Дэлхий дахинд
Британийн Ерөнхий сайд Хуавэй компанийн тухай нууц мэдээллийг задруулсан сайдаа огцруулав
Британийн Ерөнхий сайд Тереза Мэй өчигдөр батлан хамгаалахын сайд Гэвин Уилльямсоныг засгийн газрын нууц төлөвлөгөөг задруулсан шалтгаанаар огцруулсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Их Британи улс 5G технологид шилжихдээ Хятадын Хуавэй компаниас “үндсэн бус” тоног төхөөрөмжүүдийг авч ашиглахыг зөвшөөрөх гэж байгаа тухай мэдээ хэвлэлүүдээр тарсан юм.
Уг төлөвлөгөөг мэдээлэл тарахын өмнөхөн Британийн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хаалттай хуралдаан дээр хэлэлцсэн байжээ.
Нууц мэдээлэл хэрхэн хэвлэлийнхэнд хүрснийг мөрдөн шалгаад ерөнхий сайд Тереза Мэй гол буруутнаар батлан хамгаалахын сайдаа тодруулсан байна.
Уилльямсонд бичсэн захидалдаа Мэй “асуудлыг илэн далангүй хэлэлцэж, шийдвэр гаргахад сайд нартаа итгэх итгэл чухал” гээд итгэл даалгүй мэдээлэл задруулсан өөрийг нь буруутгажээ.
Харин Уилльямсон өөрийг нь мэдээлэл задруулсанд буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хариу мэдэгдсэн байна.
5G технологийн дэлхийн хамгийн том нийлүүлэгч болоод байгаа Хятадын Хуавэй компанийг тойрсон маргаан АНУ тэргүүтэй өрнөдийн орнуудын дунд үргэлжилсээр байна.
Вашингтон ирээдүйн технологийн дэд бүтэцдээ Хуавэй компанийн тоног төхөөрөмжийг ашигласан холбоотон улс орнуудтай тагнуулын мэдээлэл хуваалцахаа зогсооно гэж сүрдүүлээд байгаа.
АНУ-ын эрх баригчид Хуавэйг бүтээгдэхүүндээ тагнуулын систем нэвтрүүлж, Хятадын засгийн газарт ашиглуулдаг хэмээн сэжиглэдэг юм.
Эх сурвалж: Engadget