Дэлхий дахинд
Ким Жон Уны ахын амийг бүрэлгэсэн хүмүүс бүгд суллагдлаа
Хоёр жил орчмын өмнө Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Нам Малайзийн нийслэл Куала Лумпурын олон улсын нисэх буудалд амиа алдсан билээ.
Түүнийг химийн бодисоор хордуулсан хоёр эмэгтэйг баривчлан шалгаж байсан юм. Тэдний нэг болох Индонезийн иргэн Сити Айсиаг өнгөрсөн гуравдугаар сард гэм буруугүй гэж үзэн эх оронд нь буцаасан.
Тэгвэл үлдсэн нэг эмэгтэй болох Вьетнамын иргэн Доан Тхи Хуонгийг өнөөдөр өглөө суллан эх оронд нь буцаахаар болсныг өмгөөлөгч нь мэдээлжээ.
Дээрх хоёр эмэгтэй аллага үйлдэж байгаагаа мэдээгүй, телевизийн хөгжөөнт шоунд оролцож байна гэж бодсон хэмээн мэдүүлж байв. Тэднийг Умард Солонгосын тагнуулуудад хууртагдсан гэж өмгөөлөгчид нь тайлбарлаж байлаа. Умард Солонгосын тал Ким Жон Намын аллагад хамаагүй гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа. Харин АНУ, Өмнөд Солонгос, Малайзийн эрх баригчид түүний аллагыг Пёньянаас гүйцэтгэсэн хэмээн сэжиглэж байв.
Ким Жон Нам олон жилийн өмнө эцэг Ким Жон Илийнхээ залгамжлагч болно гэгдэж байсан ч сүүлд удирдагч эцгийнхээ итгэлийг алдсан тул гадуурхагдах болсон гэдэг.
Тэрээр Макаод цагаачлан амьдарч байхдаа Пёньяны дэглэмийг шүүмжилсэн мэдэгдэл үе үе хийдэг байв.
Ким Жон Намын аллагын дараа Умард Солонгосын дөрвөн иргэн Малайзаас явсныг хил гаалийн бичиг баримт баталдаг. Гэхдээ тэднийг одоо болтол олоогүй байгаа. Харин Айсиа, Хуон нарыг аллагын маргааш нь баривчилсан юм.
Малайзийн тал гэнэт байр сууриа өөрчлөн хоёр сэжигтнийг сулласан нь анхаарал татаж байна. Ким Жон Намын аллага өмнөх ерөнхий сайд Нажиб Разакын үед гарсан. Харин өнгөрсөн оны тавдугаар сард түүний нам ялагдаж, сөрөг хүчний удирдагч Махатхир Мохамад ерөнхий сайд болсон.
Тиймээс Малайзийн улс төрд гарсан өөрчлөлт шийдвэрт нөлөөлсөн байх магадлалтай.
Мөн уг аллага 2017 оны хоёрдугаар сард буюу Умард Солонгосын зэвсэглэлээр хөөцөлдөх явдал оргилдоо хүрсэн үед гарсан. Харин 2018 оны эхнээс Ким Жон Ун бодлогодоо эргэлт хийж, яриа хэлэлцээрийн замд орсон юм.
Дэлхий нийт Умард Солонгосын шинэчлэлийн бодлогод илүү анхаарал хандуулж, Ким Жон Намын аллага төдийлөн анхаарал татахаа больсон нь үүнд нөлөөлсөн байж магадгүйг ажиглагчид хэлж байна.
Ямартай ч Ким Жон Намын үхэл тайлагдашгүй нууц болон түүхэнд үлдэх магадлалтай боллоо.
Эх сурвалж: CNN