Дэлхий дахинд
Перугийн ерөнхийлөгч асан баривчлагдахаасаа өмнө өөрийгөө бууджээ
Өмнөд Америкийн Перу улсын ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж байсан Алан Гарсиа өчигдөр авлигын хэргээр баривчлагдахаасаа өмнө амиа хорложээ.
Түүнийг ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байх үедээ Бразилийн барилга угсралтын Odebrecht компаниас авлига авсан гэж сэжиглэж байсан юм. Гарсиа үүнийг үгүйсгэж байв.
Тэрээр 1985-1990 онд, дараа нь 2006-2011 онд Перу улсын ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж байжээ.
Өчигдөр Гарсиаг гэрээс нь баривчлахаар цагдаа нарыг явуулсан юм байна. Цагдаа нарыг ирэх үеэр тэр утсаар яриулахыг гуйж, өөр өрөөнд ороод хаалгаа хаажээ.
Хэдхэн минутын дараа буун дуу сонсогдож, өрөөнд ороход Гарсиа толгойдоо сумны шархтай сандал дээр сууж байсныг тус улсын дотоод хэргийн сайд Карлос Моран сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Экс ерөнхийлөгчийг нийслэл Лимагийн эмнэлэгт хүргэсэн ч удалгүй амьсгал хураажээ.
Армийнхны бэлэглэсэн 4-5 галт зэвсгийг Гарсиа гэртээ хадгалдаг байсан бөгөөд тэдгээрийн нэгээр өөрийгөө буудсан болохыг түүний туслах баталсан байна.
Гарсиа хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа нийслэл Лима хотод метро байгуулах төсөлд оролцож байсан Odebrecht компаниас авлига авсан гэгдэж байгаа юм.
Бразилийн барилгын компани экс ерөнхийлөгчид 2004 оноос хойш нийт $30 саяыг өгснөө хүлээн зөвшөөрөөд байгаа. Харин Гарсиа үүнийг үгүйсгэж, өөрийг нь улс төрийн зорилгоор гүтгэж байна хэмээн удаа дараа мэдэгдэж байв.
Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Уругвайн засгийн газраас улс төрийн орогнол хүсээд татгалзсан хариу аваад байжээ.
Гарсиа 1949 онд нийслэл Лимад төрсөн, хуульч, социологич мэргэжилтэй нэгэн байв. 1985 онд 36 насандаа тэр Перугийн түүхэнд хамгийн залуу ерөнхийлөгч болж байжээ. Уран илтгэх төрөлхийн авьяастай түүнийг зарим хүмүүс “Латин Америкийн Кеннеди” хэмээн өргөмжилдөг байсан юм.
Эх сурвалж: BBC