Дэлхий дахинд
Кенийн музейгээс эртний аварга том араатныг шинээр нээжээ
Музейн агуулахад олон жил дарагдсан амьтны яс нь шинжлэх ухаанд цоо шинээр нээгдсэн эртний араатан болохыг эрдэмтэд тогтоожээ.
Уг араатан нь өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа муурын овгийн бүх махчдаас том биетэй, туйлын баавгайгаас хүнд жинтэй, хирс шиг том толгойтой байжээ.
Шинжлэх ухаанд түүнийг “Simbakubwa kutokaafrika” нэрээр бүртгүүлсэн байна. Энэ нь Свахили хэлээр “Африкаас ирсэн том арслан” гэх утгатай юм.
22 сая жилийн настай олдворыг 40 орчим жилийн өмнө мичний хувьслыг судалж байсан эрдэмтэд олсноо Кени улсын үндэсний музейн агуулахад хадгалж орхисон байна.
Өнөөдрийг хүртэл түүнийг нээгдээгүй шинэ төрөл зүйлийн амьтан болохыг нь хэн ч мэдээгүй байжээ. Илрүүлсэн эрдэмтэд нь энэ тухай Лхагва гарагийн “Journal of Vertebrate Paleontology” сэтгүүлд мэдээлсэн байна.
Арслантай төстэй боловч муурны төрөлд огт хамаарахгүй уг амьтныг устаж үгүй болсон “hyaenodont” төрлийн хөхтөн амьтан мөн гэж дүгнэжээ.
1,000 кг орчим жинтэй байсан гэж таамаглаж буй уг араатан 10 см урт хурц шүдтэй байсан гэнэ. Гэхдээ түүнтэй ойр төрлийн ганц ч амьтан өнөөдөр үлдээгүй тул жинг нь нарийн тогтооход бэрхшээлтэй байгаа ажээ.
“Hyaenodont” төрлийн араатнууд үлэг гүрвэлүүдийг мөхсний дараа Африк тивд 45 сая орчим жил оршиж байсан юм. Тэднийг Африк тивийн хамгийн анхны хөхтөн ангиллын махчин амьтад гэж үздэг.
Тивүүд шилжиж, ойртож эхэлснээр олон сая жил тусгаарлагдсан амьтан, ургамлууд холилдож эхэлсэн гэдэг. Харин “hyaenodont” төрлийнхөн үүнээс өмнө устсан тул Африкаас өөр газарт ул мөр нь үлдээгүй юм.
Тэдгээр амьтад ойролцоогоор есөн сая жилийн өмнө устаж үгүй болсон байна. Устаж алга болсон шалтгаан тодорхойгүй ч уур амьсгалын өөрчлөлтөөс болсон гэх таамаг дэвшүүлдэг ажээ.
Шинэ олдвор нь эдгээр араатнууд ямар шалтгаанаар устсан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар хэр байсныг судлахад чухал ач холбогдолтойд тооцогдож байна.
Эх сурвалж: Associated Press