Дэлхий дахинд
Их Британийн баячуудын жагсаалтад гурван орос хүн багтжээ
Их Британийн Times сонинд нийтэлснээр тус улсын тэргүүн баячуудын жагсаалтад Оросын харьяат гурван хүн багтсан байна. Тухайлбал, Роман Абрамович, Алишер Усманов, Михаил Фридман нар багтжээ.
Алишер Усманов өнгөрсөн жил энэ жагсаалтад 8-р байрт байсан бөгөөд энэ жил ч энэ байраа хадгалсан байна. Түүний хөрөнгө энэ жил 11,33 тэрбум фунт стерлингээр (14,72 тэрбум ам. доллар) өнгөрсөн оныхоос 783 саяар илүү байгаа юм. Алишер Усманов нь USM Holdings-ийн гол хувьцаа эзэмшигч бөгөөд энэ холдинг нь “Металлоинвест”, “Мегафон” компаниудын дийлэнх хувьцааг эзэмшиж, Mail.Ru Group-т тодорхой хувьтай.
Роман Абрамовичийн хувьд өнгөрсөн жилтэй харьцуулахад дөрвөн байраар урагшилж 9-р байрт багтсан байна. Түүний хөрөнгө өнгөрсөн 2018 онд 1,8 тэрбум фунт стерлингээр арвижиж, 11,22 тэрбумд (14,58 тэрбум ам.доллар) хүрсэн байна. Роман Абрамович нь хөлбөмбөгийн “Челси” клубийг эзэмшихээс гадна Киприйн Lanebrook компанийн 62,74 хувийг эзэмшдэг. Lanebrook нь металлург болоод уул уурхайн олборлолтын Evraz холдингийн ихэнх хувьцааг эзэмшдэг.
“Альфа-групп”-ийг хамтран эзэмшигч Михаил Фридман анх удаа энэ жагсаалтад багтлаа. Тэр 10-р байрт жагссан байна. Түүний хөрөнгийг 10,9 тэрбум фунт стерлинг (14,17 тэрбум ам.доллар) гэж үнэлсэн байна.
Жагсаалтыг Энэтхэгийн бизнесмен Шри Хиндуя, Гопи Хиндуя нар тэргүүллээ. Тэд хамтаар Hinduja Group-ийг эзэмшдэг бөгөөд хөрөнгө нь 22 тэрбум фунт стерлингээр (28,6 тэрбум ам.доллар) үнэлэгджээ. Өнгөрсөн жил тэд жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ