Дэлхий дахинд
Ширэнгэд суугаа даяанчийн саналыг авахын тулд Энэтхэгийн албаныхан олон километр зам туулжээ
Энэтхэгийн сонгуулийг зохион байгуулагчид өчигдөр ширэнгийн гүнд даяанчилж суугаа хүнээс саналыг нь авахын тулд 70 орчим километр зам туулжээ.
Гужарат муж дахь Гир дархан цаазат газарт байрлах сүмд 69 настай гэгээнтэн Бхаратдас Даршандас сүүлийн 20 орчим жил ганцаар бясалгаж суугаа юм. Түүний саналыг авахын тулд сонгуулийн хорооны дөрвөн албан тушаалтан, нэг цагдаагийн ажилтан саналын хайрцагтай зорьж очжээ.
Даяанчлах хугацаандаа 2002 оны сонгуулиас хойш алгасалгүй саналаа өгч байгаа Даршандас өчигдөр сүмээсээ километр орчим зайнд зөвхөн өөрт нь зориулж байгуулсан цэгт алхан ирж саналаа өгсөн байна.
Түүний суудаг Шива сүм нь 350 км.кв нутагтай дархан цаазат газрын гүнд байрладаг байна. Энэхүү тусгай хамгаалалттай газарт дэлхий дээр үлдсэн 600 тоо толгой Азийн арслан амьдардаг нь нэн ховор амьтанд тооцогддог.
Энэтхэг даяар байгуулсан сая орчим санал хураах цэгүүдэд 900 сая орчим сонгогч саналаа өгч байна. Зарим алслагдсан нутгийн иргэдээс саналыг нь авахын тулд албан хаагчид урт зам туулах тохиолдол бий. Гэхдээ ганцхан хүний саналыг авахын тулд алс хол аялах нь ховор тохиолдол юм.
Өргөн уудам газар нутгийг ганцаар эзлэн суугаа хүний саналыг авах нь тухайн бүсийн сонгуулийн ирцийг 100 хувь болгоход чухал үүрэгтэй тул ингэж анхаарал тавьдаг бололтой.
Дөрөвдүгээр сарын 11-нд эхэлсэн Энэтхэгийн парламентын сонгууль долоон үе шаттай хэрэгжиж тавдугаар сарын 19-нд дуусна. Сонгуулийн саналын хуудаснуудыг тавдугаар сарын 23-нд нэгтгэн тоолох ажээ.
Эх сурвалж: The Guardian