Эдийн засаг
Зургаагаас долоо руу, бас найм руу алхмааргүй байна

Вашингтонд болсон ОУВС-гийн хаврын уулзалтад оролцоод ирсэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дотоод болон гадаад эдийн засгийн төлөвийг эерэг байх нь гэсэн итгэлтэй байгаагаа илэрхийлж буй. Дэлхийн банк болоод Азийн хөгжлийн банк ч манай эдийн засгийг өсөлтөө хадгалан, тогтвортой байна гэсэн таамаглалыг дэвшүүлээд байна. Гэхдээ бодит эрсдлүүд байгаа гэдгийг ч сануулсаар байгаа. Эдийн засгийнхаа эрүүл саруул байдлыг урт хугацаанд хадгалахын тулд суурь шинжтэй арга хэмжээнүүдээ авах ёстойг анхааруулж байна. Тухайлбал, эдийн засагт том нөлөөтэй банкны салбартаа дорвитой алхмууд хийх ёстой гэж байгаа. Тэрчлэн ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд сүүлд хийгдсэн активын чанарын үнэлгээ нь Монголын банкны салбарт эргэлтийн цэг байсан гэж хэлж болохоор байгааг Дэлхийн банкны ахлах эдийн засагч Жан Паскаль Н.Нгану хэлсэн. Мөн тэрбээр Засгийн газар болон Төвбанкнаас EFF хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш эдийн засгийн сэргэлт хурдтай явагдсан нь банкны салбарт нэлээд эерэг нөлөө үзүүлсэн.
Мөн хууль эрх зүйн орчинд нэлээд дорвитой шинэчлэл хийгдсэн бөгөөд Банкны тухай болон Төвбанкны тухай хуулиуд засаглалын олон улсын стандартын дагуу шинэчлэгдээд байна. Гэвч сайжруулах шаардлагатай зүйлүүд байсаар байна. Тухайлбал, цөөн тооны банкуудын өөрийн хөрөнгө тийм ч хангалттай биш, банкны зохистой харьцааны үзүүлэлтийг чанд мөрдүүлэх асуудлууд, чанаргүй зээлийг бууруулах, сайн менежмент хийх асуудлуудыг сайтар анхаарах шаардлагатай гэж байр сууриа илэрхийлээд байна.
10 ЖИЛИЙН ӨМНӨ&ДАРАА БАХЬ БАЙДГААРАА…
Мөн ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер ч банк санхүүгийн салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх нь хөтөлбөрийн хүрээнд орж ирэх хүлээлттэй байгаа, дараа дараагийн санхүүжилтийг шийдвэрлэхэд гол алхам болно гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Тэгэхээр энэ бол манай дотоод дахь эрсдэл.
Тэгвэл гадаад орчинд ч эрсдэл хэвээрээ л байгаа. 2019 он дэлхийн эдийн засагт сорилтын жил байна гэсэн шинжээчдийн прогноз Вашингтоны хаврын уулзалтын үеэр зөөлөрсөн нь үнэн. Гэхдээ Хятад, Америкийн худалдааны дайны асуудал цэглэгдээгүй байгаа нь, тэргүүлэгч эдийн засгуудын эрэмбэд орох өөрчлөлт, геополитикийн асуудлууд гэхчлэн олон зүйлээс хамаарч дэлхийн эдийн засаг шинэ сорилтуудтай нүүр тулж болзошгүй. Ийм нөхцөлд манайд нөлөөлөл нь хэрхэн тусах вэ. Бид угтаж ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэгт анхаарах ёстой гэсэн сэрэмжээ хойш тавьж болохгүй. Хэдийгээр манай эдийн засаг хөрш Хятадаас хамааралтай ч, том зургаараа ДЭЛХИЙ-гээс хамаарна. Хятад том тоглогч мөн ч, өрсөлдөгч хийгээд хамтрагчгүй бол ганцаараа хаа хүрэх билээ. Тэгэхээр эдийн засгийн агуулгаараа бид хүссэн хүсээгүй ГУРАВДАГЧ ХӨРШ-үүдээс хамаарсан орчинд урагшлах уу, ухрах уу гэдгээ шийдэж ядсан дүр зурагтай байна. Багтаамжийн хувьд жижиг манай эдийн засаг уул уурхайн салбараас, тэр дундаа цөөн нэр төрлийн түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнээс хамааралтай тул ханшийн аливаа хөдөлгөөнийг гадаад худалдааны тэнцэл, төсвийн тэнцэл, төгрөгийн ханшийн өөрчлөлтөөр биеэрээ мэдэрдэг тогтолтой. Эдийн засгийн бүтцээ тэлж, орлогын эх үүсвэрээ нэмж чадсан тохиолдолд манай голлох үзүүлэлтүүд тогтворжих төлөвтэй. Гэвч манай улс 10 жилийн өмнөх тулгамдсан асуудлуудаа 10 жилийн дараа яг энэ өдөр ч ярьсан хэвээрээ л байна. 10 жилийн өмнө Олон улсын валютын сангийн хөтөлбөрт /ОУВС/ хамрагдаж, тэдний дохио зангаан дор алхаж байсан бол 10 жилийн дараа яг өнөөдөр ч ОУВС-гийн хөтөлбөрийг хөрсөн дээрээ буулгахаар алхаж буй. Цаг хугацааны хувьд 10 жилийн давтамжтай өрнөж буй улс төрийн угшил шийдвэр бүхий эдийн засгийн энэ үйл явцыг, ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэн 10 жилийн өмнөх нөхцөл байдлыг өнөөдрийн нөхцөл байдалтай харьцуулахад гарах зураглал анхаарал татна.
Тодотгоход, манай улс 1991 оноос хойш ОУВС-гийн хөтөлбөрт зургаа дахь удаагаа хамрагдаж буй.
- 1991-1992 онд “Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд 54 сая ам.доллар
- 1993-1996 онд ECF буюу хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 29.7 сая ам.доллар
- 1997-2000 онд ECF буюу хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 45 сая ам.доллар
- 2001-2005 онд ECF буюу хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 37 сая ам.доллар
- 2009-2010 онд “Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд 229.2 сая ам.долларын санхүүжилт тус тус авч байв.
Харин 2017 оноос 2020 оны эхний хагас хүртэл хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт авах тооцоолол бий. ОУВС-гаас үргэлж тавьдаг бүсээ чангалах шаардлага улс орны эдийн засагт үндэс углуургын хувьд нааштай үр дүн дагуулдаггүй, гал унтраах маягийн л арга хэрэгсэл гэж шүүмжлэгсэд бий. Онолд суурилсан тооцоолол нь хүндрэлээс гарах гэж амь тэмцэж буй улс орнуудын хөрсөн дээр буулгүй, илүү хүндрүүлдэг гэх шүүмж олон улсын түвшинд яригддаг. Гэвч эрх баригчид нь улс орноо бодолгүй, задарсан шийдвэрүүд удаа дараа гаргасны эцэст, дефольт зарлахдаа тулсан тэр үедээ ОУВС-гаас амь тариа гуйж, “эрхшээлд” нь орохоос өөр гарцгүй болдог тул, тэднийг үгүйсгэхээсээ өмнө дотоод дахь замбараагүй байдалдаа дүн шинжилгээ хийх хэрэгтэй юм.
“СТЭНД БАЙ” ХӨРСӨН ДЭЭР БУУСНЫ ДАРАА…
Эдийн засгийн өсөлт 8 жилийн өмнө буюу 2011 онд 17 хувьд хүрч үсрэнгүй амжилт гаргахаас өмнө 2009 онд амаргүй нөхцөл байдалтай нүүр тулж байснаа бид мартах учиргүй. Учиг шалтгааныг нь ухвал дотоод, гадаад аль аль хүчин зүйл нөлөөлж байв. Гадаад нөхцөл байдлыг харвал 2008 оны эхнээс холын Америкаас эхэлсэн санхүүгийн хямрал дэлхийн бусад эдийн засгуудыг хавсран, хямралыг бий болгож, салхи ширүүсч асан тэр үед Азийн цээжин дэх Монголд асуудал нүүрлэхгүй юм шиг аяглацгааж байлаа, бид. 2006 оноос 2008 он хүртэл дэлхийн зах зээл дээр зэс, алтны үнэ өсөхөд төсвийн орлого ч өсч, дагаад зарлагаа 600 гаруй тэрбумаар тэлж, хөөрч байлаа бид.
Бид энд тэгж бялуурч байхад тэнд Америк, Хятад тэргүүтнүүд эдийн засгийн өсөлтөө тэлэх чиглэлд төсвийн бодлогоо ухаалгаар залах арга замуудыг хэрэгжүүлж байв. Тэрчлэн дэлхийн эдийн засгийн хямралын онцгой үеийг бид энд мэдэхгүй, мэдрэхгүй мэт өнгөрөөсөн ч, 2009 он харин чангалсан гэхэд болно. Нөгөөх өсөөд байсан зэс, алтны ханш анхаарлын тэмдэг дагуулж, тэрбум тэрбумын орлого тасалдаж, гадаад худалдаа, төсвийн алдагдал өсч, эдийн засагт хямрал бүрэн тулсан юм.
2009 оны эхний улиралд эдийн засаг 4.2 хувиар, хоёрдугаар улиралд 1.3 хувиар уруудсан юм. Монголын эдийн засаг уналтад орсныг тухайн үеийн эрх баригчид хүлээн зөвшөөрч улмаар тэр жилийн наймдугаар сард ОУВС-тай хамтран, эдийн засгийн төлөв байдалд үнэлэлт, дүгнэлт хийж байв. Улмаар ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд зээлийн шугамууд нээгдэж, эхний ээлжинд 75 сая ам.доллар орж ирж, төгрөгийн ханшийн уналтыг сааруулж байсан түүхтэй.
“Стэнд бай” бол дампуурлын ирмэгт тулсан улс орнуудад олгодог зээлийн хөтөлбөр. Тэгэхээр 2009 онд бид ОУВС-гаас энэ хөтөлбөрийг авсан нь, эдийн засаг амаргүй байсныг гэрчилнэ. Яадаг ч байсан бид тэднээс тусламж авсан. Дэлхийн эдийн засаг ч эргэн сэргэсэн. Түүхий эдийн ханш ч өссөн. Тэгээд 2011 он гэхэд манай ДНБ 17 хувийн өсөлт үзүүлж байлаа.
ЭРСДЭЛ НЬ УЛС ТӨР
Хямарсан эдийн засаг руу хөрөнгийн урсгал дахин цутгаж асан 2011 оноос хойш таван жил өнгөрсний дараа дахиад л Монголын эдийн засагт харанга дэлдэв. Өдгөө хэрэгжиж буй ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр /ӨСХ/ хэрэгжиж дууссаны дараа Монголын эдийн засаг хэрхэх вэ? Хөтөлбөрийн дэмээр хөл дээрээ боссон эдийн засаг хэдэн жилийн мөчлөгтэйгөөр дахин уруудах вэ? гэсэн асуулт хүчинтэй хэвээрээ байна. Учир нь бид өнгөрсөн 28 жилийн хугацаанд 1-3 жилийн хугацаатай бүхэл бүтэн ЗУРГААН удаагийн хөтөлбөрт хамрагдаад байна. 2016 оны сонгуулийн дараа нам хүчнүүд байраа сэлгэж, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд ч өөрөөр яригдсан. Улмаар ОУВС-тай хамтран гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх ӨСХ-ийг 2017 оны тавдугаар сарын 24-ний өдөр баталсан билээ. Хөтөлбөрийн зургаа дахь үнэлгээг ОУВС-гийн зүгээс 2018 оны арваннэгдүгээр сард хийхдээ сайшаасан зүйл ч бий. Сануулж хэлсэн зөвлөгөөнүүд ч бий. Хөтөлбөрийн хүрээнд 2018 онд 850 сая ам.доллар орж ирэх хүлээлттэй байсан ч, 300 гаруй сая ам.доллар орж ирсэн гэдгийг Төв банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нэгдүгээр сард ярьсан. Тэгвэл хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банк, “Жайка”-гаас 2018 оны төгсгөлд 360 сая ам.долларын санхүүжилт манай улсад шилжиж орж ирэх байсан нь, 2020 он хүртэл хойшилсон гэдгийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын мөнгөний бодлого төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд хэлэв. Энэ 2019 онд орж ирэх ёстой санхүүжилт бол төлөвлөсний дагуу орж ирэх төлөвтэй байгаа аж. Манай тухайд хөтөлбөрийн хүрээнд өгсөн амлалтуудаа биелүүлж, төсвийн сахилга батыг сахиж байж санхүүжилт авах гарц шулуудах учиртай. Гэвч манай тал хүлээсэн үүргүүдийнхээ зарим нэгийг хугацаа хожимдуулсан зэрэгтэй холбоотойгоор хөтөлбөрийн мөнгө хойшлоод байгаа аж. Тэгэхээр ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх мөнгөний хэмжээ болоод манай улстөрчдийн шийдвэр уялдах ёстой болж байна. Анх хөтөлбөр тохирч байх үед яригдсан асуудлуудыг олон нийтийн зүгээс эсэргүүцсэнээр хэрэгжүүлээгүй асуудлууд бийг энд хэлэх хэрэгтэй.
ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакэр “Түүхий эдийн үнэ унаж, бодлогын алдаа гаргасны улмаас эдийн засаг зогсонги байдалд орж, гадаад валютын нөөц огцом багасан, өрийн асуудал хүндэрч эхэлсэн байсан. Засгийн газраас баталсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор 2017 онд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирсон. ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудаас олон улсын дэмжлэг, Хятад, Солонгос, Япон зэрэг улсуудаас хоёр талт дэмжлэгийг татан оролцуулж чадсан байна. Нийтдээ 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт бүрдүүлж чадсан бөгөөд Монгол Улсын ДНБ-тэй харьцуулбал ОУВС-гийн түүхэн дэх хамгийн том хөтөлбөрүүдийн нэг болж байна” гэсэн юм. Хөтөлбөрийн зорилгын талаар “Нэгт, нөхцөл байдлыг тогтворжуулж, өрийн дефолтоос зайлсхийх, Төсвийн тогтвортой байдлыг сэргээн тогтоох, Мөнгө, ханшийн зохистой бодлого хэрэгжүүлэх, Банкны системийг эрүүлжүүлж, бэхжүүлэх зорилготой. Хоёрт, урт хугацаанд тогтвортой өсөлтийг бий болгох суурийг бүрдүүлж, тэлэлт-агшилтын мөчлөгийг таслан зогсоох зорилготой. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц өнөөг хүртэл сайн байлаа. Нүүрс, зэсийн гадаад эрэлт өндөр байсны ачаар эдийн засгийн өсөлт 6 гаруй хувьд хүрч сэргэсэн. Гадаад валютын нийт нөөц 3 тэрбум ам. долларыг давж, өрийн хэмжээ ДНБ-ий 75 хувь болж багассан. Төсвийн тэнцэл ДНБ-ий 17 хувьтай тэнцэж байсныг “тэг” тэнцэл рүү дөхүүлж бууруулсан. Засгийн газрын гадаад бондын хүүгийн түвшин бараг хоёр дахин багасч, валютын ханш тогтворжсон” гэсэн. Гэхдээ эрсдэлүүд байгааг тэрбээр сануулсан. Тухайлбал, Эдийн засгийн өсөлт ихэнхдээ гадаад хүчин зүйлээр тодорхойлогдсон бөгөөд эдгээр хүчин зүйлс хэзээ ч өөрчлөгдөж магадгүй. Өөрөөр хэлбэл түүхий эдийн эрэлт, үнэ ханш унаж болзошгүй. Төсвийн алдагдлыг амжилттай багасгаж чадсан боловч, зарлагыг өсгөх дарамт нэмэгдэж байна. Банкны зээл, нэн ялангуяа өрхийн зээл хурдацтай өсч байна. Үр дүнд нь импорт нэмэгдэж, улмаар гадаад валютын нөөц хуримтлагдахгүй болж, Засгийн газрын өрийн түвшин өндөр хэвээр байна. Эдийн засгийн бодлогуудыг зохистой хэмжээнд хатуу байлгаж, уялдаа холбоог хангах хэрэгтэй. 2019 оны нэгдсэн төсөв, нэн ялангуяа зардлыг хянах тал дээр зөв чиглэлд явж байна. Монголбанк инфляцийн өөрчлөлт, санхүүгийн салбарын эрсдэлээс анхаарлаа салгалгүй байж, бодлогын зохих арга хэмжээг авах хэрэгтэй. Жишээ нь, макро зохистой бодлогыг нэвтрүүлэх хэрэгтэй гэж зөвлөөд байгаа юм. Цаашид хөтөлбөр үр дүнтэй хэрэгжихэд улс төрийн бодлого тогтвортой байх нь чухал гэсэн зөвлөмжийг ОУВС-гаас өгч байгаа. Эдийн засаг унаж, өсөх цикл зах зээлийн жам ёсны үйл явц хэдий ч, манай тухайд 28 жилийн дотор ОУВС-гийн хөтөлбөрт хоёр биш, гурав биш бүр зургаан удаа хамрагдсаны учиг шалтгаан нь нам хүчний эрх мэдлийг бататгах гэсэн поп шийдвэрүүд тогтмол гарч байсантай холбогдоно. Унасан ч зөөлөн газардах суурь сайтай эдийн засгийг цогцлоохын тулд судалгаа, нотолгоонд суурилсан бүтцийн чанартай өөрчлөлтүүд манайд үгүйлэгдэж байна.

Эдийн засаг
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.
Үүнд:
• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮
• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
-
Нийгэм15 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм17 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм16 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм16 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр17 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм16 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр15 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр