Дэлхий дахинд
Сербийн хэвлэлүүд Парисын түймрийг “Бурхны гэсгээл” гэж нэрлэжээ
Парисын Дарь эхийн сүм галд шатсан эмгэнэлт үйл явдлыг Балканы хойгийн Серби улсын хоёр сэтгүүл сонирхолтой өнцгөөс тайлбарлажээ.
Тус улсын засгийн газартай ойр холбоотой гэгддэг “Alo”, “Informer” сэтгүүлүүд энэхүү үйл явдлыг “Бурхны гэсгээл” гэж нэрлэсэн байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Парист дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойг тэмдэглэх үеэр дайнд оролцогч улсуудын төрийн далбааг Дарь эхийн сүмийн хананд мандуулж байжээ.
Энэ үеэр Сербийн хөрш Косово улсын далбааг намируулсан нь бурхны шийтгэлийг хүртэх болсон гол шалтгаан гэж тэдгээр сэтгүүлүүдэд бичсэн байна.
Сербийн нэг муж байсан Косово 2008 онд өрнөдийн орнуудын дэмжлэгтэйгээр тусгаар тогтносон юм. Югославын дайны үеэр 1998-1999 онд Сербийн цэргүүдийн Косовод явуулсан ажиллагааны үр дүнд 13,000 орчим хүний амь үрэгдэж, хэдэн зуун мянган хүн орон гэрээсээ дүрвэж байв.
Эцэст нь NATO агаарын цохилт өгснөөр Сербийн цэрэг Косовогоос гарсан юм. Косовогийн 1.8 сая хүн амын 90 хувь нь албани үндэстэн, 5 хувь нь серби гаралтай байсан нь үндэстэн хоорондын мөргөлдөөн үүсэх шалтгаан болж байжээ.
Одоо Косовод NATO-гийн 5,000 орчим цэрэг байнга байрладаг бөгөөд шинэ залуу улсыг дэлхийн 115 улс хүлээн зөвшөөрөөд байна. Харин Серби, ОХУ, Хятад болон Европын Холбооны 28 гишүүн орны зургаа нь зөвшөөрдөггүй юм.
Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээний зохион байгуулалтыг тухайн үед Сербийн хэвлэлүүд хүчтэй шүүмжилж байв. Тухайлбал Косовогийн далбааг бусад улс орнуудын далбаатай зэрэгцүүлэн мандуулсан нь маргаан үүсгэж байжээ. Үүнээс гадна ёслолын арга хэмжээний үеэр Косовогийн ерөнхийлөгчийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай ойролцоо суулгаж, харин Сербийн ерөнхийлөгч Александр Вучичийг эсрэг талд нь харьцангуй доод зиндааныхантай суулгасан нь сербичүүдийг бухимдуулж байв.
Гэхдээ Сербийн ерөнхийлөгч Вучич өчигдөр Парисын Дарь эхийн сүм шатсан явдалд харамсаж байгаагаа твиттер хуудсандаа илэрхийлсэн байна.
“Бид Франц найз нөхдийнхөө хамт байж, Францын болон дэлхийн соёл иргэншлийн бэлгэдлийг сэргээн засварлахад туслахад бэлэн байна” гэж тэр бичжээ.
Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty