Connect with us

Улс төр

Ч.Өнөрбаяр: Шүүхийн шинэтгэлийн амин сүнс нь шүүхийн хараат бус байдал

Нийтэлсэн

-

УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд буй. Олон парламент дамнасан Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ удаад МАН хийж чадах болов уу гэдэг хүлээлт бий.  Тэгвэл Үндсэн хуулийн өөрчлөлт болон бусад асуудлаар МУИС-ийн дэд профессор, доктор Ч.Өнөрбаяртай ярилцлаа. Тэрбээр Үндсэн хуулийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байснаар нь ч хүмүүс таних болов уу. Тэрбээр 2017 оноос Оксфордын их сургуулийн хуулийн факультетэд зочин судлаачаар ажиллаж байгаад эх орондоо ирж, МУИС, Санхүү, эдийн засгийн дээд сургуулиудад багшлахаас гадна хэд хэдэн судалгааны бүтээлүүд дээр ажиллаж байгаа юм.


-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд. Таныг зөвлөхийн ажлаа өгөөд Оксфордын их сургуульд багшилж байгаа гэж сонссон. Монголдоо ирээд юу хийж байна вэ?

-2017 онд Английн Оксфордын их сургуулийн Хуулийн факультетэд зочин судлаачаар уригдаж, Үндсэн хуулийн чиглэлээр хамгаалсан докторын зэргээ илүү гүнзгийрүүлж, судалгаа хийж байгаад ирсэн. Оксфордын их сургууль өөрөө дэлхийн хэмжээний сургууль хэр нь Монголын хуульч, эрдэмтдийн ном бүтээл байдаггүй юм билээ. Тиймээс АНУ-д суугаа Элчин сайдын яамныхантай хамтраад Монголын хуульч эрдэмтдийн бүтээлүүдийн дээжээс номын санд нь бэлэглэсэн. Мөн Монголын хуульчдын номын каталог үүсгээд ирсэн. Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимид багшаас эхлээд хуулийн салбарын нэрт эрдэмтдийн бүтээлүүд багтсан. Цаашид энэ номын сан илүү их баяжаад явах байх. Одоо МУИС болон санхүү эдийн засгийн сургуульдаа хичээлээ заагаад явж байна. Ерөнхийдөө багшлах, эрдэм шинжилгээний ажлаа л хийж байна. Өнгөрсөн хугацаанд бас ажлынхаа хажуугаар амжуулсан нэг зүйл бол хэд хэдэн ном гаргасан. “Хуулийн сургуульд сурсан 101 жил”, Үндсэн хуулийн чиглэлээр салбарынхаа эрдэмтэдтэй хамтарч бүтээл гаргасан байгаа. Мөн 2014 онд “Эрх зүйт” сан байгуулж байсан. Энэ сангийн хүрээнд хэд хэдэн ном гаргасан. Дэлхийн том сургуулиудад  Монголын бүх  залуучууд суралцаж чадахгүй. Гэхдээ эх хэл дээрээ тэнд үздэг, судалдаг бүтээлүүдийг залуучууддаа уншиж, судлах боломж  олгох үүднээс энэ санг байгуулж байсан. Сангийн шугамаар  хэд хэдэн сургуулиуд, тэр дундаа Оксфордын их  сургуулийн  бүтээлүүдийг хэвлэн нийтлэх эрх авч, нийтдээ 20 гаруй ном гаргасан байгаа. Удахгүй бас “Популизм” гэх шинэ бүтээл дээр ажиллаж байна, удахгүй уншигчдад хүрэх байх.

“НИЙГМИЙН ДЭМЖЭЭГҮЙ ЗААЛТУУДЫГ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨС ХАСАХ ХЭРЭГТЭЙ”

-Үндсэн хуулийн чиглэлээр доктор хамгаалсан, сая бас гүнзгийрүүлж судлаад ирсэн гэлээ. Яг энэ цаг үед эрх баригч МАН Үндсэн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэж, удахгүй УИХ-аар хэлэлцэх төлөвлөгөөтэй байх шиг байна. Энэ төсөлтэй нь танилцаж үзэв үү?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн эрдэмтдийн багт нь хэсэг хугацаанд ажилласан. Үндсэн хуулийг огт өөрчилж болохгүй зүйл биш.  Гэхдээ олон салбар, чиглэлд, томоор нь өөрчлөх ёстой гэдэгтэй би санал нийлдэггүй, өмнө нь ч илэрхийлж байсан. Б.Чимид багшийн хэлснээр “Монгол Улсын Үндсэн хуульд алгын чинээ ч энэ улс бүхэлдээ багтдаг юм шүү” гэж хэлсэн байдаг. Бид томоор нь бус тодорхой болохгүй байгаа асуудлууд дээр өөрчлөлт  хийх ёстой. Тэр нь юу вэ гэхээр Засгийн газрыг УИХ-тай харилцах харилцааны асуудал байдаг. Монголын Засгийн газар дунджаар 1,5 жилийн настай байдаг нь өөрөө тогтворгүй байдал үүсгэдэг. Энэ өөрөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол цөм нь байх ёстой. Мөн 2000 оны дордохын долоон  өөрчлөлт гээд тэр долоон өөрчлөлтийг янз бүрээр ярьдаг.  Энэ өөрчлөлтүүд нь УИХ-ын  гишүүдийн олонх нь ирснээр буюу 39 гишүүний ирцтэйгээр эхэлж, энэ 39 гишүүний олонх хууль батална гэх өөрчлөлт. Өөрөөр хэлбэл, 39 гишүүний олонх гэхээр 20 орчим гишүүн хууль батлах эрхтэй болж байгаа юм. Гэтэл энэ 20 гишүүний 10 нь ч юм уу давхар дээлтэй сайд нар байхад парламентын хууль тогтоох эрх  мэдэл, хууль тогтоох хүчин чадал нь байна уу, үгүй юу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Нөгөө талдаа УИХ-ын ажил бол өөр ажил хийх зорилготой хүмүүсийн явуулын ажилладаг  газар биш, байнгын хууль тогтоох зорилготой байгууллага.  Түүнээс гадна чуулгандаа суудаггүй, залхуу гишүүдийн чуулган хуралдах өдрийн тоог багасгасан гэх мэт  парламентын ардчиллыг үгүй хийсэн, сулруулсан өөрчлөлтүүдийг хийсэн. Эдгээрийг засах, өөрчлөх ёстой юм. Мөн өнгөрсөн хугацаанд байсаар ирсэн Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлж чаддаггүй явдал. Ерөнхий сайдыг, сайд нарыг УИХ-аар нэг бүрчлэн хэлэлцэж томилдог байдлыг засах ёстой. Ерөнхий сайд танхимын сайд нараа бүрдүүлэх томилгоонд оролцох оролцоо нь маш бага. Энэ нь өөрөөр парламентад суудалтай улс төрийн намуудын фракциуд Ерөнхий сайдад шахалт үзүүлэх боломжийг бий болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, таныг Ерөнхий сайдаар томилсон, одоо энэ хүнийг ийм сайд томил гэх зарчмаар шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг танхимаа бүрдүүлэхээр хамтын зарчмаар ажиллаж чадахгүй, Засгийн газрын нэгдсэн бодлогогүй, алдаа гаргавал хариуцлага тооцох боломжийг нээчихсэн. Энэ нь өөрөө Засгийн газар өөрөө төрийн хэмжээний бодлогыг Монгол Улсын хэмжээнд тодорхойлох, түүнийхээ биелэлтийг УИХ-ын өмнө хариуцах зэрэг Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжихгүй, тунхаг болоод үлдэх бололцоог олгоод байгаа юм. Энэ бүгдийг засахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлтийг бол би дэмжинэ. Одоохондоо үүнээс өөр зүйл рүү ч орох гээд хэрэггүй. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр бас алдаа гарч болно. Тэгэхээр алдаа гарсан ч бага алдъя л гээд байгаа юм. Оньсон тоглоомыг салгах амархан, эвлүүлэхэд арга ухаан шаарддаг. Яг түүнтэй адил бид Үндсэн хуулийг задлаад тавьж болохгүй.

 

Нэг нам дангаараа байхдаа Үндсэн хуульд “гар” хүрэх нь буруу, зөв. Олон намын төлөөлөл байх үедээ батлах нь зөв, нэг нам дангаараа эрх барьж байхдаа өөрчлөх нь буруу гэх мэт дүгнэлтүүд байдаг. Гэхдээ өнгөрсөн парламентын үед олон намын төлөөлөлтэй байхдаа хийж чадаагүй. Одоо олонх хийсний дараа бас л дордохын долоо шиг өөрчлөлт хийвэл яах вэ гэсэн болгоомжлолтой ч хүмүүс байна?

-Үндсэн хууль нь нийгмийн зөвшилцлийн баримт. Тэгэхээр бүх улс төрийн хүчин, иргэдийн оролцоог хангасан зөвшилд хүрч байж нэмэлт, өөрчлөлтийг хийх ёстой. Энэ удаагийн эрх баригчид “Зөвлөлдөх ардчилал” гээд олон нийтийн санал асуулга, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тэндээ гарс ирсэн саналуудыг энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд тусгаагүй юм байна гэж ойлгосон.  Тэнд хэлэлцэгдээгүй, иргэдийн санал өгөөгүй  асуудлыг тусгасан бол энэ нь өөрөө ёс  суртахууны  хувьд 60 тэрбум, ЖДҮ-д холбогдсон УИХ өөрөө нэмэлт, өөрчлөлтийг хийх хэрэгтэй юу. Үндсэн хуулийг тогтоогч нь ард түмэн. Тиймээс парламент иргэдийн оролцоог бүрэн утгаар нь хангах үүрэгтэй. Одоогийн байгаа төсөлд “Зөвлөлдөх ардчилал” санал асуулгад ороогүй заалтуудыг хасах ёстой л гэж харж байгаа. Түүнээс гадна зайлшгүй  нэг харах ёстой зүйл бол Монгол Улс парламентын засаглалаар явах ёстой бол сонгуулийн системээ өөрчлөх ёстой. Үндсэн хуулийн Цэц сонгуулийн системийг мухарласан, гарах  гарцгүй болгосон. Тиймээс сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд илүү уян хатан зохицуулах нь зөв. Жижиг тойргоор сонгууль явуулах нь жалга, довны үзлээс салгахгүй. Жишээлбэл, 1500-2000 хүн амьдардаг газар спортын ордон, соёлын төв барина гэх. Энэ бүтээн байгуулалт хэзээ ч нөхөгдөхгүй, ашиглагдахгүй.  Эдгээр бүтээн байгуулалтыг дагаа эрчим хүч, өндөр хүчдэл гээд маш их зардлуудыг зарцуулах шаардлага гардаг. Энэ их мөнгийг эргэлтэд ордог, төсөвт мөнгө нэмдэг, хөгжилд  хэрэгтэй үр ашигтай зүйлд зарцуулах ёстой болохоос манай, миний тэдэн сум, тойрог гэж сэтгээд байх юм Монгол Улс том утгаараа урагшаа алхаж чадахгүй. Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сонгуулийн системийн асуудлыг уян хатан тусгахгүй бол ирэх 2020 оны сонгууль жижиг эсвэл том мажоритар системээр л сонгууль болно. Би

судлаач хүний хувьд 2012 оны 28/48 систем бол Монголын парламентын ардчиллын хамгийн байж болох зөв хувилбар гэж боддог.

“АРД ТҮМЭНД ТААЛАГДАХЫН ТУЛД ҮНДСЭН ХУУЛЬ РУУ НУЛИМЖ, ДАВЖ ГАРЧ БОЛОХГҮЙ”

-Та Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа Шүүхийн шинэтгэлийн багц хуулиудыг батлуулж байсан. Тухайн үедээ энэ шинэчлэлийг хийх ёстой, зөв гарц гээд хийж байсан. Харин одоо бол энэ шинэтгэл хамгийн буруу нь л болоод хувирчих шиг. Таны зорьж, хүсч байсан шинэчлэлийг үгүйсгээд байхаар “өөрийн” гэж харахаас илүү хуулийн талаас нь яаж харж байна вэ?

-Энэ Монголын төрд залгамж халаа гэж байх ёстой. Хэний үед, хэн хийсэн гэдгээс илүү зөв бодлого залгамжлаад явах ёстой, харин бодлогын алдаа байвал түүнийг засч, сайжруулах ёстой. Шүүхийн шинэтгэл нь зөвхөн Ч.Өнөрбаяр, хуучин Ерөнхийлөгчийн ажил байгаагүй. Тэр шинэтгэлийг хийхийн тулд 1000 гаруй хуульч, эрдэмтэд, судлаач, иргэний нийгмийн төлөөлөл оролцсон хурал хийж байсан. Энэ худлаа түүх юм уу. Үүний үр дүн болж шүүхийн шинэтгэл хийгдсэн. Үүнийг зангидсан Шүүхийн шинэтгэлийн үндэсний хөтөлбөрийг тухайн үед Үндсэн хуулийн эцэг Б.Чимид гуай ҮАБЗ-өөр оруулж батлуулсан. Үүний дагуу шүүхийн шинэтгэлийн багц таван хууль батлагдсан. Ч.Өнөрбаяр хийсэн зүйл биш Монголын урдаа барьдаг хуульч, эрдэмтэд оролцсон хийсэн.

Одоо өөрчлөх гээд байгаа Захиргааны ерөнхий хуулийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Хууль зүйн сайдаар Ц.Нямдорж ажиллаж, МАН олонх байхдаа баталсан, одоо юу ярих гээд байгаа юм бол.

Шүүхийн шинэтгэл бол маш том ололт. Бид заримдаа дэлхий нийтээр шалгарсан туулсан туршлагуудыг бас харж байх ёстой гэж боддог.  Шуудхан хэлэхэд өөрсдөө  дахиж сонгогдохын тулд улс төрийн оноо авахын тулд Монголоо хорлож болохгүй. Үндсэн хууль руу халдаж болохгүй. Даргын хүүхэд дарга болохгүй, сайдын хүүхэд сайд болохгүй бүгд Монгол Улсын  иргэн. Иргэн хүн л зөв амьдардаг, иргэний эрхийг хамгаалж чаддаг хууль шүүхийн үндэс, тогтолцоог бүрдүүлэх нь бидний зорилго байх ёстой. Түүнээс өөрөө улс төрийн оноо цуглуулахын тулд жоомоо алах гээд гэрээ шатаадаг шиг утгагүй зүйл хийж болохгүй юм. Улс төр хийж болно, ойлгож байна. Ард түмэнд таалагдах гэж акц хийж болно, улстөрч л юм чинь. Гэхдээ тэглээ гээд Үндсэн хууль руу нулимж, давж гарч болохгүй. Үндсэн хуулийн хүрээнд улс төрөө  хийх нь ардчиллын зарчим.

-МАН олонх байсан үедээ баталсан хуулиа ч үгүйсгэж, одоо өөрчлөх гээд байна.Ялангуяа энэ хууль батлагдахад Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж сайд одоо ч шүүхийн шинэтгэл бол хуулийн салбарыг завхруулсан л гэж яриад байгаа шүү дээ?

-Ямар ч юманд сорилт бэрхшээл гэж байдаг.  Хуулийн заалтууд сайн батлагдсан ч амьдралд  хэрэгжүүлэхэд алдаа гардаг. Хэрэгжүүлж байгаа хүнээс  болох гэх мэт олон шалтгаан байж болно. Тэгэхээр үүнийг засч, залруулаад явдаг жамтай. Монголын хуулийн салбарын маш том алхам байсан, цаашаа үргэлжлэх ёстой. Мэдээж хүний л оюун ухаанаас гарсан учраас алдаа оноогүй зүйл гэж байхгүй учраас дараагийн үе нь засч, залруулаад  явдаг зүйл л гэж харж байгаа. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүхийн шийдвэрүүд ил тод болж маргаан өрнүүлэх, шүүмжилдэг, шүүх хуралдааны танхимууд камертай байх, нөлөөллийн мэдүүлэг бөглүүлдэг болсон, шинэтгэлийн амин сүнс нь шүүхийн хараат бус байдлыг хангах зэрэг маш олон бодит үр дүн бий. Үнэхээр үр шимийг нь хүртсэн хүмүүс хэлэх ёстой болохоос нэг, хоёр хүний тэнгэр харж байгаа хийсэн зүйл биш, олон хүний оролцоотой бүтсэн ажил. Тэгэхээр нэг удаагийн зүйл дээр нэг хэсэг хүний алдаатай зүйлээс болж тэр том шинэтгэлийг унагаж болохгүй. Үнэхээр буруутай хүн байвал хуулийн хариуцлага тооцоод явах ёстой болохоос бүхэлд нь харлуулдаг, унагадаг байж болохгүй юм. Шүүхийн тогтолцоо өөрөө Монголын ардчиллын баталгаа гэдэгт би итгэдэг. Заримдаа  бидний санах ой маш богино болсон юм уу даа гэж бодож байна. Шүүх бол ардчиллын дархлаа.

“МАН ОЛОНХ БАЙХДАА БАТАЛСАН ХУУЛИА ӨНӨӨДӨР ҮГҮЙСГЭЖ БАЙНА”

-Шүүхийн шинэтгэлийн хүрээнд батлагдсан нэг хууль бол Захиргааны ерөнхий хууль. Гэвч энэ хууль бас л болохгүй байна, Засгийн газрыг шүүхийн хяналтад авах гээд байна ганц заалттай хууль оруулж ирээд л хэлэлцэж байна, яг энэ цаг үед. Тухайн үед батлахдаа ямар үндэслэл, шаардлага дээр тулгуурлаж баталсан юм бэ?

-Монгол Улс 2005 онд Захиргааны хэргийн шүүхтэй болсон бөгөөд гол ройлсон хүн нь Б.Чимид багш. Гэхдээ Захиргааны хэргийн шүүхийн гол хэрэглэдэг, гартаа барьдаг хуулийг батлаагүй байсан. Жишээлбэл, Эрүүгийн шүүх Эрүүгийн хууль, Иргэний шүүх Иргэний хууль барьж шийдвэрээ гаргадаг. Түүн шиг Захиргааны хэргийн шүүх гартаа барьдаг хуульгүй явсаар ирсэн. Гааль, татвар, даатгал гээд 200 гаруй хуулиар зохицуулагддаг байсан. Энэ бүгдийг нэг стандартад оруулж, 2008 оноос хойш парламент, Засгийн газар дамжиж явсаар батлахгүй байсаар ирсэн. Тиймээс 2015 онд тухайн үеийн Ерөнхийлөгч өргөн барьж батлуулсан. Энэ бол том ололт. Үүнийг би ч биш Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, захиргааны хуулийн чиглэлийн доктор Ц.Сарантуяа “Монгол Улс Захиргааны ерөнхий хуулийг баталсан нь өөрөө эрх зүйт  төртэй, хуулийн засаглалтай болоход том алхам хийлээ” гэж дүгнэж байсан. Хууль зүйн яам, эрдэмтэн, судлаач, хуульчид оролцож энэ хуулийг боловсруулсан байдаг. Үүнийг тухайн үеийн Ерөнхийлөгч хуулийн засаглалд хэрэгтэй хууль байна гэж өргөн бариад батлуулж  байсан. Бидний хийсэн гол зүйл бол шүүхийг дагнуулсан. Өмнө нь иргэний шүүгч гэр бүл салалт, хүүхэд үрчлэх, аж ахуйн  маргаан  зэргийг шийддэг шүүгч газар, лиценз, ашигт малтмалтай холбоотой зөвшөөрөл зэрэг захиргааны хэрэгтэй холбоотой хэргийг шүүнэ гэхээр чанаргүй шийдвэр гаргах, цалгарддаг асуудал байсан. Энгийн нэг жишээ хэлэхэд, жирийн иргэний эрхийг өдөр тутам хэн зөрчдөг вэ. УИХ-ын гишүүн биш Засгийн газрын бүтэц. Өдөр тутам газрын алба, татварын байцаагч, цагдаа гээд  дандаа Засгийн газрын хүмүүс. Тэгэхээр

Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг хуулийн хяналтанд, хуулийн дор байна уу гэдгийн баталгаа нь Захиргааны ерөнхий хууль. Түүнээс гадна Засгийн газрын Захиргааны ерөнхий хуулийн хяналтаас гаргалаа гэхэд шүүхийн хяналтаас гарч, дураараа дургих юм шиг яриад байгааг нь би ойлгохгүй байгаа юм.

Тийм зүйл байхгүй. Захиргааны хэргийн шүүх байхгүй байсан ч иргэний шүүх хянана. Хуулийн засаглалтай улсад шүүхийн хяналтын гадна Засгийн газар байна гэж байдаггүй тогтсон зүйл. Тэгэхээр Үндсэн хуульд заасан дагнасан шүүхийг бий болгосон. Захиргааны ерөнхий хуулиас буцна гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Улстөрчид бол ирдэг, буцдаг. Сайн хууль хийсэн байхад тогтолцоо болоод  л үлддэг. Гэхдээ л хүнээс хамаарахгүй тогтолцоо. Монголчууд өөрсдөө хууль, цаазыг дээдлэх уламжлалтай ард түмэн. “Зуд нэг жилийнх, журам 1000 жилийн” гэх хэлц ч бий. Өмнөх Ерөнхийлөгчийн хуулиараа дамжуулж, өв үлдээе гэж Шилэн дансны тухай, Улс төрийн намын тухай, Нийтийн сонсголын тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хуулиудыг батлуулсан. Баялгийн сан гэхэд бид өмнө нь Сингапур, Казакстан, Норвеги зэрэг улсын Баялгийн санг  судалж, үнэхээр монгол улс уул уурхайн салбар хөгжихөд  орж ирэх орлогыг Ирээдүйн өв санд  оруулах, хөрөнгө оруулалт,  ирээдүйд тодорхой хувь нь үлдэх боломжтой  хуулийг баталсан.  Айлаас ирэхээр авдраа ух гэдэг, байгаа хуулиудаа судлах ёстой. Будаач, будаач гэхээр сахлаа будав гэгчээр өмнөх хүнийхээ  хийсэн зүйлийг харлуулах аа болих хэрэгтэй. Энэ бол хэн нэгний хууль биш Монгол Улсын хууль. Би Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа нэг хүнд биш Монголын төрд зүтгэсэн гэж өөрийгөө боддог.

“НИЙТИЙН СОНСГОЛЫН ХУУЛИЙГ БАТЛААГҮЙ БОЛ ӨНӨӨДӨР ТОМИЛГООГОО СОНСГОЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН”

-Өмнөх өө үгүйсгээд байгаа ч тухайн үед баталсан Нийтийн сонсголын тухай хуулийг одоогийн энэ улстөрчид барьж “гүйгээд” байна л даа. Ялангуяа томилгоон дээр  ашиглаад байгаа нь хуулийн үндсэн зорилгыг гажуудуулаад байх шиг?

-Нийтийн сонсголын тухай хууль анх өргөн барьсан хувилбар нь өөр байсан. Ард түмнээс сонгогдсон гишүүд шар хэвлэлийн мэдээлэлтэй бус бодит мэдээлэлтэй байх ёстой гэдэг үүднээс одоо энэ маргаантай байгаа 60 тэрбум, ЖДҮ гээд маш олон асуудлуудаар холбогдох албан тушаалтнууд, мэргэжлийн экспертүүд, шинжээч, иргэний нийгмийн төлөөлөл, хэвлэл мэдээллийг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, дараа нь дүгнэлт гаргадаг  байхаар мөрдөн шалгах сонсгол гэх заалттай байсан. Гэвч тухайн үед эрх барьж байсан МАН-ын гишүүд УИХ-ыг шүүх байгууллага болгох гэлээ гээд л тэр заалтыг хасч байсан. Гэтэл өнөөдөр  УИХ хууль, шүүхийн байгууллагаас ч илүү нөхцөл байдалтай байна шүү дээ. Энэ заалтыг авсан нь Нийтийн сонсголын тухай хуулийн амин сүнсийг авсан л гэж би боддог. Энэ заалт байсан бол энэ олон эргэлзээтэй асуудлыг зөв арга хэрэгслээр нэг талдаа гаргаж болох байсан гэж хардаг. Нөгөө талдаа ямар ч гэсэн энэ хуулийг амьд байлгаж, томилгооны асуудлаар яриа өрнүүлж байна гэдэг нь Монголын ардчилалд хэрэгтэй хууль байсан байгаа юм. Өөрсдөдөө зориулж хийсэн хууль гэж байгаа бол нэг зүйл асууя, энэ хууль тэгээд тухайн үед өргөн барьсан бидэнд, надад ашигтай хууль байсан байна уу. УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зураад сонсгол хийж байна шүү дээ. Тэгэхээр хэн байх нь гол биш зөв юм бол энэ мэт болдог. Жишээлбэл, Шилэн дансны хууль бол маш сайн хууль болсон гэж боддог. Шилэн Цогоо гэхэд өөрийнх нь нам засаг барихад, өөрөө дэд сайд болохоороо шилэн дансаа хөтлөхөө больж болохгүй шүү дээ. Шилэн дансны хуулийн онцлог нь иргэн бүрт хяналтаа тавих эрхийг нь олгож,  төр нь төсвийн зарцуулалтаа ил тавьж, шаардлагатай тохиолдолд аудитын байгууллага шалгаж, гомдол гаргасан иргэнд хариу өгөх ийм л хууль. Эргээд харж байхад Шилэн данс, Улс төрийн намын тухай,  Нийтийн сонсголын хууль гэх мэт хуулиудыг илүү сайжруулаад явмаар л байгаа юм. Нөгөө талдаа батлуулж чадаагүй маш олон сайн хууль бий. Би бол тухайн үед хийсэн ажлуудаа аль болох зөв зүйл рүү л явсан гэж боддог. Ер нь бол төрийн ажил төрийн ажил хэн нэгний амаар ярьснаар бус цаасаар явдаг. Хуулиар бодлого шийдвэр гаргадаг. Түүнээс нэг дарга  хууль ямар хамаатай юм гээд асуудал шийддэггүй биз дээ.

 

-Өнгөрсөн хугацаанд хийсэн бүхэн буруу, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж буруутай гээд л Ц.Нямдорж гишүүн их л ярьж байна. Та бас энэ хүнийхуулийн зөвлөх байсан. Шүүхийн шинэтгэл, хуулийн салбарын завхрал, одоо эрх баригчдын тэмцээд байгаа бүхний буруутан нь л өмнөх төр барьж байсан нам, хүмүүс л болоод байна л даа?

-Хүний сайныг ханилж, морины сайныг унаж мэднэ гэж зүйр үг бий. Хүнтэй хамтарч ажиллаж, бүтээж, нөхөрлөж байж л хүний ямар хүн бэ гэдгийг мэддэг. Түүнтэй адил би Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой таван жил ажилласан. Энэ хүн ямар ч гэсэн Монголоо гэсэн сэтгэлтэй, зарчимтай, улс орныхоо төлөө олон зүйлийг хийсэн л гэж боддог. Гадаад бодлого, хууль, шүүхийн салбар, түүх өв  соёл гэх мэт олон зүйл хийсэн. Хүмүүс одоо мартсан л байх, “Ардын үг” хийсэн ажлынхаа тайланг тавьж байсан. Хийсэн зүйлээ ярьсан. Энэ хүний үед ядаж бодлогын маргаан өрнөдөг байсан. Цаазын ялыг халах тухай, шүүхийн шинэтгэлийг явуулах нь, авлига, албан тушаалын хэрэгт хориг тавих нь зөв, буруугийн тухай бодлогын маргаан өрнөдөг байлаа. Энэ бол эрүүл зүйл. Тэр утгаараа энэ хүнээс авах, сурах зүйл  бий. Тэр хүн бол Монголын ардчиллын бүтээгдэхүүн. Бид хоёрыг  янз бүрээр холбох гэдэг, гэтэл хоёр өөр аймаг, төгссөн сургууль, мэргэжил ч өөр. Гэхдээ биднийг нэгтгэж, хамтарч баг болж ажилласан зүйл бол үнэт зүйл, зарчим нэг байсан гэж боддог. Түүнээс  гадна улстөрчид улс төрийн оноог цуглуулахын тулд дайсантай байх хэрэгтэй юм шиг байгаа юм.

-Та хуульч бас багш хүн. Гэхдээ та улс төрд оролцдоггүй, сонирхдоггүй хүн биш. Өнөөдрийн Монголын улс төрийн энэ олон үйл явцуудад дүгнэлт хийж байгаа байх. Популизм, попуудын улс төр өрнөж байна гэх хүмүүс ч бас байх?

-Монгол хүн шинэ зүйлийг хүлээж авахдаа маш  сайн. Популизм, дарангуйлал гээд шуураад туйлд нь хүртэл явна гэж бодохгүй байна. Гэхдээ нөгөө талдаа ардчиллаа дэмжиж өгөхгүй байх вий гэсэн зүйлийг бодож байна. Магадгүй жилийн дараа ингэж попилизм биш байж, ажил хэрэг ярь гээд сууж байхыг үгүйсгэхгүй.Ардчилал бол Монголын тусгаар тогтнолын дархлаа, ялангуяа парламентын ардчиллыг илүү сайжруулаад явах ёстой. Гэхдээ энэ бодит сорилтыг бид давж  гарах ёстой. Ямар нэг зүйл хязгаартай байдаг. Ядаж л Үндсэн хуулийнхаа хүрээнд байх. Хуулийн арга хэрэгслээр  Үндсэн хуульд нийцсэн зарчмаар улс төрөө хийх ёстой. Түүнээс хууль ямар хамаатай гэдэг үгийг төрийн хүн хэлж байгааг ойлгохгүй байгаа юм. Сонгогдохдоо Үндсэн хуульдаа үнэнч байна гэж тангараг өргөчхөөд гарсныхаа дараа нулимдаг байж болохгүй.Энэ бүхнийг хараад заримдаа Монголын ардчилалд тулгарах ёстой л сорилт юм  байлгүй л гэж бодож байна. Ардчилсан тогтолцоонд өөрийн гэсэн өнгө аястай, сорилт бэрхшээл одоо ч цаашид ч тулгарна.

Ардчилал бойжихын  тулд хуулийн дээгүүр гишгэх, мөнгөтэй хүмүүс самрах, буруу тийш нь турхирах гээд зөндөө л зүйлийг туулна. Ардчилал бол алдаагаа засч, улам сайжруулах боломжтой систем гэж би хардаг.

Нэг удирдагч, дарангуйлал гарч ирэхэд асуудал шийдэхэд амархан. Гэхдээ өнгөн дээрээ асуудлыг шийддэг бодит байдал дээр шийдэлгүй үлддэг.  Энэ маш том уналт руу оруулдаг бөгөөд уналтын үр шимийг тэр удирдагч биш ард түмэн үүрдэг жамтай. Тэр утгаараа ардчилалд одоо ч итгэл үнэмшилтэй байдаг. Жишээлбэл, Герман улс Гитлер гэх дарангуйлагчийг бий болгож, үр дүнд нь юу болж хувирав. Ийм л төлөөс ирдэг. Ер нь зөв зүйлийн төлөө хүмүүс юу ч хийхгүй байхад муу муухай ялан дийлдэг гэж үг бий. Хэвлэл мэдээлэл, судлаачид, эрдэмтэд өөрийнхөө зөв гэж бодсон зүйлийн талаар дуу хоолойгоо илэрхийлж байх л ёстой. Тэгэхгүй бол нэг мэдэхэд ардчилал нэг зүйлд идэгдээд дарангуйлал гэх зүйлээр зүсээ хувиргасан байхыг үгүйсгэх аргагүй.

-Олон улсын, дотоодын гээд олон судлаачид дэлхий нийтийгпопулизм “нөмөрсөн”, Монгол ч тойроогүй гэх. Өрнөж буй үйл явдлууд ч илүү тодотгож байгаа байх. Та ярилцлагын эхэнд “Популизм” гэдэг ном гаргаж байгааг цухас дурдсан. Та номоороо юу илэрхийлэхийг хүсэв?

-Ардчиллыг дагаж явдаг сүүдэр нь популизм. Ямар  цаг үед хүчтэй, сул илрэх үү гэдэг л асуудал. Одоо бол ганц Монгол биш дэлхий дахинд популизмын давалгааны үе болж байна. Европ, Турк, Венесуэл гэх мэт. Ер нь популизм эргээд ардчиллын хөнөөлт дайсан болдог тухай өгүүлэх гээд байгаа юм. Популизм өөрөө ардчилалд хэрэгтэй эсэх гэдэг талаас нь. Популизм өөрөө ардчиллын эмгэг. Өвчнийхөө оношийг зөв тодорхойлох ёстой шиг бид даван туулах ёстой л асуудал.

Зөв онош тавихгүй бол популизм өөрөө ардчиллыг “оршуулчих” аюултай тийм зүйл.

Миний хувийн байр суурь гэхээс илүүтэй олон улсын судалгаа, дэлхийд ямар үйл явц өрнөж байна, тэндээс бид авах сургамжуудыг хөндөж тавихыг л хүссэн.

-Ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Улс төр

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.

Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.

Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг  санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.

Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.

Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.

Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.

Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.

Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.

Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.

Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.

Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.

Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.

Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.

Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.

“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.


Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.

Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.

Тухайлбал, хотын нийт талбайн  50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам  байх юм.

Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.

Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.

Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.

Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.

Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1.     “Эрдэнэс Тавантолгой” ХК
2.     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3.     “Эрдэнэс алт ресурс” ХК
4.     “Эрдэнэс Монгол нэгдэл”
5.     “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6.     “Энержи ресурс” ХХК
7.     “Шивээ овоо” ХХК
8.     “Багануур” ХК
9.     “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм18 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм19 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр19 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм20 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм20 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм20 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм20 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм20 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм20 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент20 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад20 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр20 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим