Бусад
“Зүүнбаян-Сайншандын төмөр замаар эцсийн бүтээгдэхүүн экспортолно”

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани энэ оны эхний улирлын үйл ажиллагааны талаар өнөөдөр /2019.4.29/ мэдээлэл хийлээ.
Тус компани эхний улиралд 4.2 сая тонн нүүрс олборлож, 2.4 сая тонн нүүрс экспортолсон байна. Мөн борлуулалтын орлого 741 тэрбум төгрөгт хүрч, улсын төсөвт 193.5 тэрбум төгрөг төвлөрүүлж, 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Харин 2018 оны жилийн эцэст 11 сая тонн нүүрс олборлож, 13 сая тонн нүүрс экспортлон, 1.99 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 807.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай байжээ. Мөн улсын төсөвт 478.8 тэрбум төгрөг төвлөрүүлж, улсын эдийн засагт 1.16 их наяд төгрөгийн хувь нэмэр оруулж, Дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувийг дангаараа бүрдүүлжээ.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2018 оны цэвэр ашгаар дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүд, тухайлбал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Конвейрийн систем, Хими технологийн үйлдвэр, Цахилгаан станц зэрэг төслүүдийн анхны хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.
Томоохон төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхтэй холбоотойгоор компани төсөвтөө тодотгол хийж, оффисын барилга, автомашин, компьютер тоног төхөөрөмж худалдан авах зэрэг хөрөнгө оруулалтын зардлуудаа 400 гаруй тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэрийг гаргасан байна.
Түүнчлэн УИХ, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу олон улсад IPO гаргах бэлтгэл эрчимтэй хийж байгаа бөгөөд Тендерийн хуультай холбоотойгоор олон улсын зөвлөх шалгаруулж авах зарим ажил түр хойшлогдсон ч мэдээллийн нэгдсэн бааз үүсгэх, бичиг баримт боловсруулалт, гүйцэтгэлийн бусад ажлууд өндөр хувьтай байгаа ажээ.
Тодруулбал, компьютер тоног төхөөрөмж авах төлөвлөгөөнөөс 4.5 тэрбум, машин тоног, төхөөрөмжид зарцуулахаас 78.2 тэрбум, IPO зөвлөх үйлчилгээний төсвөөс 232.9 тэрбум, барилга байгууламжид зарцуулах мөнгөнөөс 47.5 тэрбум төгрөг, программ хангамжаас 34.4 тэрбум төгрөг танажээ.
Мөн одоогоор тус компани жилд 15 сая тонн нүүрс олборлож байгаа бөгөөд үүнийг 35 сая тоннд хүргэх аж. Мөн нүүрс боловсруулах үйлдвэрээс гарах бүтээгдэхүүнийг 30 сая тоннд хүргэх юм байна.
Ингэж томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр дөрвөн жилийн дотор компанийн борлуулалтын орлого 2.1 тэрбум ам.доллар хүрч, компанийн цэвэр ашиг 957 сая ам.доллар, 564 сая ам.долларын татварыг улсад, ногдол ашигт 800 сая ам.доллар төвлөрүүлэх юм байна. Мөн үүнийг дагалдаад 200-300 мянган ажлын байр бий болох аж. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой”-г түшиглэсэн Эрдэнэт шиг суурьшлын бүс байгуулах ажлыг 2019 онд эхлүүлнэ, мөн энэ онд компанийн 30 хувийг IPO хэлбэрээр олон улсын зах зээлд гаргана гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал онцоллоо.
Б.Ганхуяг: Зүүнбаян-Сайншандын төмөр замаар эцсийн бүтээгдэхүүн экспортолно
Хурлын үеэр сэтгүүлчид “Эрдэнэс Тавантогой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас дараах асуултад хариулт авлаа.
-Хувьцааг ногдол ашиг болгон тараалгүйгээр төмөр зам барих зэрэг томоохон ажилд зарцуулж болох уу?
-ТУЗ-өөс шийдвэр гаргаж, 2018 онд ногдол ашиг хуваарилалгүйгээр цэвэр ашгийг дэд бүтцийн томоохон хөтөлбөрт зарцуулахаар болсон. Үүнд Тавантолгой-Гашуун сухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам багтаж байгаа. Монгол Улс нүүрсээ түүхийгээр нь экспортлох бус эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортлох зорилго тавьсан. Бид Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замаар эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилго тавьсан. Энд усны асуудал хүнд байдаг тул кокс, химийн үйлдвэр байгуулах шаардлагатай. Коксын үйлдвэрээр дамжуулж жилд 10 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах юм. Ингэснээр нүүрснээс олж буй орлого 4-4.5 дахин өсөх боломжтой.
-Энэ онд Эрдэнэт шиг хот байгуулна гэж байна. Хот байгуулахад хэр хэмжээний өртөг зарцуулах вэ?
-Тавантолгойн бүлэг ордыг хөгжүүлэх ТЭЗҮ-г 1983-1985 онд ОХУ-ын институт боловсруулсан байсан. Уг ТЭЗҮ-гээр 50 мянган хүн амд зориулсан хот байгуулах төлөвлөгөө бий. Гэхдээ одоогийн шинэчилсэн ТЭЗҮ-гээр 100 мянган хүн амын суурьшлын бүс болгохоор болсон. Учир нь, зөвхөн Цогтцэций сум гэхэд 20 мянган хүнтэй, төмөр зам, цахилгаан станц гээд зэрэг байгууламжид ажиллах хүн нь 15 мянгаас 21 мянгад хүрч байгаа. Үүнийг тооцвол 100 мянган хүнтэй суурьшлын бүс байх шаардлага тулгарч байгаа.
-Байр зэрэг тансаг хэрэглээнд зарцуулах хөрөнгөө танасан юм байна. Харин маркетингт 300 тэрбум төгрөг заруулах гэж байна гэсэн мэдээлэл тарсан. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Манай компанийн байрлаж буй байр нь түрээсийнх. Түрээсэнд 6.8 тэрбум төгрөг зарцуулаад байна. Аливаа орны стратегийн компани А бүсэд маш том байртай байдаг. 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй “Эрдэнэс Тавантолгой” компани түрээсийн байранд байна гэдэг нь байж боломгүй зүйл. Өөрийн байртай болохыг тансаг хэрэглээ гэж ойлгож болохгүй. Мөн 302 тэрбум төгрөг борлуулалт маркетингт зарцуулахаар болсон гэж яригдаж байгаа. Энэ нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр шүү. Үүнийг татвар гээд ойлгочих. Түүнээс биш маркетингт зарцуулж байгаа зүйл биш.
-Ирэх сараас эхлэн хотод түүхий нүүрс оруулж ирэхийг хориглож, оронд нь сайжруулсан түлш оруулахаар болсон. Сайжруулсан түлшний хэрэглээг бүрэн хангаж чадах уу?
-Компани нийгмийн хариуцлагын хүрээнд “Тавантолгойн түлш” компанийг санхүүжүүлж, үйл ажиллагааг нь дэмжиж байгаа. Анх жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэхээр төлөвлөж байсан ч эрсдэлийг тооцоод 800 мянган тонн түлш үйлдвэрлэхээр ажиллаж байгаа. Одоогоор Тавантолгойгоос нүүрсийг зөөж байгаа ч тавдугаар сарын 15-наас эхлэн сайжруулсан түлшийг Улаанбаатарт нийлүүлэх юм. Энэ ажил төлөвлөгөөний дагуу 90 орчим хувьтай яваа. Утаагүй түлш буюу сайжруулсан түлш нийлүүлснээр 2019-2020 онд Улаанбаатар хотын утаа 50-60 хувь багасна. Өмнөх түлштэй харьцуулах зүйл байхгүй. Тавантолгойн нүүрс нь маш өндөр зэрэглэлийн коксжих чанартай нүүрс. Утаа маш бага гардаг. Сайжруулсан түлшний эхний 10-15 минутад л бага зэргийн утаа гарна. Хүний биед хоргүй гэдгийг 24 шинжилгээгээр БНСУ, БНХАУ, японы эрдэмтэд тогтоосон байсан.
-Иргэдэд хэзээ 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг олгох вэ?
-Ногдол ашиг нь ТУЗ-ийн шийдвэрлэх асуудал буюу 85 хувийг эзэмшиж байгаа хүмүүсийн шийдвэрлэх асуудал. Иргэдээс санал асуулга явуулахад ногдол ашгийг энэ жил хуваарилалгүйгээр бүтээн байгуулалтад зарцуулах нь зүйтэй гэж үзсэн.
-Энэ жил ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?
-2019 онд борлуулалтаар 2.1 их наяд төгрөг, улсын төсөвт 516 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэгтэй. Үүнээс 193 тэрбумыг нь төвлөрүүлээд байна. ТЭЗҮ-ийн хувьд 2019 онд нүүрс баяжуулах үйлдвэр, төмөр зам, авто замд хөрөнгө оруулалтаа хийгээд эхэлсэн. Энэ ажил нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ 20 сая байсныг 30 сая болгосон. Энэ онд ТЭЗҮ-г шинэчлэх ажил орсон байгаа. Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд 700 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замд 7.7 тэрбум төгрөгийг эхний ээлжид зарцуулна. Үүнд ТЭЗҮ-г шинэчлэх ажил багтаж байгаа. Одоогоор ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Зүүнбаянгийн төмөр зам дээр ТЭЗҮ-гийн гурван үндэслэл байгаа. Монголын төмөр зам компани ажлыг нь хариуцан үргэлжлүүлэх юм.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм15 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм17 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм16 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм16 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр17 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм16 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр15 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр