Дэлхий дахинд
Биткоины арилжаачин америк эрд Тайландын шүүх цаазын ял тулгаж магадгүй байна
Тайландын эрх баригчид АНУ-ын иргэнийг тус улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн хэрэгт буруутган хайж эхэлжээ.
Эрэн сурвалжлагдаж байгаа Чад Элвартовски нь Надя гэх тай найз бүсгүйн хамт Тайландын эргээс алс зайд усан дээр сууц байгуулан амьдарч байсан юм.
Тэдний сууц нь далай дунд төмөр тулгуур дээр босгосон найман талт байшин ажээ. Элвартовски энэ сууцаа Тайландын усан хилийн гадна буюу Пхукетын эргээс 13 далайн милийн (24 км) зайд босгосон тул хууль дүрмэнд нь захирагдахгүй гэж үздэг. Гэтэл Тайландын тал түүнийг 12 милийн (22 км) зайтай буюу усан хил дотор байгуулсан мөртлөө хууль дүрмэнд захирагдахгүй гэж байгаа нь тус улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн хэрэг гэж үзжээ.
Элвартовски нь дэлхийн аль ч улс оронд харьяалагдахгүйгээр задгай далайд эрх чөлөөтэй амьдрах “seasteading” хөдөлгөөний анхдагчдын нэг юм. Тэр энэхүү сууцаа хоёрдугаар сард байгуулж, өөртэйгээ ижил эрх чөлөөг эрхэмлэгч хүмүүсийг зэрэгцэн амьдрахыг сошиал сүлжээгээр уриалж байжээ.
Гэвч ингэж улс дотор улс байгуулах оролдлого нь Тайландын тусгаар тогтнолд дайсагнаж буй хэрэг тул тэр буруудвал хуулийн дагуу цаазын ял сонсох болоод байна.
Элвартовкси нь Афганистан, Герман, Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн баазуудад программчлалын инженерээр ажиллаж олсон мөнгөө биткоины арилжаанд зориулж, хөрөнгөжсөн хүн юм.
Тайландын эрх баригчид түүнд ял тулгаж, далай дахь сууцыг нь буулгах тухай мэдэгдсэний дараа Элвартовски найз бүсгүйн хамт нуугдсан байна. Тэрээр өчигдөр Фэйсбүүк хуудсандаа найз бүсгүйн хамт аюулгүй газарт байгаагаа бичжээ. Далайд босгосон сууцыг нь Тайландын тэнгисийн цэргийнхэн дөнгөж энэ долоо хоногт мэдсэн юм байна. Тэднийг сууцанд хүрэх үед эзэд нь байгаагүй гэнэ.“Манай улсын усан хил дотор тусдаа зохион байгуулалттай нийгэм байгуулж амьдрахыг олон нийтэд сошиал сүлжээгээр уриалсан нь хууль зөрчиж буй үндэслэл юм. Ийм хэргийг шийдэх хууль манайд бий. Энэ бол улс орны тусгаар тогтнолд аюул учруулсан хэрэг” гэж Тайландын тэнгисийн флотын дэд адмирал Ситтхипорн Маскасем хэвлэлийн хурал дээр мэдэгджээ. Тэрээр Элвартовскийн сууцыг буулгах усан онгоц, тоног төхөөрөмж, хүн хүчийг бэлдээд байгаа бөгөөд долоо хоногт багтаан ажиллагааг гүйцэтгэхээ энэ үеэр мэдэгдсэн байна.
Эх сурвалж: The Guardian