Дэлхий дахинд
Дональд Трамп АНУ-ын мэдээллийн технологийн салбарт онц байдал зарлалаа
Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп улсынхаа мэдээллийн технологийн салбарт онц байдал зарлах захирамж гаргалаа.
Ингэснээр үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа нь тогтоогдсон гадаадын үйлдвэрлэгчдээс АНУ-ын зах зээлд тоног төхөөрөмж нийлүүлэхийг бүрэн хориглох эрх зүйн боломж нээгдэж байгаа юм.
Трампын захирамжид тодорхой нэг компанийн нэр дурдаагүй байна.
Гэхдээ энэ шийдвэр Хятадын харилцаа холбоо, мэдээллийн технологийн Хуавэй компанийг “хар жагсаалт”-д оруулах зорилготой нь тодорхой байгаа юм.
АНУ тэргүүтэй дэлхийн хэд хэдэн улс орон Бээжингийн эрх баригчдын заавраар тагнуулын ажиллагаа явуулдаг байж болзошгүй гэсэн шалтгаанаар тус компанийн бараа бүтээгдэхүүнд эргэлзэх болсон. Харин Хуавэй компанийн удирдлага уг сэжгийг байнга няцааж байгаа.
Трампын захирамжийн агуулга нь “Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэд бүтэц, үйлчилгээнд зориудаар тагнах боломж үүсгэн ашигладаг гадаадын дайсагнагч этгээдүүдээс Америкийг хамгаалах зорилготой” гэж Цагаан ордон мэдээлжээ.
Үр дүнд нь АНУ-ын худалдааны яам үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж буй гэж үзсэн гадаадын компаниудын бараа бүтээгдэхүүнийг хориглох хууль ёсны эрхтэй болж байна.
Өмнө нь Вашингтоны засаг захиргаа төрийн байгууллагуудын дэд бүтцэд Хуавэйн тоног төхөөрөмж ашиглахыг хориглоод байгаа бөгөөд өөрийн холбоотон улс орнуудад ч мөн хориглохыг уриалдаг.
Ингэсний үр дүнд Австрали, Шинэ Зеланд улсууд үндэсний сүлжээндээ 5G технологийг нэвтрүүлэхэд Хуавэйг оролцуулахгүй байх шийдвэр гаргасан юм.
Трампын энэ алхам хэдийнээ хурцдаад байгаа Америк-Хятадын худалдааны дайны галыг улам хөөрөгдөж байна. Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын засгийн газар Хятадын $200 тэрбумын дүнтэй бараа бүтээгдэхүүний импортын татварыг нэмсэн бол гурав хоногийн дараа Хятадын засгийн газар хариу арга хэмжээд аваад байгаа.
Дональд Трамп, Ши Жиньпин нар ирэх сард Японы Осакад болох Их 20-ын чуулганы үеэр уулзах төлөвтэй байна. Энэ уулзалтаас хоёр их гүрний худалдааны зөрчил маргааныг шийдвэрлэх чухал алхам хийгдэнэ гэсэн хүлээлт үүсээд байгаа юм.
Эх сурвалж: BBC