Дэлхий дахинд
Владимир Путин: Орос-Америкийн харилцааг сэргээх цаг нь болсон
Өчигдөр буюу Мягмар гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеог Сочи хотод хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Путин “Хэдхэн өдрийн өмнө надад АНУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярилцах таатай боломж гарсныг та мэдэж байгаа. Энэ үеэр танай ерөнхийлөгч Орос-Америкийн харилцааг сэргээж, нэгдмэл ашиг сонирхол бүхий асуудлуудыг хамтдаа шийдвэрлэх хүсэл эрмэлзлэлтэй байгаа нь надад мэдрэгдсэн” хэмээн Помпеод хэлжээ.
“Манай тал ч бас харилцаа, хамтын ажиллагаагаа сэргээх хүсэлтэй байгааг нэг биш удаа илэрхийлж байсан. Одоо ингэх нөхцөл нь бүрдсэн гэдэгт бид итгэлтэй байна” гэж тэр нэмж хэлсэн юм.
Дональд Трампын ялсан 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Кремлийн зүгээс нөлөөлсөн эсэхийг шалгасан тусгай төлөөлөгч Роберт Маллерын дүгнэлт гарсныг Путин “Орос-Америкийн харилцаа сэргэх нөхцөл” гэж тодорхойлсон байна.
Путин уулзалтын үеэр ОХУ хэзээ ч АНУ-ын улс төрийн сонгуульд нөлөөлөх ажиллагаа явуулж байгаагүйг Помпеод батлан хэлжээ. Өчигдөр өглөө ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахдаа Помпео “2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Оросын талаас нөлөөлөх гэж оролдохгүй байхыг анхааруулж” байсан юм.
Майк Помпео хоёр орны хооронд нэгдсэн ашиг сонирхол бүхий асуудлууд байгааг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг шийдэхийн тулд бүтээлчээр хамтран ажиллах хүсэлтэйгээ хариу илэрхийлжээ.
Владимир Путин өчигдөр Помпеотой уулзахаар Сочиг зорих замдаа Астраханьд саатаж, тус улсын армид нэвтэрсэн цоо шинэ зэвсэг, техниктэй танилцсан байна.
Тэрээр дуунаас хурдан Кинжал пуужинг МиГ-31 сөнөөгч онгоцонд суурилуулсныг үзэж сонирхжээ. ОХУ нь дуунаас хурдан зэвсгээр дэлхийд тэргүүлэгч болсноо зарлаад удаагүй байгаа.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ерөнхийлөгч Астраханьд саатсан явдлыг Майк Помпеотой уулзахаасаа өмнө АНУ-д дохио өгөх зорилго агуулаагүйг батлан хэлсэн юм.