхбатыг олон улсын эрх зүйг ноцтойгоор зөрчиж шийтгэсэн тул нэн даруй суллах, эрүү шүүлтийг хийсэн, тарчилган зовоосон этгээдүүдийн эсрэг шүүх ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй гэсэн байдаг.
Тэгэхээр Ц.Нямдорж сайдын шударга ёсны эрэл хайгуул, эрүү шүүлтээс ангид байх хичээл чармайлт хэрвээ үнэний хувьтай бол өөрийг нь Хууль зүйн сайд байхад үйлдэгдсэн Д.Энхбатыг хилсээр ялласан, эрүүдэн шүүсэн асуудлыг ч гэсэн хамтад нь шалгуулахыг хүсье.
Б.ЗАЯА

Улс төр
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.
Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.
Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.
Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.
Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар
Улс төр
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.
Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.
Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.
Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.
Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.
Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.
Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
-
Нийгэм18 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм20 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм20 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм20 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм20 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр19 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна