Дэлхий дахинд
Цөмийн зэвсэг умардуудыг хамгаалж, бас чөдөрлөж байна
БНАСАУ хэсэг хугацааны турш намжмал байдал байж байгаад энэ сард тавхан хоногийн зайтай хоёр удаа ойрын зайн пуужин туршсан. Энэ бол мэдээж тэдэнтэй зөвшилцөж чадахгүй байгаа АНУ-д цочроо өгч буй үйлдэл. Умардуудын энэхүү өдөөн хатгасан үйлдэл нь сүүлийн жилүүдэд ихэд нааштай байсан бусад улс орнуудтай харицлах дипломат харилцаанд сэв суулгаж, бүх итгэл найдварыг үгүй хийж, өөрсдийгөө энэ дэлхий ертөнцөөс улам тусгаарлаж байна.
Ийм үйлдэл цааш үргэлжилсээр байх нь өөрийгөө шийтгэж буйгаас ялгаа байхгүй.
АНУ-ын Батлан хамгаалах яамнаас БНАСАУ тавдугаар сарын 9-ний өдөр ойрын зайн тусгалт баллистик пуужин туршлаа гэж мэдээлсэн. Уг пуужингийн туршилтад дүн шинжилгээ хийсний эцэст энэхүү туршилт нь АНУ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэртэй илт зөрчилдөж байна хэмээн буруушаасан. Үүнээс ердөө тавхан хоногийн өмнө буюу тавдугаар сарын 4-ний өдөр мөн л ойрын зайн баллистик пуужин туршс ан бөгөөд АНУ, БНСУ, Япон тэргүүтэй бусад олон улсын хамтын нийгэмлэгүүд умардуудад анхааруулга өгсөн юм.
Пёньян 18 сарын турш пуужингийн туршилтаас татгалзсаны эцэст сая хоёр удаа ийнхүү пуужин харвасан нь өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж эдийн засгийн хоригийг цуцлуулах оролдлого нь бүтэлгүйтсэнд хилэгнэсэн хэрэг. АНУ-д шууд халдахгүй ч тэдэнд өөрсдийн хүчийг дахин сануулах зорилготой байсан.
Умард Солонгос хөрш орнуудтайгаа дипломат харилцаагаа өргөжүүлэн, шинэчилж байгаа ч өөрийгөө зөвтгөх үзлээ хаяж чадахгүй хэвээр байна. Хэлэлцээг урагшлуулахын тулд өдөөн хатгасан үйлдэл хийнэ гэдэг бол нуран унасан эдийн засгаа сэргээх, олон улсын хориг арга хэмжээнүүдээс чөлөөлөгдөх зорилгодоо саад тотгор нэмсээр байна гэсэн үг.
БНАСАУ-ыг шинэ зэвсэг туршлаа гэх мэдээллийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улсынхаа ирээдүйг харлуулах үйлдэл хийхгүй байхыг Ким Жон Унд сануулж, түүний үйлдэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ тэрбээр Ким Жон Унд итгэл алдраагүй хэвээр байгаагаа мэдэгдсэн.
Сүүлийн үед АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын харилцаа урьд өмнө нь байгаагүй дээд түвшинд хүрч, хоёр ч удаа нүүр тулан уулзсан. Гэвч тэд зөвшилцөлд хүрээгүй бөгөөд хэн хэнийхээ алтан боломжийг алдлаа хэмээн буруутгаад буй. АНУ-ын талаас Умардуудыг цөмийн зэвсгээсээ бүрэн татгалзаж, бүх цөмийн реакторуудаа устгах шаардлага тавьсан. Харин БНАСАУ-ын талаас эдийн засгийн хоригуудаа цуцлуулахыг хүссэн.
БНАСАУ сүүлийн 10 жил олон улсын хориг арга хэмжээний бай болж, эдийн засаг нь доройтож, ард иргэд нь хүнсний дутагдалтай амьдарч байгаа. Энэ хүнд байдлаас гарах цорын ганц арга зам бол цөмийн зэвсгээсээ татгалзах гэдгийг Пёньян ойлгох хэрэгтэй. Гэхдээ зарим шинжээчдийн үзэж байгаагаар Пёньяныг гадны нөлөөнөөс хамгаалж буй, аюулгүй байдлын баталгаа болсон цорын ганц зүйл бол цөмийн зэвсэг нь болж байна. Ямартаа ч умардуудыг цөмийн зэвсэг нэг талаараа хамгаалж буй боловч нөгөө талаараа чөдөрлөж байна.
Эх сурвалж: Asahi shimbun