Дэлхий дахинд
Япончууд анх удаа 10 өдөр дараалан амрах гэж байна
Маргаашаас Япон улс даяар 10 өдөр үргэлжлэх бүх нийтийн амралт эхлэх гэж байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр бүх нийтийн амралтын дөрвөн өдөр дараалан таардаг тулд япончууд энэ үеийг “алтан долоо хоног” гэж нэрлэдэг.
Харин энэ жилийн хувьд шинэ эзэн хаан Нарухито сэнтийдээ залрах онцгой өдөр тохиосноор амралтын өдрийн тоо 10 хүрсэн нь орчин үеийн түүхэнд тохиолдоогүй урт амралт болж байгаа юм.
Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр одоогийн эзэн хаан Акихитогийн Хэйсэйн эрин өндөрлөж, тавдугаар сарын 1-нд шинэ эзэн хаан Нарухитогийн Рэйва эрин эхэлнэ.
Урт амралтын үеэр Японы дотоод аялал жуулчлалын урсгал идэвхжиж, 25 орчим сая хүн эх орныхоо өнцөг булан бүрт зорчих төлөвтэй байгааг JTB байгууллага тооцоолжээ. Мөн шинэ эриний эхлэлийг тэмдэглэх олон арга хэмжээнүүд зохион байгуулагдана.
Урт амралтын үеэр иргэдийн хэрэглээ, худалдан авалт нэмэгдэж, эдийн засагт өгөх үр ашиг нь 2.1 их наяд иен ($18.8 тэрбум) болно гэж Кансай их сургуулийн профессор Кацухико Миямото тооцоолжээ.
Гэхдээ хүн бүр урт амралтыг сайнаар харахгүй байна. Жишээ нь Японы хамгийн том авто үйлдвэрлэгч Тоёота бүх дэлгүүрээ ес хоногийн турш хаахаар болжээ.
Бас тус улсын 22 сая цагийн ажилтнууд цалин хөлсгүй болсноор эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэж мэргэжилтнүүд тооцоолсон байна.
Арван өдрийн амралт Японы эдийн засагт эерэг, эсвэл сөрөг нөлөө үзүүлэхийг урьдчилан дүгнэх хэцүү байгаа юм. Үүнд маш олон хүчин зүйл нөлөөлнө. Жишээ нь амралтын өдрүүдээр бороо хуртай байвал иргэдийн худалдан авалт, мөнгө зарцуулалт төсөөлж байгаагаас буурах боломжтой гэж зарим шинжээчид дүгнэжээ.