Улс төр
Прокурорт хүргүүлсэн “ДААЛГАВАР”

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Болд, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар шинээр томилогдоод байгаа Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандаж асуудал шийдвэрлүүлэх тухай албан бичиг илгээжээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн бланк дээр хүргүүлсэн тус бичигт 23 асуудлыг нэг мөр хянаж шийдвэрлүүлэхээр тусгасан байна. Ерөнхийдөө хууль шүүхийн дамжлагаар явсан эсвэл олны анхааралд орсон асуудлуудын жагсаалт аж. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэхдээ эрүүдэн шүүсэн тухай асуудлаас эхлээд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зарцуулалт хүртэл цувруулсан харагдана. Зарим нь шалгагдаж байгаа хэрэг бол нэг хэсэг нь ердөө олны дунд яригдаад өнгөрсөн хардлага сэрдлэг байх жишээтэй. Иймд уг албан бичигт дурдагдсан хэргүүдийн талаарх ерөнхий ойлголт, мэдээллийг эргэн сануулахаар дэлгэрүүллээ.
1. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Д.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь хилс хэрэгт хэлмэгдсэн эсэх талаар хэргийг дахин шалгах, хууль зөрчин эрүүдэн шүүсэн хүмүүст хариуцлага тооцох гэжээ.
Уг хэрэг улс төрийн шалтгаанаар илэрдэггүй эсвэл захиалагч нь илрүүлдэггүй гэх хардлага олон жил явсан юм. Гэвч Ц.Амгаланбаатар гэгч шоронгоос хэргийг хамтран үйлдсэн тухай захидал бичсэнээр хууль, хүчний байгууллага ажиллаж улмаар 2016 онд Ц.Амгаланбаатарт 25 жил, Д.Содномдаржаад 25 жил, Т.Чимгээд 24 жилийн ял оноосноор төгссөн.
Гэвч Олон улсын парламентын холбооноос улс төрийн зорилгоор дээрх хүмүүсийг хилсээр шийтгэсэн байж болзошгүй тухай анхааруулж байв. Энэ драм Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Төв аймгийн цагдан хорих төвд Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг саатуулах үедээ хэрэг хүлээлгэхээр эрүүдэн шүүсэн байж болзошгүй тухай бичлэгийг цацах хүртэл олны анхааралд төдийлөн ороогүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хувьд Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг үнэн зөвөөр шийдэх хүртэл эмнэлэгт хэвтүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Харин УИХ дахь АН-ын зөвлөл уг дуулиан С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийн цаад захиалагчийг илрүүлэх ажилд саад учруулж болзошгүй тухай байр суурь илэрхийлсэн удаатай.
2. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсгийн албан тушаалтнууд амь насаа алдсан асуудлыг шалгах.
1998 онд С.Зориг агсан амь насаа бусдын гарт алдсанаас хойш уг хэргийг шалгах ажлын хэсэгт орж ажилласан албан тушаалтан, хууль хүчний байгууллагын цөөнгүй хүн бурхны оронд одсон байдаг. Ноцтой хэрэгт ажиллаж байсан хуулийн байгууллагын ажилтнуудын үхэл осол эндэл болоод жам ёсны байсан уу гэдэг асуултыг араасаа дагуулдаг билээ.
3. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас баталгаа гаргаж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст” группийн захирал Ш.Батхүү нарын хэрэг болон зээлийг эргэн төлүүлэх зорилгоор иргэн Ш.Батхүүгийн өмч хөрөнгө, эрхийг битүүмжилсэн боловч зарим этгээд дундаас нь завшсан гэх асуудал.
Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарын батлан даалтаар “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн “Стандарт” банкнаас зээл авсан тухай маргаан багагүй хугацаанд явлаа. Дунд нь гарын үсгийн зарим нь хуурамч, хуурамч биш тухай ч асуудал сөхөгдсөн. Ингэснээр саяхан олон улсын Арбитрын шүүхээс тогтоосон 110 гаруй сая ам.долларын төлбөрийг 40 сая ам.доллар болгон бууруулж төлж буйг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлсэн юм. Дээр дурдсан асуудлын тухайд хэдийгээр Ш.Батхүү нь хөрөнгө чинээ ихтэй хүн боловч түүнийг банк, махны үйлдвэрээ төрд тушааж, “Олон овоот”-ын ордоо Г.Алтанд шилжүүлж, шатахуун түгээх станцаа “Магнай трейд” компанид шилжүүлэх замаар “бултсан” тухай мэдээлэл хэвлэлээр гарч байлаа.
4. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг хууль бусаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-д шилжүүлсэн асуудал.
Оросын эзэмшилд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс” корпорац авсан үйл явц УИХ-аар орж шийдэгдээгүйн дээр Ч.Сайханбилэгийн Засгийн газар давуу эрхээсээ татгалзсан асуудал нь өнөөг хүртэл маргаан дагуулж байгаа юм.
5. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг олон улсын Арбитрын шүүхэд санаатаигаар ялагдуулж, хуулийн фирмээр дамжуулж их хэмжээний мөнгө угаадаг гэгдэх олон удаагийн асуудал.
Эртнээс эдүгээг хүртэл “Эрдэнэт” үйлдвэртэй холбогдсон аливаа асуудал олон улсын Арбитрын шүүхдээр ялагдаж байсан асуудлыг шалгах санаа бололтой.
6. “Ачит Ихт” ХХК-ийн “Эрдэнэт үйлд вэр” ХХК-тай хийсэн аж ахуйн гэрээний үйл ажиллагааны асуудал.
Уг компанийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаантай холбон тайлбарлах нь бий. “Эрдэнэт” үйлдвэрийн ашигласан овоолгыг дахин ашиглах замаар ашиг олдог тухай дуулиан дэгдэж байлаа.
7. 2017 онд Монголбанкийг шалгасан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлууд.
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгуулах хүсэлтээ УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүд шалгалтын дүгнэлтдээ илэрхийлсэн байдаг. Үүнд, гурван их наяд төгрөгөөр хэмжигдэх “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” болон 2016 оны сонгуулийн өмнө мэндэлсэн “Сайн” хөтөлбөрүүдийг эш татсан юм.
8. Хөгжлийн банкнаас олгосон их хэмжээний зээлүүдийн олголт, ашиглалтын асуудал.
2012-2016 онд Хөгжлийн банкнаас “Чингис”, “Самурай”, “Димсан” бондын хөрөнгийг төсөл хөтөлбөрүүд рүү хуваарилж байлаа. Эдгээр зээлээс АН, МАН-ын нөлөө бүхий хүмүүсийн хамаарал бүхий олон компаниуд зээл авсан байдаг. Гэхдээ дээрх хөрөнгө оруулалтууд нь лоббид өртсөн эсвэл үр ашиггүй төслүүдэд зарцуулагдсан тухай хардлага их байдаг.
9. Төрийн банкнаас нэг өдрийн дотор шийдвэр гаргаж БНХАУ-ын “Шинжиан Шинфа” компанид олгосон 20 тэрбум төгрөгийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ашигласан гэгдэх асуудал.
Төрийн банкнаас энэ хэмжээний мөнгө гарсан тухай албан бус мэдээлэл бий.
10. Нийгмийн даатгалын сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан тэргүүтэй Засгийн газрын 28 тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтын асуудал.
Гол нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлээс Засгийн газар, УИХ-ын гишүүд хамаарал бүхий компанидаа зээл гаргуулсан нь олны шүүмжлэлд өртөөд байлаа. Прокурорын байгууллагаас зөвхөн уг асуудалтай холбогдуулан УИХ-ын таван гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах асуудал оруулж байснаас цар нь харагдана. Тиймээс ч дээрх үйл явдлаас улбаалан Засгийн газрын тусгай сангуудад шалгалтын ажил хийж эхэлсэн.
Гэхдээ ЖДҮХС-гийн асуудлыг ярихаас УИХ-ын гишүүд болоод төрийн албан тушаалтнууд яагаад ч юм дөлөөд байдаг талтай. Тэгвэл дээрх таван гишүүн ЖДҮХС-гийн зарцуулалтыг ил тод болгохоор хөөцөлдөж эхэлсэн бололтой. Хэвлэлийн мэдээллээс үзэхэд УИХ-ын 49 гишүүн холбогдсон тус асуудлаас өнөөгийн байдлаар 15 нь цагаадаад байгаа билээ.
11. “Ханресурс” ХХК-тай холбоотой хэргийг олон улсын Арбитрын шүүхэд ялагдуулж, 70 сая ам.долларыг Канад руу шилжүүлсэн асуудал.
Канадын хөрөнгө оруулалттай тус компани Дорнод аймаг дахь ураны ордын лицензийг эзэмшиж үйл ажиллагаа явуулж байсан. Энэ орд нь стратегийн 16 ордын жагсаалтад багтсан тул Засгийн газраас лицензийг нь цуцлах арга хэмжээ авч байлаа. Үүнийг ОХУ-ын Ерөнхий сайд Медведевийн айлчлалтай холбогдуулан цуцалсан гэдэг шуум гарч байв.
12. Төмөртэйн ордыг Гаагийн шүүхэд олон улсын Арбитрын шүүхэд Монгол Улсыг төлөөлж байсан бүрэн эрхт төлөөлөгчдөд нөлөөлж Монгол Улсад их хэмжээний хохирол учруулахыг санаархсан эрх бүхий албан тушаалтнуудын асуудлын тухай.
Дээрх бусад асуудлуудтай харьцуулахад бараг эртний явдал гэж болно. Ерөнхийдөө Хятадын хөрөнгө оруулалттай компани уг ордын лицензийг эзэмшиж байсан бөгөөд Засгийн газрыг стратегийн ордод оруулсны төлөө Арбитрын шүүхэд хандаж байсан удаатай. Тухайн үед авлигад автсан төрийн албан тушаалтнууд Засгийн газрын шийдвэрийг хэрэгсэхгүй болгохоор ажилласан гэх дуулиан гарч байв.
13. Оффшор бүсэд хууль бусаар олж авсан байж болзошгүй их хэмжээний мөнгө байршуулсан С.Баярцогт нарын иргэд, аж ахуйн нэгжүүдийн асуудал.
Швейцарийн банкны дансанд Сангийн сайд асан С.Баярцогт нэг сая ам.доллар мартсан гэдэг. Үүнийг Оюутолгойн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсных нь төлөөх авлигын мөнгө гэх хардлага нэг хэсэг явсан. Сүүлд АТГ-аас “Рио Тинто”-гийн хувьцааны хэлбэлзлээс олсон мөнгө байж болзошгүй тухай мэдээлж байлаа. Ямартаа ч уг явдлын учиг өнөөг хүртэл олдоогүй байгаа юм.
14. Оюутолгойн хөрөнгө оруулалтын хувь нийлүүлэгчдийн болон Дубайн гэрээг байгуулсан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын асуудал.
Эдгээр Ерөнхий сайдууд нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Оюутолгойн далд бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталсан үйлдлээсээ шалтгаалан баалуулсаар ирсэн. С.Баярын хувьд Оюутолгойн гэрээг байгуулснаараа бахархдаг тухайгаа цөөнгүй удаа хэлж байсан нэгэн. Харин
Ч.Сайханбилэг нь далд уурхайн төлөвлөгөө нь эдийн засгийн зайлшгүй ач холбогдолтой үйл байсан хэмээн хэлдэг билээ.
15. Төмөртэйн орд, Багануурын шинэ цахилгаан станц болон Ж.Эрдэнэбатын Засгийн газрын дөрвөн гишүүний концессын гэрээнүүд, эрх мэдлээ урвуулсан эсэх асуудал.
Эдгээрээс концесстой холбоотой асуудлууд нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үндэслэл болсон боловч дараагийн Засгийн газарт уламжлагдан очиж хууль дүрмийн дагуу явсан ажил болж таарсан байдаг. Харин Багануурын цахилгаан станцын асуудал өнөөгийн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд тулаад гацсан тухай яриа бий.
16. 60 тэрбумаар төрийн албыг худалдсан гэх асуудал.
2016 оны сонгуулиар анхлан сөхөгдсөн энэ асуудал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар эрчээ авсан юм. Гэвч хуулийн байгууллагын зүгээс шалгалт хийж эвлүүлэг хэмээн нэг удаа нотолж, бас хэрэгжээгүй асуудал хэмээн дүгнэж байсан удаа ч бий. Гэхдээ Ерөнхийлөгчийн зүгээс удаа дараа шаардлага тавьсаар ирсэн.
17. Үндэсний аудитын газрын болон 2017 оны УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зөрчлүүд.
Гурван их наядаар хэмжигдэх төгрөгийг хэвлэн зарцуулсан хэмээн буруутгадаг.
18. Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбатын хэрэгжүүлсэн “888 төсөл” гэгдэх зээлийг олгохдоо эрх мэдлээ урвуулсан гэгдэх асуудал.
Дээр дурдсан төслүүдийн тухайд Аж үйлдвэрийн яам гэхээсээ Эдийн засгийн хөгжлийн яамны нөлөөнд явсан. Энд эндүүрэл гарсан байж болох.
19. Үндэсний аудитын газраас тогтоосон АСЕМ-ын үеийн санхүүгийн олон тооны зөрчлийн асуудлууд.
АСЕМ-ыг зохион байгуулахдаа тухайн үеийн албан тушаалтнууд улсад 280 тэрбум гаруй төгрөгөөр тооцогдох хохирлыг учруулсан тухай дүгнэлтийг аудитын байгууллага тогтоосон. Гэхдээ өнөөг хүртэл тус асуудалтай холбогдуулан ямар нэгэн шийтгэл хүлээсэн хүн үгүй.
20. Монголбанкны Эрдэнэсийн сан болон Төрийн сан хөмрөгөөс алдагдсан уран зураг, бусад эд зүйлсийн асуудлыг нэг бүрчлэн шалгах.
Их тэнгэрт байсан цөөнгүй зургийн эх хувь нь алдагдсаны зарим нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг авсан уу гэдэг мэдээлэл өнгөрсөн сард цацагдсан.
21. Улсын хэмжээнд аялал жуулчлал, уул уурхай, ахуйн зориулалтаар олгосон газар, түүнийг тойрсон гэмт хэргийн шинжтэй асуудлууд.
Үүнд, орд газруудын лиценз, Улаанбаатар хотын газрын асуудал зэрэг өргөн хүрээ хамрах болов уу.
22. “ Эрдэнэс Тавантолгой” компанийн талбайгаас 340 мянган тонн нүүрс алдагдсан гэх асуудал.
Орон нутгийн Тавантолгой компани болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензийн талбайгаас 340 мянган тонн нүүрс алдагдсан гэх асуудлыг УИХ-ын гишүүн Л.Энхболд зарлаж байлаа. Гэвч хоёр компанийн зүгээс энэ бол ямар ч боломжгүй зүйл гэдэг тайлбарыг удаа дараа хийсэн.
23. Генерал Б.Хурцын иргэд, аж ахуйн нэгжүүдийг рекэтлэсэн болон УИХ-ын гишүүдийг заналхийлсэн асуудал (амьд гэрчтэй хэргүүд).
УИХ-ын гишүүдийг заналхийлсэн гэх агуулга УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон Л.Болд нартай холбогддог. Тагнуулын экс даргыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэх үед эдгээр гишүүдтэй холбоотой мэдээллийг Б.Хурц задалсан байдаг. Хожим УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийнх нь амь насанд заналхийлсэн тухай мэдээлэл хийж байв.
Ийм жагсаалт гарчээ. Яалт ч үгүй олны анхааралд ордог, байнга өртдөг сэдвүүдийн хувьд хуулийн байгууллага хариулт өгөх ёстой. Энэ өнцгөөс нь харвал дээрх УИХ-ын гишүүдийн гаргаж, хөндөж олон нийтэд мартагдуулахгүй явуулах эрмэлзэл нь зөв юм.
Ер нь тэгээд өчигдрийн сонин хуучирч, өнөөдрийн дуулианаар талцах болсон нийгмийнхээ дунд тэсэрч бас дарагдаж арилсан сэдвүүдийг нэгтгээд харахад бидэнд ч бас сонин байлаа.

Улс төр
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.
Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.
Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.
Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.
Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар
Улс төр
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.
Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.
Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.
Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.
Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.
Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.
Улс төр
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.
Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.
Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.
Тухайлбал, хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх юм.
Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.
Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.
Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.
Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.
Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3. “Эрдэнэс алт ресурс” ХК
4. “Эрдэнэс Монгол нэгдэл”
5. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6. “Энержи ресурс” ХХК
7. “Шивээ овоо” ХХК
8. “Багануур” ХК
9. “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.
-
Энтертайнмент24 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм2 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм2 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм1 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо