Дэлхий дахинд
Хүүхдээ их сургуульд авлигаар элсүүлсэн Холливүүдийн жүжигчин эмэгтэй хорих ял сонслоо
Даваа гарагт АНУ-ын Бостон хотын шүүх “Desperate Housewives” киноны од Фелисити Хаффманыг 2017 онд хүүхдээ их сургуульд авлигаар элсүүлснийг тогтоож, зохих ял шийтгэл оноожээ.
Тэрээр зуучлагчид $15,000 төлж, том охиныхоо элсэлтийн шалгалтын оноог нууцаар засуулсанд буруутгагдсан юм. Прокурорууд Хаффманы гэмт үйлдэлд дөрвөн сар шоронд хорих, $20,000-ын торгууль төлүүлэх шийтгэл оноожээ.
Өнгөрсөн гуравдугаар сард АНУ-д нэр хүндтэй их сургуулиудад элсүүлэхэд зуучилдаг авлигын нууц схем илэрсэн юм. Уг дуулианд нийт 50 хүн нэр холбогдоод байгаагийн нэг нь Фелисити Хаффман болж байна.
Чинээлэг эцэг эхчүүдээс авлига авч хүүхдийг нь Йел, Жоржтаун, Стэнфордын зэрэг нэр хүндтэй их сургуулиудад элсүүлдэг сангийн тэргүүн Уилльям Сингер өнгөрсөн гуравдугаар сард баривчлагдаж, хуулийнхантай хамтарч ажиллахыг зөвшөөрснөөр хэргүүд илэрч эхэлсэн юм.
Хаффманы том охин Софиа элсэлтийн шалгалтын 1600 онооноос 1420 оноо авч чадсан нь шалгалтын хариуг засварласны үр дүн байжээ. Жилийн өмнө тэр элсэлтийн шалгалтад үүнээсээ 400-аар бага оноо авч байсан гэнэ.
Жүжигчин эмэгтэй бага охиноо сургуульд элсүүлэхийн тулд мөн ийм арга хэрэглэх гэж байснаа больсон байна.
Хаффманы хоригдох хугацаа есдүгээр сарын 13-нд эхлэхээр болжээ.
Өнгөрсөн сард Нэтфликс компани Хаффманы тоглосон “Otherhood” киноны нээлтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Уг нь энэхүү бүтээл дөрөвдүгээр сарын 26-нд Нэтфликсийн сүлжээгээр цацагдаж эхлэх байв.
Гэхдээ Хаффманы авлигад төлсөн мөнгө харьцангуй багад тооцогдож байна.
Холливүүдийн өөр нэг жүжигчин Лори Лафлин нөхрийн хамт хоёр охиноо Өмнөд Калифорнийн их сургуульд элсүүлэхийн тулд $500,000-ыг төлсөн нь илэрсэн юм. Тэд охидоо спортын багийн гишүүн болгон хуурамчаар бүртгүүлж, тусгай нөхцлөөр сургуульд элсүүлэх арга заль хэрэглэхдээ мөн Уилльям Сингерийн сангаар зуучлуулсан байна.
Эх сурвалж: BBC