Дэлхий дахинд
Франц улс ОХУ-ын хил рүү танк, хуягт, цэрэг илгээнэ
Францын зэвсэгт хүчин цэргийн 300 албан хаагч, дөрвөн танк, 25 хуягт машиныг Эстон-ОХУ-ын хил дээр байршуулахаар болжээ. Эстон дахь Францын ЭСЯ-ны албан ёсны цахим хуудсанд энэ талаар мэдээлсэн байна. Энэхүү ажиллагаа нь Умард Атлантын цэргийн эвсэл Балти орчмын орнууд, Польш дахь цэргийн хүчээ зузаатгах ажлын хүрээнд хийгдэж байгаа аж.
Франц цэргүүд энэ сарын 23-нд Эстонд очиж, ирэх наэймдугаар сарын сүүлч хүртэл байрлана. Тэд Эстонд ОХУ-ын хилээс 140 км дотогш орших Тапа хотод байрлаж, үүрэг гүйцэтгэх юм. Бие бүрэлдэхүүнд нь Францын армийн хоёрдугаар бригад болон олон үндэстний легионы алба хаагчид багтжээ. Танк, Хуягт техникийг төмөр замаар тээвэрлэж авчрах аж.
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Михайл Попов армийн төв хэвлэл “Улаан од” /“Красная звезда”/ сонины өнгөрсөн сарын дугаарт өгсөн ярилцлагадаа Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО цэргийн хүчээ Европ тив рүү шилжүүлэн байршуулж эхэлсэн талаар өгүүлснийг eagle.mn тухайн үед нь мэдээлж байсан. Цэргийн хүчээ ОХУ руу ойртох тусам илүү нягтруулах энэ тактикийг тэд өмнө нь Хүйтэн дайны жилүүдэд хэрэгжүүлж байсан гэдгийг Михайл Попов ярилцлагадаа тодорхой өгүүлээд “ОХУ гараа хумхиж суухгүй” хэмээн онцлон тэмдэглэж байсан юм.